Ховд аймгийн Булган сумын иргэд Ярантын боомтоор чөлөөтэй нэвтрэх хүсэлтэй байна
2025.02.04

Ховд аймгийн Булган сумын иргэд Ярантын боомтоор чөлөөтэй нэвтрэх хүсэлтэй байна

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-нд Ховд аймаг, Булган суманд ажиллаж, нутгийн иргэдийн санал хүсэлтийг сонслоо. 

Ярантын боомттой Булган сумын иргэд боомтоор чөлөөтэй нэвтэрч, аялал жуулчлалыг бий болгох хүсэлтэй байна. Иргэд БНХАУ-ын 2, Монгол Улсын 2 автобусаар тус бүр хил гардаг нь хүртээмжгүй бөгөөд нийтийн тээвэр нь бараа бүтээгдэхүүнээр дүүрсэн байдаг учраас зорчигч явахад хүндрэл учирдаг талаар хэллээ. Тиймээс өөрсдийн автомашинаар хил нэвтрэх боломжийг бий болгож, автобусны үйлчилгээ үзүүлж буй цөөн компанийн монопол байдлыг задлах талаар ярьж байна.

Тиймээс Булганы боомт бол дан ганц Ховд аймаг гэлтгүй баруун бүс нутгийн 5 аймгийн 450 мянга орчим иргэн зорчдог боомт болно гэдэг талаас нь БНХАУ-ын талтай ЗГ хоорондын яриа хэлэлцээр хийх асуудлыг хөндөх учиртай. Ингэснээр бүсийн иргэд бараа бүтээгдэхүүнээ чөлөөтэй татан авч, өөрсдийн зах зээлээ хөгжүүлэх боломжтой. Үүнийг дагаад баруун бүсийн эдийн засаг тэлж, өрсөлдөх чадвар нэмэгдэнэ гэдгийг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан онцлов. 

Мөн Ховд аймгийн Хөшөөтийн уурхайг стратегийн ордод бүртгэж, үр шимийг нь ард иргэд хүртэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж байна.

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн хүрээнд гурил, малын тэжээлийн импортыг чөлөөлснөөр баруун бүсэд импортын 50 кг-ийн гурил 80 000 төгрөгөөр, дотоодын гурил 120 000 төгрөгөөр борлуулагдаж байгаа учраас уг хуулийг хэвээр үлдээх хүсэлт тавилаа. Алслагдсан бүс буюу баруун хязгаар нутагт үр тарианы тариалалт байхгүй, гурилын үйлдвэргүй, гурилын үнэ тээврийн зардлаасаа хамаарч өндөр үнэтэй хэрэглэгчдэд очдог. Тиймээс импортын гурил орж ирэх боломжийг хэвээр хадгалах бодлого барихын төлөө ажиллана гэдгээ тэрбээр илэрхийлэв.