Монгол Улс 21 улс оронтой ялтан шилжүүлэх боломжтой боллоо
2020.05.08

Монгол Улс 21 улс оронтой ялтан шилжүүлэх боломжтой боллоо

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.05.08\ нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн ял шийтгэлийг гадаад улсад эдлүүлэх тухай Америкийн улсууд хоорондын конвенцийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж баталлаа. 

Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж танилцуулав. 

АБГББХ-ны санал дүгнэлтийг УИх-ын гишүүн А.Ундраа танилцууллаа. 

Монгол Улсын гадаад харилцаа өргөжиж байгаатай холбогдуулан монгол иргэд олноор зорчдог улс орнуудтай эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх, гэмт этгээд болон ялтан шилжүүлэх тухай гэрээ байгуулах чиглэлд Хууль зүй, дотоод хэргийн яам анхаарч ажиллаж байна.

Эрүүгийн ял шийтгэлийг гадаад улсад эдлүүлэх тухай Америкийн улсууд хоорондын конвенцид Америкийн улсуудын байгууллагын гишүүн болон гишүүн бус нийт 21 улс нэгдэн орсон бөгөөд үүнд Монгол Улсын иргэд суралцах, бизнес болон аяллын зорилгоор зорчдог АНУ, Канад, Бразил, Мексик зэрэг улсууд багтдаг.

Тус конвенц нь 19 зүйлтэй бөгөөд ялтан шилжүүлэх нөхцөл, ялтны мэдээлэл, ялтан шилжүүлэх хүсэлт гаргах, хүсэлтэд тавигдах шаардлага, ялтан шилжүүлэхээс татгалзах үндэслэл, ялтныг шилжүүлэхэд гуравдагч улсаар дамжин өнгөрүүлэх нөхцөл, ялыг үргэлжлүүлэн эдлүүлэх зэрэг үндсэн асуудлыг тусгасан байна.

Иймд энэхүү конвенцийн гишүүн улсуудтай гадаадад хорих ял эдэлж буй иргэдийг эх орондоо ял эдлэх боломжоор хангах, гадаад орнуудтай ялтан шилжүүлэх ажиллагааг хөгжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлэх үүднээс Эрүүгийн ял шийтгэлийг гадаад улсад эдлүүлэх тухай Америкийн улсууд хоорондын конвенцид Монгол Улс нэгдэн орох нь зүйтэй гэж Засгийн газар үзсэн байна.

Хуулийн төслийг гишүүдийн олонхи дэмжиж батлагдлаа.