"Атар IV аян" экспортын чиг баримжаатай газар тариаланг бий болгоно гэв
2025.03.31

"Атар IV аян" экспортын чиг баримжаатай газар тариаланг бий болгоно гэв

Засгийн газрын 2025 оны 47 дугаар тогтоолоор Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан “Атар-IV тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ыг хэрэгжүүлэхээр баталсан. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дархан-Уул аймагт Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн улсын зөвлөгөөнд оролцож, “Атар-IV тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ыг эхлүүллээ.

Монгол Улсын Засгийн газар эдийн засгийг төрөлжүүлэн хөгжүүлэх зорилгоор уул уурхайгаас гадна хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарыг тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлэх зорилт тавьж буй. “Атар-IV тариалангийн тогтвортой хөгжлийн аян” нь тус зорилтын хүрээнд хэрэгжүүлж буй томоохон ажлуудын нэг бөгөөд улс орны эдийн засгийг бэхжүүлэх, хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдлыг сайжруулах чухал ач холбогдолтой юм.

“Атар- IV тариалангийн тогтвортой хөгжлийн аян” нь бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдаж хэрэгжинэ. Энэ дагуу улсын хэмжээний үр тариа, төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлийн 70-80 хувийг дангаараа үйлдвэрлэж байгаа Төвийн бүсийг “Хөдөө аж ахуйн төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс” болгон хөгжүүлэх зорилт тавьснаас гадна хөдөөгийн сэргэлт, нийслэлийн төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд хотоос хөдөөд шилжин ирж буй залуу гэр бүлийг газар тариалан эрхлэхэд дэмжлэг үзүүлэх, орон сууцжуулалтын бодлогыг уялдуулахаар төлөвлөж буй.

“Атар-IV тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ыг 2025-2029 онд хэрэгжүүлснээр 200.0 мянган га талбайг шинээр тариалангийн эргэлтэд оруулж, нийт эргэлтийн талбайг 1.2 сая га-д хүргэх, экспортыг нэмэгдүүлэх, тариалангийн техник, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг үргэлжлүүлж, ухаалаг газар тариаланг хөгжүүлэн, усалгааны дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэхээр төлөвлөж байна.

Мөн тариалангийн үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх,таримал ургамлын нутагшсан болон ирээдүйтэй сортын үр үйлдвэрлэх, бүс нутгийн хөрс, цаг уурын онцлогт тохирсон нутагшсан сортын үрээр дотоодын хэрэгцээг бүрэн хангах, ургах чадвар өндөр, ногоон масс ихтэй, ашигтай тэжээлийн таримлыг эргэн нутагшуулж, газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйг хослуулан хөгжүүлэх, ашигт таримлын тариалалтыг нэмэгдүүлж, газар тариалангийн бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн хадгалалт, нийлүүлэлт, борлуулалт, логистикийн сүлжээг боловсронгуй болгох зэрэг томоохон үр дүн хүлээж байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан