2022.03.16
Боловсролын салбарт шинэ төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх саналыг Азийн хөгжлийн банкинд тавилаа
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан АХБ-ны Зүүн Азийн бүсийн захирал Тэреза Ког хүлээн авч уулзан боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Монгол Улсад Азийн Хөгжлийн Банк 1991 оноос үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд энэ хугацаанд нийт 3.73 тэрбум ам долларын өртөг бүхий 432 төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн байна. Үүнээс боловсролын салбарт 2022 он хүртэл (7 зээл, 7 буцалтгүй тусламж, 20 техникийн туслалцаа) 185.28 сая ам долларын санхүүжилтийг хийжээ. Уулзалтаар дээрх төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд АХБ-ны үзүүлж байгаа туслалцаа, дэмжлэгт талархал илэрхийлээд, 2022-2024 онуудад 2 төрлийн төслийг хамтран хэрэгжүүлэхийг хүслээ.
Үүнд:
- - “Боловсролын салбарт гүйцэтгэл, үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоог нэвтрүүлэх” төсөл
- - “Улаанбаатар хотын Хөшигтийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлыг даган баригдахаар төлөвлөгдөж буй дагуул хотод 5’000 оюутны багтаамж бүхий их, дээд сургуулийн хотхон, дижитал их сургуулийг хөгжүүлэх төслийг хамтран хэрэгжүүлэх санал тавилаа.
Уулзалтын төгсгөлд хатагтай Тэреза Ко хэлсэн үгэндээ: Боловсролын салбарт хийгдэж буй Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалт нь Монгол хүний хөгжилд үр дүнгээ өгөх учиртайг онцлоод цаашид боловсролын чанарыг сайжруулахад чиглэгдсэн шинэ төсөл, хөтөлбөрүүдийг дэмжиж ажиллахаа илэрхийллээ.