Монгол Улс Арбитрын маргаанд ялалт байгуулах боломжоо нэмлээ
УИХ өнгөрсөн сарын 11-ний өдрийн нэгдсэн чуулганаараа “Олон улсын маргааныг энхийн замаар шийдвэрлэх тухай” 1907 оны конвенцыг соёрхон баталсан.
2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн тус хууль батлагдсанаар манай улс олон улсын гэрээ хэлэлцээртэй холбоотой маргаан үүссэн тохиолдолд АРБИТРЫН БАЙНГЫН ШҮҮХээс тусламж авах боломж бүрдлээ.
Хууль зүйн сайд Ц.Нямдорж УИХ-ын нэгдсэн хуралдаанд хуулийн төслийг танилцууллаа.
Арбитрын байнгын шүүх нь Нидерланд Улсын Гааг хотноо байрладаг олон улсын маргаан шийдвэрлэдэг Засгийн газар хоорондын байгууллага юм. Одоогоор 121 улс орон уг байгууллагад гишүүнээр элссэн бөгөөд гишүүн орнууд жил бүр 1071 еврогийн төлбөр төлдөг.
Жил бүр 1071 еврогийн хураамж төлдөг энэхүү байгууллагад элссэнээр бидэнд ямар ашигтай вэ?
Нэгдүгээрт,
Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас ТУСЛАМЖ ХҮЛЭЭН АВАГЧДЫН ЖАГСААЛТыг гаргадаг. Энэхүү жагсаалтад орсон гишүүн орон арбитрын маргааны үеэр санхүүгийн хүндрэл тохиолдвол тус Арбитрын байнгын шүүхийн Санхүүгийн тусламжийн санд хамрагдах боломжтой.
Хоёрдугаарт,
Маргалдагч талууд хэн байхыг үл харгалзан түр болон хувийн арбитраас хямд өртгөөр маргааныг зохицуулах зорилготой бөгөөд тус байгууллагын олон улсын товчооны хуулийн ажилтнууд гишүүн улсдаа арбитрын ажиллагаа, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа болон нотлох баримт бүрдүүлэх чиглэлээр зөвлөгөө өгч, мэдээллээр хангаж ажиллана.
Гуравдугаарт,
Арбитрын байнгын шүүхэд Боловсролын туслалцааны сан бий. Энэ сангаар дамжуулж манай улс мэргэжилтнээ сургах, давтан сургах, дадлагажуулах тал дээр тусламж авах боломж бүрдэж байна.
Дөрөвдүгээрт,
Конвенцид нэгдсэн орнууд өөрийн орны 4 хүртэлх хүнийг Арбитрын шүүхийн гишүүнээр сонгож болно. Шүүхийн гишүүдийн жагсаалтыг олон нийтэд нээлттэй мэдээлэх бөгөөд энэ нь Ерөнхий нарийн бичгийн даргаас тодорхой арбитрын маргааныг хянан шийдвэрлэх арбитрчийг сонгоход зохих нэр дэвшигчийг тодорхойлоход тус дөхөм болдог байна.
Зөвхөн Арбитрын байнгын шүүх дээр маргаан явагдсан тохиолдолд дээрх тусламжийг авах боломжтой. Тиймээс маргаан явагдвал Арбитрын байнгын шүүхээр шийдвэрлүүлнэ гэдгээ анхнаасаа гэрээ хэлэлцээртээ тусгах шаардлагатай аж.