2020.12.08
Дорноговь аймгийн Өргөн сумын зорилтот өрхүүдэд түлшний тусламж үзүүллээ
Цар тахлын эсрэг хатуу хөл хорио цээрийн дэглэм тогтоосон амаргүй цаг үед УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин, Б.Дэлгэрсайхан нар нутгийн иргэд, тэр дундаа зорилтот өрхүүд рүү чиглэсэн ажлуудыг шат дараатай халдвар хамгааллын дэглэмийг сахин тусгай зөвшөөрөлтэй автомашинаар тухайн сум, багийн Засаг дарга болон орон нутаг дахь бие төлөөлөгчдөөр дамжуулан гэрт нь хүргэж өгөх ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулж байна.
Өрхүүдийн судалгааг аймгийн ХХҮГ, сум, багийн ажлын алба, АОК-ын дэргэдэх хүнсний хангамжийн шуурхай штабын судалгаанууд дээр үндэслэн Өргөн, Эрдэнэ, Айраг, Даланжаргалан, Замын-Үүд болон Сайншанд сумдад хүнсний багц гурил 5кг, хонины мах-8 кг-ыг 210 айл өрхөд, 1 тн нүүрсийг 438 айл өрхөд, 150.000 ширхэг амны хаалт, 500 ширхэг оношлуурыг аймгийн Онцгой комисс болон аймгийн Төмөр замын байгууллагад энэ сарын 07-ны өдөр олгосон байна.
Мөн Өргөн сумын түлшний хангамж шаардлагатай 65 айл өрхүүдэд 1 тонн тус бүрээр олгосноор нийт 503 тн нүүрс тараагаад байна.
Өчигдрөөс эхлэн улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу Улаанбаатар хотод хөл хорионд орсон Дорноговь аймгийн иргэдийг орон нутаг руу татах ажил эхэлж, шинжилгээнд хамрагдсан эхний ээлжийн иргэдийн тээвэрлэлт хийгдлээ.