Х.Булгантуяа: Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний хөтөлбөрөө яаралтай батлах нь зүйтэй
Эдийн засгийн байнгын хорооны өнөөдөр /2022.01.04/-ийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 42 дугаар тогтоолоор баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10.0 (арван) их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаарх мэдээлэл сонсож байна.
Сонсголын үеэр гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа: Арван их наядын төлөвлөгөөг бид бүгдээрээ дэмжиж байгаа. Энэ хөтөлбөр хэрэгтэй. Гэхдээ үүнд хэдэн зүйлд анхаарч, хяналт шалгалтаа сайжруулаач ээ.
Төрийн албан хаагч биш гэхэд төрийн мөнгөөр авлига авч байгаа систем банкинд бий болж байгааг хүн бүр яриад байна. Үүнийг хянаж шалгах юм хийхгүй бол болохгүй нь ээ.
Тэгэхгүй бол бид нар Монголбанкнаас явж байна гээд хяналт шалгалт хийгээд болоод байна гэж битгий хараач ээ.
Сэтгэцийн эрүүл мэндийнхээ үндэсний хөтөлбөрийг батлаач ээ. Сэтгэцийн эрүүл мэнд өнөөдөр ямар байдалд байгааг тоогоор илэрхийлээд хэрэггүй. Энэ та бүхний хариуцаж буй асуудал. Үүнд чинь төсөв, санхүү тавиад өгье гээд байхад яагаад төсөл хөтөлбөрөө батлаж өгөхгүй байгааг ойлгохгүй байна.
Хүчирхийлэл гарахад хүчирхийлэл дээр мөнгө тавиад байдаг ч хүчирхийллийг сүүдэр үүсгэж байгаа асуудалд ЭМЯ энэ цаг үед анхаарахгүй байгааг ерөөсөө ойлгохгүй байна.
Ипотекийн зээлийг бид нар дандаа дэмжиж ирсэн. Монголбанкийг Монгол Улсын Засгийн газраас хэчнээн төгрөгөөр дэмжсэнийг та бид бүгдээрээ мэдэж байгаа. Үүнийг гаргаснаас хойш барилгын материалын үнэ яаж нэмэгдэж, хэд болсныг бүгд мэдэж байгаа.
Барилгын материалынхаа үнийг бууруулахад өнөөдрийг болтол Барилга, хот байгуулалтын яам дорвитой ажил хийхгүй байгаа шүү. Одоо хамаг хил гааль хаагдсаны дараагаар арматурынхаа үйлдвэрийг судлаж байна гэж ярьж суугаа бол арай л байна.
Хил гааль хамаг юм хаагдсаны дараагаар өөр ямар альтернатив боломж байгааг судлаж суугаатай агаар нэг болчихоод байна. Хэрвээ барилгын материалын үнэ 2 дахин нэмэгдэх юм бол үнэнийг хэлэхэд 2 их наядаар явуулж байгаа ипотекийн хөтөлбөр 1 их наядын хөтөлбөртэй яг л адилхан, иргэдэд очиж буй үр дүн. Эсрэгээрээ иргэд бүр л их өрөнд ороод дуусч байгаа. Байрны үнэ өссөнтэй зэрэгцээд.
Ажлын байрыг дэмжих гээд 2021 онд МСҮТ дээр 60 тэрбум төгрөг зарсан байна. Дээрээс нь нэмээд 5.2 тэрбум төгрөгөөр 799 залуусыг ажилд оруулсан. Нэг хүнд 6.52 сая төгрөг хэдэн сарын курст зарцуулж байж ажилд оруулсан байна. Өмнөх МСҮТ-ийнхээ ажлыг та бүхэн дүгнээд хараач ээ.
МСҮТ-ээ ажил олгогчидтойгоо холбоогүй байгаа цагт 5 тэрбумыг зараад ч, 50 тэрбумыг зараад ч, 500 тэрбумыг зараад ч үр дүн байхгүй юм билээ. Энэ ажлаа хийж байж дараа дараачийнхаа хөрөнгө санхүүжилт, нэмэлт зарахаа та бүхэн минь хиймээр байна. Тэгэж байж 10 их наяд, 57 их наядын чинь хөтөлбөр үр дүнтэй болно шүү гэдэг саналыг дэвшүүлж байна.
Энэ дүрэм журмаа шинэчилчихээд Эдийн засгийн байнгын хорооны гишүүдэд хүргээрэй. Бид нар заримдаа мэдээлэлгүй, иргэд олон нийтийн бухимдал бидэнд ирээд байна.