Х.Нямбаатар: Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлд 1.2 тэрбум төгрөг батлагдсан
2021.02.17

Х.Нямбаатар: Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлд 1.2 тэрбум төгрөг батлагдсан

Гэмт хэрэг зөрчилтэй тэмцэх гол үндсэн чиг үүргийг гардан хэрэгжүүлдэг хамтарсан багуудын санхүүжилтыг шийдвэрлэнэ гэдгээ Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хэллээ.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн цахим хурал өчигдөр болсон юм.

Энэ үеэр тэрбээр "Гэмт хэрэг зөрчилтэй тэмцэх гол үндсэн чиг үүргийг гардан хэрэгжүүлдэг багуудыг тодорхой хэмжээний санхүүжилттэй болгоё.

Энэ хүмүүс гудамж, эрсдэл бүхий айлуудаар орж уулзалт хийдэг, ярилцдаг. Үйлдлийг нь газар дээр нь таслан зогсоодог. Шаардлагатай тохиолдолд эрсдэл бүхий гэр бүлд хууль эрх зүйн туслалцаа үзүүлдэг. Магадгүй эцэг эх байхыг хасах хязгаарлах түвшинд эрхийн хязгаарлалт хийдэг энэ ажлыг газар дээр нь эхлүүлмээр байна.

Энэ жил ХЗДХ-ийн сайдын багцад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр нийтдээ 1.2 тэрбум төгрөг батлагдсан. Одоо улсын хэмжээнд 700 гаруй хамтарсан баг үйл ажиллагаа явуулж байна. Би эхний ээлжинд 350 гаруй сая төгрөгийг бүх хамтарсан багуудад санхүүжилт хэлбэрээр тус бүр 500 мянган төгрөгийг шилжүүлэхээр шийдвэрлэсэн" гэж хэллээ.