Т.Энхтүвшин: Дунд шатны ажилтны хариуцлагагүй байдлаас болж Засгийн газар огцорсон
УИХ-ын гишүүн Т.Энхтүвшинтэй ярилцлаа.
УИХ намрын чуулганаар "Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай" хуулийн төслийг хэлэлцэн баталсан. Хуульд тусгасан гол зохицуулалтууд нь юу байв?
Намрын ээлжит чуулганаар хэлэлцэн баталсан гол хуулиудын нэг бол “Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай” хууль байлаа. Дотоодын түүхий эдэд түшиглэсэн газрын тос боловсруулах үйлдвэр байгуулж, Монгол Улсыг түлш шатахууны хараат байдлаас гаргаж, нефть-химийн шинэ салбарыг бий болгоход төрөөс дэмжлэг үзүүлэхтэй холбогдсон харилцааг шийдвэрлэх, газрын тос боловсруулах үйлдвэрийг товлосон хугацаанд нь түргэн шуурхай ашиглалтад оруулахад шаардлагатай эрх зүйн орчинг бүрдүүлэхийн тулд энэ хууль батлагдсан.
Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэгт орж, зохицуулалтаас гадуур үлдсэн зарим чухал асуудлуудыг нэмж тусгахад идэвх оролцоотой ажиллалаа. Хуульд оруулсан нэг чухал зүйл бол газрын тос боловсруулах үйлдвэрийг “төрийн өмчит үйлдвэр” гэж тодорхойлон, үйлдвэр барих болон түүхий тос дамжуулах хоолой барих үйл ажиллагаанд төрөөс ямар байдлаар дэмжлэг үзүүлэх талаар нарийвчлан тусгасан явдал.
Тодруулбал, газрын тос боловсруулах үйлдвэр нь түүхий эдийн хангамжийн хувьд тогтвортой, найдвартай эх үүсвэртэй байх ёстой. Тийм учраас газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагааг газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хийх, тухайн хайгуул хийх талбайг давуу эрхээр олгох асуудлыг Засгийн газар шийдэж өгөхөөр тусгасан.
Барилга барихад шаардагдах зүйлсийг гаалийн хилээр нэвтрүүлэхдээ түргэвчилсэн бүрдүүлэлт хийх, мэргэжлийн ажиллах хүч гадаадаас авах асуудлыг ч мөн Засгийн газар шийдэхээр хуульд тусгалаа. Өөрөөр хэлбэл, энэ хуульд заасан харилцааг Засгийн газрын журмаар нарийвчлан зохицуулахаар оруулж өгсөн.
Газрын тос боловсруулах үйлдвэр нь 1.2 тэрбум доллар, газрын тос дамжуулах хоолой нь 300 сая доллараар хийгдэх юм. Манай улс 50-60 сая долларын шатахуун гаднаас импортолдог, оргил үедээ нэг жилд 1.2 сая долларт хүрч байгаа. Гэтэл нэг жилд импортолж байгаа шатахуунд зориулсан энэ зардлаараа бид газрын тос боловсруулах үйлдвэрийг барих боломжтой төдийгүй, нэмээд их хэмжээгээр гадагш урсаж байгаа валютын урсгалыг ч зогсоох боломжтой болж байна. Энэ чинь цаашдаа ам.долларын ханш буурахад ч чухал нөлөө үзүүлнэ шүү дээ.
Та Монгол улс газрын тосоо хайж, олборлох нь юу юунаас илүү чухал болохыг онцолж байсан. Манай улсын хууль тогтоомж энэ харилцааг сайтар зохицуулахуйц хэмжээнд байж чаддаг уу?
Газрын тос хайж, олборлох харилцааг 2014 онд шинэчлэн баталсан “Газрын тосны тухай” хууль болон түүнтэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаар зохицуулж байна. 2017 оны байдлаар Монгол Улсын нутаг дэвсгэрт 33 талбайд газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулж байсан. Энэ тоо одоо мэдээж өссөн байх. Тухайн үед Монгол Улсын газрын тосны олборлолтын хэмжээ 1.0 сая тонн орчим байсан.
