Мэргэжилтэй ажилчин бэлтгэх дээр Германы хосолсон загварыг ашиглах боломжтой
Манай улсад хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн харьцаа алдагджээ. Эрэлтийг хангаж чадахгүй байгаагаас үүдэн зарим салбарт ажиллах хүчний хомстох нөхцөл үүсэж байна. Энэ талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцсон “Мэргэжлийн боловсрол ба ажил олгогчдын хамтын ажиллагаа” зөвлөлдөх уулзалт дээр онцолсон юм.
Мэргэжлийн боловсрол эзэмшсэн төгсөгчийг ажилд авч дадлагажуулахад 2.5-3 жил болдог байна. Мөн компанийн захирал, ажил олгогч нараас 5-8 сая төгрөг зарцуулж байж, ур чадвартай ажилтан болгон сургаж авч байна. Мэргэжлийн боловсрол, сургалт нь хөдөлмөрийн зах зээл дэх ажлын байранд шаардагдах ур чадварыг эзэмшүүлж чадахгүй байна. Тийм учраас хувийн хэвшил, ажил олгогчид, боловсролын байгууллагуудын нягт хамтын ажиллагааны механизмыг бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай. Цаашид Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд тулгуурлаж, мэргэжлийн боловсролын тогтолцоог хөгжүүлнэ гэдгийг БШУ-ны сайд уулзалтад тавьсан илтгэлдээ дурдсан юм.
Уулзалтад оролцсон УИХ-ын гишүүн Х.Ганхуяг Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцууллаа. Мэргэжлийн боловсрол эзэмшсэн шинэ төгсөгчдийн 30 гаруй хувь нь л мэргэжлээрээ ажилд орж байна. Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, хэрэгцээг дагасан системийг бүрдүүлэх, хувийн хэвшил, төр хаана, яаж хамтарч ажиллах вэ гэдэгт хуулийн гол концепцийг гаргахыг зорьж буйг хуулийн төслийн Ажлын хэсгийн ахлагч тэрээр хэллээ.
Мэргэжлийн боловсролын тогтолцоог Төр-хувийн хэвшил дээр тулгуурлана.
Манай улс ноолуурынхаа 60 хувийг гүн боловсруулахад 670 сая ам.долларын борлуулалт хийх боломжтой. Харин боловсруулалт хийхэд 3600 нарийн мэргэжилтэн шаардагдах тооцоо гарчээ. Энэ нь үйлдвэрлэл, боруулалтын хэрэгцээ шаардлагыг тодорхойлж, түүнд нийцсэн мэргэжилтэй ажилтанг бэлтгэхэд Төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаа чухал байгааг харуулж буйг МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин тодотголоо. Тиймээс ААН, байгууллага МСҮТ-ийн уялдааг хангах, төр хувийн хэвшил хамтран мэргэжилтэй ажилтнаа бэлтгэх. Ингэхдээ Герман улсын ХАҮТ-ын жишээ буюу хосолсон загварыг ашиглах боломжтой гэв.
Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт төслийн удирдагч Беате Диппмар уулзалтад тавьсан илтгэлдээ, ХБНГУ-ын мэргэжлийн боловсролын тогтолцоонд Танхимууд чухал үүрэгтэй оролцдогийг онцлон тэмдэглэв. Тухайлбал, ААН-үүдэд зөвлөх, сургалтын агуулга, чадварын үнэлгээг тодорхойлох, ААН дээрх сургалтыг хянах, сургалтын гэрээг бүртгэх, явцын, эцсийн шалгалтыг зохион байгуулах, суралцагч болон ААНБ хоорондын маргааныг шийдвэрлэх, зуучлах зэрэг ажлыг хариуцан явуулдаг байна. Мөн Танхимын дэргэд төгсөгчдийг үнэлэх Үнэлгээний зөвлөл ажиллаж, суралцагчдыг үнэлэн, гэрчилгээ олгодог аж.
Оролцогчдын зүгээс сургалтын төвүүдийг цэгцлэх, хяналт тавих, чадамжийн гэрчилгээ, МСҮТ гэх ойлголтыг өөрчилж зөв маркетинг хийх, мэргэшүүлэх сургалт, давтан сургалтын талаар саналаа илэрхийлж байв. "Мэргэжлийн боловсрол ба ажил олгогчдын хамтын ажиллагаа" зөвлөлдөх уулзалтад танхимаар 70 гаруй, цахимаар 100 гаруй оролцогч оролцож, санал солилцов.
Тодруулга: Манай улсад 76 мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагад 42.594 суралцагч 15 салбарын 185 мэргэжлээр суралцаж байна.