ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар таван уриалга дэвшүүллээ
2021.02.10

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар таван уриалга дэвшүүллээ

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл өчигдөр  хуралдлаа.

Энэ үеэр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлыг шинэ шатанд ахиулах хүрээнд таван уриалгыг тус зөвлөлийн дарга Х.Нямбаатар танилцууллаа.

Тухайлбал:

  • Иргэдийн эрх зүйн мэдлэг мэдээллийг дээшлүүлэх хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад эрх зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалтын хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх;
  • Гэмт хэрэг зөрчилтэй тэмцэх, үндсэн чиг үүргийг гардан хэрэгжүүлдэг хамтарсан багуудад санхүүжилт олгох;
  • Зөрчлийн тухай хууль болон эрүүгийн тухай хуулийг иргэд олон нийтэд зөв сурталчлан таниулах зорилтын хүрээнд салбар зөвлөл бүр соён гэгээрүүлэх арга хэмжээ зохион байгуулах;
  • Гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх ажилд цахим шилжилтийг хийх;
  • Гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх чиглэлд үйл ажиллагаагаа явуулж байгаа бүх байгууллагууд мэдээллийн сувгаа нэгтгэж ажиллах зэрэг уриалгуудыг дэвшүүлж зөвлөлийн гишүүдийг хамтран ажиллахыг уриалсан байна. 

Мөн хуралдаанаар Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах Салбар зөвлөл, тодорхой төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах Дэд зөвлөлийн ажиллах нийтлэг журам, бүрэлдэхүүн, Зохицуулах зөвлөлийн 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг тус тус хэлэлцэн баталжээ. 

Энэхүү хуралд Хууль зүй, дотоод хэргийн сайд бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Х.Нямбаатар болон Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 35 гишүүн оролцлоо.