Газрын тос боловсруулах үйлдвэр баригдаж ашиглалтад орсноор түүнийг түүхий эдээр тогтвортой хангахын тулд газрын тосны эрэл, хайгуулыг эрчимжүүлж нөөцийг өсгөх, олборлолтыг нэмэгдүүлэх шаардлага зүй ёсоор тавигдана. Тиймээс энэ үйлдвэрт газрын тос хайх, олборлох эрхийг олгосон “Газрын тосны тухай” хуульд шаардлагатай нэмэлтийг ч үүнтэй уялдуулан тусгаж өгсөн.
Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд Газрын тосны болон Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал тусгагдсан. Одоо эдгээр хуулийн өөрчлөлтийг Газрын тосны үйлдвэртэй холбогдуулан 2021 ондоо багтаан өөрчлөх шаардлагатай болж байна. Тэгж байж бид шинээр үүсэх харилцааг бүрэн зохицуулах боломжтой болно.
Манай улсын газрын тосны нөөц хэр хэмжээтэй вэ?
Бид арвин их нөөцтэй. Цаашид Монгол Улсын Засгийн газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас газрын тосны хайгуулын ажлыг эрчимжүүлж, нөөцийн илрүүлэлтийг нэмэгдүүлэх бодлого барьж ажиллаж байна. Монгол Улс Газрын тос боловсруулах үйлдвэрийн түүхий эдийг дотоодоосоо бүрэн хангах боломжтой.
Дорноговь аймагт газрын тос боловсруулах үйлдвэр баригдсанаар ирэх үр өгөөж нь юу байх бол?
700-1000 хүний ажлын байр шууд бий болно. Үйлдвэрийг дагаад 10 гаруй үйлдвэр байгуулагдана гэсэн тооцоо судалгаа бий. Тэнд ч бас олон зуун ажлын байр шинээр бий болох нь тодорхой.
Энэ хэрээр орон нутгийн эдийн засагт эерэг нөлөө үзүүлж, хүн амын амьжиргааны түвшин дээшилнэ. Хүн амын төвлөрлийг дагаад дэд бүтэц хөгжих зэргээр олон давуу тал бий болно гэж харж байгаа. Аймгийн төсөвт ч дорвитой хувь нэмрээ оруулна. Сайншанд хот маань зэрэглэлийн хувьд Дархан, Эрдэнэтээс ч том хот болох боломж нээгдэж байгаа юм. Бас нефть-химийн салбарын техник технологийн хөгжилд шинэ үе эхэлж, монголчууд энэ шинэ салбарт өөрсдийн судалгаа шинжилгээг хийх боломж бүрдэж байна.
МАН-ын дарга У.Хүрэлсүхийн байгуулсан Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо. Цар тахлаас үүдэн нөхцөл байдал амаргүй байгаа энэ үед Засгийн газар огцорч байгаа нь хэр зөв алхам юм бэ?
Засгийн газар өнгөрсөн хугацаанд маш сайн ажилласан гэж миний хувьд үзэж байгаа. Ард иргэд ч тийм бодолтой байсан учир 2020 оны УИХ-ын сонгууль болон орон нутгийн сонгуульд МАН-ыг дэмжиж үнэмлэхүй ялалт байгуулахад нөлөөлсөн гэж бодож байна. Олон ч том төслийг зоригтой эхлүүлж, улс болон иргэддээ ээлтэй зоримог шийдвэрүүдийг гаргаж чадсан. Цар тахлын энэ хүнд цаг үед зарим нэгэн дунд шатны ажилтны хариуцлагагүй байдлаас болж Засгийн газар огцорч байгаа анхны тохиолдол.
Амаргүй цаг үед орхилоо гэдэг талаас нь биш, харин улстөрчид, төрийн албан хаагчдын дунд байх ёстой маш өндөр хариуцлага, том соёлын эхлэлийг тавилаа гэж харж байгаа. Тийм ч байх учиртай юм.
Ер нь цар тахлын нөхцөл байдалд Засгийн газар, УОК-ыг хэр хэмжээнд ажиллаж байна гэж та харж байгаа вэ?
Хэн ажил хийж байна тэр хүн л шүүмжлүүлж байдаг шүү дээ. Намайг 2016-2020 онд Дорноговь аймгийн Засаг дарга хийж байх хугацаанд шүүмжлэл их гардаг байсан. Тэр болгонд шийдвэртэй, тууштай зоримог ажиллаж, багаа сайн бүрдүүлсэн байхад ямар ч их ажлын ард гарах боломжтой гэж харсан. Гэхдээ шүүмжлэлийн ихэнх нь үйл ажиллагаатай холбоотой гэхээсээ намчирхалтай холбоотой шүүмж илүү яваад байна уу гэж харж байна. Засгийн газар, УОК шийдвэрүүдийг хурдтай, шийдэмгий гаргаж байна гэж харж байгаа. Харин төрийн албаны дунд шат, анхан шатанд очихоор тогтоол шийдвэрийн хэрэгжилт хангалтгүй байгаа нь цэвэр хувь хүмүүсийн хандлага, ажлын ур чадварын асуудал юм. Үүн дээр л анхаарах цаг болж.
