Ханх-Мондын боомт олон улсын зэрэглэлтэй боллоо
2021.12.17

Ханх-Мондын боомт олон улсын зэрэглэлтэй боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд “Хилийн боомт болон Монгол-Оросын улсын хилийг хялбарчилсан журмаар нэвтрэх тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын 1994 оны 8 сарын 10-ны өдрийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протокол”-ыг байгууллаа.

Энэхүү протокол байгуулагдсанаар Хөвсгөл аймгийн Ханх сумын Ханх-Мондын боомт олон улсын зэрэглэлтэй болж байгаа юм.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар сонгогдсон цагаасаа Ханх-Мондын боомтыг олон улсын зэрэглэлтэй болгох асуудалд онцгой анхааран, холбогдох албаны хүмүүстэй олон удаагийн уулзалт хийж, албан бичиг солилцож, шийдвэрлүүлэх талаар идэвхтэй ажиллаж ирсэн. Л.Мөнхбаатар гишүүний уйгагүй хүчин зүтгэлийн үрээр, Монгол Улсын Гадаад харилцааны яамны хамт олны хамтын ажиллагааны үр дүн гарч Ханх-Мондын боомт олон улсын зэрэглэлтэй боллоо.

Ханх-Мондын боомт нь Монгол Улс, ОХУ-тай хиллэдэг байнгын ажиллагаатай томоохон боомтуудын нэг бөгөөд жилд 30 мянга гаруй иргэд зорчдог, хоёр талын зорчигч тээврийн боомт юм.

Ханх-Монд боомтыг Олон улсын зэрэглэлтэй болгосноор зөвхөн манай хоёр улсын иргэд хоорондоо нэвтрэхээс гадна гуравдагч орны иргэд тус боомтоор зорчих боломж бүрдэж, хил дагуу орших байгалийн үзэсгэлэнт тогтоцтой Ханх сум аялал жуулчлалын бүс нутаг болон хөгжиж, эдийн засгийн нөхцөл байдал нь сайжирна. Түүнчлэн, Байгаль нуур, Хөвсгөл нуурыг холбосон аялал жуулчлалын томоохон маршрут бий болох юм.