Конвенц соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжлээ
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2018 оны намрын ээлжит чуулганы анхны хуралдаан өнөөдөр (2018.10.02) 13 цаг 24 минутад хувийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ.
Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Засгийн газраас өргөн мэдүүлсэн Олон улсын маргааныг энхийн замаар шийдвэрлэх тухай 1907 оны конвенцийг соёрхон батлах тухай хуулийн төсөл-ийн талаар хэлэлцэв. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж танилцуулсан юм.
Арбитрын байнгын шүүх нь Нидерланд Улсын Гааг хотноо байрладаг олон улсын маргаан шийдвэрлэдэг Засгийн газар хоорондын байгууллага юм. Уг байгууллагыг 1899 онд Олон улсын маргааныг энхийн замаар шийдвэрлэх тухай Гаагийн 1899 оны конвенцийн 20-29 дүгээр зүйлд заасны дагуу Гаагийн энх тайвны анхдугаар бага хурлаар байгуулсан бөгөөд уг конвенцид 1907 онд нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Одоогоор 121 улс орон уг байгууллагад гишүүнээр элсээд байгаа аж.
Тус байгууллага нь гишүүн улс орон, Засгийн газар хоорондын олон улсын байгууллага болон хувийн аж ахуйн нэгжүүдийн хооронд олон улсын гэрээ хэлэлцээртэй холбоотойгоор үүссэн маргааныг түр арбитрыг байгуулах замаар хянан шийдвэрлэдэг байнгын үйл ажиллагаатай байгууллага юм.Ингэхдээ маргалдагч талууд хэн байхыг үл харгалзан түр болон хувийн арбитраас хямд өртгөөр маргааныг зохицуулах зорилготой бөгөөд тус байгууллагын олон улсын товчооны хуулийн ажилтнууд гишүүн улсдаа арбитрын ажиллагаа, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа болон нотлох баримт бүрдүүлэх чиглэлээр зөвлөгөө өгч, мэдээллээр хангаж ажилладаг байна.
Манай улс тус байгууллагын гишүүн улс болсноор тус арбитрын шүүхийн Санхүүгийн тусламжийн санд хамрагдах эрхтэй болох бөгөөд гишүүн болсон тохиолдолд жилд 1071 еврогийн төлбөр төлөх үүрэг хүлээх юм байна.
Гишүүн орон нь олон улсын эрх зүйн мэдлэгтэй, арбитрчийн үүргийг гүйцэтгэх чадвартай, ёс зүйн өндөр нэр хүндтэй 4 хүртэлх хүнийг Шүүхийн гишүүнээр сонгуулах эрхтэй байдаг аж.
Арбитрын байнгын шүүхийн Олон улсын товчоо нь гишүүн улсуудтайгаа хамтран олон улсын арбитр болон маргаан шийдвэрлэх чиглэлээр төрийн албанхаагч, хуульч болон бусад мэргэжилтнүүдийг сургах чадавхыг бэхжүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулж, тухайн орнуудад хөрөнгө оруулалтын орчин, хууль тогтоомжийг боловсронгуй болгоход туслалцаа дэмжлэг үзүүлдэг тул Монгол улсад гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж, гадаад худалдаа өргөжиж байгаа өнөө үед аливаа маргааныг хямд өртгөөр зохицуулах арбитрын байнгын шүүхийн гишүүнээр элсэх нь зүйтэй гэж Засгийн газар үзэж байгааг сайд илтгэлдээ дурдлаа.
Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, А.Ундраа, О.Содбилэг нар хуралдаанд оролцсон Гадаад хэргийн яам болон Хууль зүй, дотоод хэргийн яамны ажлын хэсгээс асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд Олон улсын маргааныг энхийн замаар шийдвэрлэх тухай 1907 оны конвенцийг соёрхон батлах тухай хуулийг төслийг дэмжих санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 92.3 хувь нь дэмжсэн тул энэ тухай санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр болов.