Одоогийн Засгийн газар, Ерөнхий сайдыг хэр сайн ажиллаж чадна гэж та харж байгаа вэ?
Цар тахлын үед суларч байгаа эдийн засгийг босгох, ард иргэдийг цар тахлын эсрэг вакцинаар вакцинжуулах, дундаж давхаргыг дэмжих, цахим засаглалыг хөгжүүлэх зэрэг олон шинэлэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Манай улсад зайлшгүй шаардлагатай тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхээр зорьж байна. Залуу хүн эрч хүчтэй, зоригтой, хий багатай ажиллах боломж бүрэн байгаа тул цаашид амжилттай ажиллана гэж итгэж байгаа даа. Бид ч бас бүхий л бололцоо боломжоороо дэмжиж ажиллана.
Та боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороонд харьяалагддаг. Намрын чуулганаар тус байнгын хороо онцлох ямар хуулиуд хэлэлцэв?
Намрын чуулганаар хэлэлцсэн гол асуудал нь төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын тухай байлаа. Уг ажлын санхүүжилтийг “Эрдэнэт” ТӨҮГ-аар 2021-2022 онд багтаан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Музейн тухай хуулийг Монгол Улсад анх удаа баталснаар орчин цагийн музей хөгжих чухал ажил эхэлсэн.
Мөн Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран “Боловсролын шинэчлэлийн бодлого, эрх зүйн зохицуулалт” сэдвийн хүрээнд нээлттэй хэлэлцүүлэг, аяныг зохион байгуулж, Боловсролын шинэчилсэн тухай багц хуулийг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, өргөн барихад бэлэн болоод байна.
Дорноговь аймгийн тухайд нэн тэргүүнд шийдэх ёстой ямар асуудлууд байна вэ. Тэдгээрийг шийдэх гарц гаргалгааг та юу гэж харж байгаа вэ?
Манай аймгийн хувьд сүүлийн жилүүдэд ажилгүйдлийн түвшин, дотоодын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэл, хүн амын амьжиргааны түвшин зэрэг эдийн засаг, нийгмийн гол үзүүлэлтүүд сайжирсан. Одоо бидний зорилго бол аймгаа Монгол Улсын дараагийн хөгжлийн цэг болгох нь хамгийн чухал. Маш олон төсөл хөтөлбөр манай аймагт хэрэгжиж байгаа. Үүнийг дагаад маш их ажлын байр нэмэгдэнэ. Ажлын байраа дагаад маш олон хүн ирж суурьших тооцоо судалгаа гарч байна. Мөн уул уурхайн бүтээгдэхүүнийг боловсруулж нэмүү өртөг шингэсэн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх баяжуулах, боловсруулах үйлдвэрүүдийг дэмжин ажиллана.
Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг үг байдаг шүү дээ. Бид өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, нийгэмд чиглэсэн сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг маш олон барилга байгууламжий бүтээн босгосон. Иргэд маань ч сайн мэдэж байгаа. Ажлын байр, амьдрах орчин бүрдчихлээ.
Гэтэл ажлын байранд маань ирж ажиллах хүний нөөц хомс байгаа. Ажлын байр байгаад байдаг, ажил хийх хүн олддоггүй. Ажил олгогчдод тулгардаг хамгийн том асуудал энэ.
Гэвч ажил хийх хүн байхгүй гээд бид зүгээр суугаагүй ээ. Хүмүүсээ сургаж байгаа. Урт дунд богино хугацааны мэргэшүүлэх сургалтад маш олон хүн хамрагдаж байна. 2019 оноос УБТЗ-тай хамтраад төмөр замын мэргэшсэн ажилтнуудыг бэлтгэж эхэлсэн. Эхнээсээ ажлын байраар хангагдаад эхэлчихсэн явж байна даа.
ОТГОНШАРАВЫН АРИУНЦЭЦЭГ