"Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын удирдах ажилтны зөвлөлдөх уулзалт" боллоо
2022.02.12

"Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын удирдах ажилтны зөвлөлдөх уулзалт" боллоо

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харьяалалд багтаж байсан мэргэжлийн боловсрол энэ оноос Боловсрол, шинжлэх ухааны яамны эрхлэх асуудалд хамаарах болсонтой холбогдуулан удирдах ажилтнуудын зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Монгол Улсад мэргэжлийн боловсролын байгууллагын суурь 1920-1930 оны хооронд тавигдсан гэж үздэг. Өнөөдөр 75 сургалтын байгууллагад 4060 багш ажилтан ажиллаж, 40165 хүн суралцаж байна. Тэдний хамгийн олон нь буюу 31 хувь нь аж үйлдвэрийн чиглэлээр суралцдаг.

Тус уулзалтад БШУ-ы сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг оролцлоо.

Уулзалтаар:

  • Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын удирдлагын томилгоог улс төрөөс ангид байлгаж, тогтвортой байдлыг хангах
  • Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын хөгжлийн загвар, ангилалт, тодорхойлолтыг шинэчлэх
  • Мэргэжлийн боловсролын 2.5 жилийн хөтөлбөрийг 3 жилийн хөтөлбөрт шилжүүлэх
  • Ахлах сургууль, мэргэжлийн боловсрол, сургалт, дээд боловсролын байгууллагууд хоорондын кредит хөрвөх боломжийг олгох
  • Гүйцэтгэл, үр дүнд суурилсан санхүүжилтийг нэвтрүүлж, мэргэжлийн өөрийн өртөгт суурилсан санхүүжилтийн үйл ажиллагааг нэвтрүүлэх
  • Сургуулиудын удирдлагад менежментийн зарим эрх чөлөөг олгож, сургалтын уян хатан, олон хувилбарт хэлбэрийг дэмжих
  • Багшийн ажил мэргэжлийн тодорхойлолтыг баталж, багш бэлтгэх сургалт, давтан сургалт, мэргэшүүлэх тогтолцоог бий болгох
  • Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг бүсчлэх, төрөлжүүлэх, гадаад хөтөлбөрийг нутагшуулах,  1+1, 3+2 хөтөлбөр хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх
  • Өмчийн олон хэлбэрийн сургалтыг дэмжиж, дотоод гадаадын том ААН-ийн дэмжлэгийг авахад анхаарах
  • Сургуулиудын бие даасан байдал, санхүүгийн эрх чөлөөг нэмэгдүүлэн, сургалтын орчин, багшийн хөгжил, нийгмийн асуудалд оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх
  • Ковидын үеийн сургалтын хоцрогдлыг нэн түрүүнд арилгах зэрэг олон талт асуудлыг танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүллээ.