“Шинэ бүтээн байгуулалт”-ыг газрын асуудал чөдөрлөж байна
2011.07.18

“Шинэ бүтээн байгуулалт”-ыг газрын асуудал чөдөрлөж байна

Зам барилгын ажил ид өрнөж буй энэ үед ЗТБХБ-ын сайд Х.Баттулга нийслэлд баригдаж байгаа томоохон барилгын ажлын явцтай танилцсан юм. Учир нь, зам барилгын улирал эхэлснийг ч хэлэх үү хотод шинэ барилгууд сүндэрлэн босч, тэр хэрээр чанар, худалдаа үйлчилгээний бүхий л үйлчилгээ нь төвлөрсөн цогцолбор хэлбэрээр барихыг ч албаныхан шаардаж байгаа.

Салбарын сайд энэ хүрээнд 13 дугаар хороололд баригдаж буй “14 дүгээр хороолол” төсөл буюу “Аман хуур” хотхоноор орсон юм. Уг төслөөр нийт 15 мянган айлын орон сууц барихаар төлөвлөн 2007 оноос ажлаа эхэлжээ. Одоогоор 675 айлын орон сууцыг бариад байгаа аж. Төслийг Тайвань улсын “Кэй Энд Ти” констракшн гүйцэтгэж байгаа юм байна.


Уг хотхон нийт 110 га газрыг хамарсан ба зам тохижилтын хувьд орчин үеийн барилгын стандартад нийцүүлж, нийт талбайн 30 хувьд ногоон байгууламж, зүлэгжүүлэлт хийж, авто замын сүлжээ, сургууль, цэцэрлэг,үйлчилгээний төв, спорт цогцолбор барихаар төлөвлөжээ. Харин зарим айлын газар чөлөөлөх асуудал шийдэгдэхгүй байгаагаас барилгын ажлыг хойш нь чангааж байгаа гэнэ.
Х.Баттулга сайдын дараагийн очсон газар бол Налайх дүүргийн Хонхорт дахь канад технологиор баригдаж буй барилгын ажил байв. Энд 100 га газарт 3500 айлын байшин барих юм. Эхний ээлжийн 100 айлын байшин ирэх онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Уг технологиор барьсан хоёроос гурван давхар байшин цаанаа л нүнжигтэй харагдаж байв. Ер нь, иргэд модон барилгын өртөг хамаагүй өндөр гэсэн ойлголттой байдаг. Тэгвэл энэ тийм биш юм. Учир нь энэхүү технологи цементэн барилгаас 30-40 дахин хямд, гурав дахин хурдан баригддаг гэдгийг аль хэдийн мэргэжилтнүүд тогтоожээ. Иймээс манай орны нөхцөлд хамгийн тохиромжтой боломжийн технологи учир ийн сонгожээ. Харин канадын модноос өөр мод таардаггүй сул талтай ч цонх хаалга гэх мэтийн ойр зуурын зүйлүүдийг дотооддоо үйлдвэрлэж байна. Уг ажлыг “Хонгуран” ХХК гүйцэтгэж байна.


Дундаж амьдралтай иргэдэд зориулагдсан сууц
Тус компанийн захирал Г.Зоригтоос зарим зүйлийг тодрууллаа.

-Байшингийн ерөнхий өртөг хэдэн төгрөг байх бол. Налайх дүүрэг төвийн халаалтын шугамаас хол болохоор хэрхэн зохицуулж байгаа вэ?

-Дундаж амьдралтай иргэдэд зориулагдсан. Эдгээр байшингууд төвийн халаалт шугам гэхгүй цахилгаанаар халдаг. Налайх дүүргийг дагуул хот болгон хөгжүүлэхээр зорьж байгаа. Тиймээс 4500, 1000 оюутны байр бусад олон хороолол сүндэрлэж эхэллээ. Тэгэхээр хөгжил Налайх руу урсч байна.

-Өрөөний зохион байгуулалтыг яаж шийдэв. Бусад технологиос давуу тал гэвэл?

-Мод учир өвлийн улиралд ч барилгын ажил хийх боломжтой тул цаг хугацаа алдахгүй. Мөн салхи шуурга, газар хөдлөлтөд тэсвэртэй гээд олон давуу тал бий. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн технологи. Өрөөний зохион байгуулалтын хувьд давхар болгондоо ариун цэврийн өрөөтэй, саруул том цонхтой.
Газар чөлөөлөх асуудлыг улс шийдэх хэрэгтэй

-Уг төслийн ажилд газраа чөлөөлөхгүй хүндрэл учруулж буй хэдэн айл байна вэ?

-Энд нийт 1400 айл газраа чөлөөлөх ёстой. Айлууд эхнээсээ газраа чөлөөлөөд явж л байна. Гэвч 400 айл үл зөвшөөрсөн. Зарим нь бүр шүүхдэж байгаа.

-Гэр хорооллыг барилгажуулах гэхээр газар чөлөөлөх томоохон асуудал үүсч байна. Тэгэхээр үүнийг яаж шийдэх хэрэгтэй бол ?

-Газар чөлөөлөх асуудлыг улсаас албадан шийдвэрлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол дөрвөөс таван айл газраа хэдэн саяар үнэлж барилгын компаниудад дарамт учруулж байна. Мөн 30-40 компани нэгэн зэрэг барилгажуулалт руу орох хэрэгтэй. Тэгэхгүй бол хэдэн мянган гэр хорооллын айлыг нэг талаас нь хөөгөөд амжилт олохгүй.

-Барилгын чанарын хувьд ямар байгаа бол. Нэг айлын газрыг хэдэн төгрөгөөр үнэлж байгаа вэ?

- “Аман хуур” дижитал хотхон нь гэр хорооллыг барилгажуулах явцын эхлэл нь болж байгаа тул барилгаа чанартай сайн хийхийг чухалчилж байна. Орон сууцны “14-р жишиг хороолол” буюу дижитал хорооллын эхний ээлж болох “Аман хуур” дижитал хотхон нь 9-12 давхар дөрвөн блок барилга, 107 автомашины зогсоолтой. Барилгын чанарын хувьд үндсэн хийц нь нил суурьтай 300 маркийн бетон хийцтэй, найман баллын газар хөдлөлтөд тэсвэртэй төмөр бетонон карказтай. 700 ам.метр газарт хоёр өрөө байр олгож байгаа.
Гэр хорооллыг утаанаас салгах арга нь орон сууцжуулах
ЗТБХБ-ын сайд Х.Баттулгаас дараахь зүйлийг тодрууллаа.

-Гэр хорооллыг орон сууцжуулах ажилтай танилцлаа. Газрын асуудал хүндрэлтэй байна. Энэ талаар?

-“Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийг Монгол Улсын Засгийн газраас 2010-2016 онд хэрэгжүүлэх болсон. Үүний хүрээнд “40 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг боловсруулж, бага дунд орлоготой иргэдийг орон сууцжуулах төслийн хүрээнд Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу 2020 он хүртэл Нийслэлийн Баянзүрх дүүргийн 13, 14- р хорооны нутаг дэвсгэрт “Аман хуур” хотхоны барилгын ажлыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Харин газар чөлөөлөх асуудлыг шийдэхгүй бол барилгажилтын ажлыг удаашруулж байна. Зарим айлууд барилгын компаниудад дааж давшгүй үнэ хэлдэг гэнэ. 37 айлын газарт 500 айлын орон сууц баригдана гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. Дээр нь, гэр хорооллыг утаанаас салах арга нь орон сууцжуулах шүү дээ.

-Канад технологиор барьж буй барилгын ажил хэр явж байна вэ?

-2010 онд баталсан “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрт тусгагдсан хөдөө орон нутагт “Шинэ сумын төв” байгуулах ажлыг канад технологиор хийхээр болсон юм. Барилгын материалын үнэ өссөн үед алслагдсан хөдөө орон нутаг руу барилгын материал зөөх өртөг өндөр, улсын төсвөөс баталсан хөрөнгө мөнгө бага учраас энэ технологийг нэвтрүүлсэн. Уг технолиогиор 96 суманд сургууль, цэцэрлэг, соёлын төв барихаар төлөвлөсөн. Тэгээд ч цэвдэгтэй хана шал хүний эрүүл мэндэд муу. 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.