МҮЭ-ийн холбоо, түүний гишүүн байгууллагуудын удирдлагууд цахим уулзалт хийлээ
2020.12.04

МҮЭ-ийн холбоо, түүний гишүүн байгууллагуудын удирдлагууд цахим уулзалт хийлээ

12-р сарын 04-ны өдөр цаг үeийн асуудлаар МҮЭ-ийн холбоо, түүний гишүүн байгууллагуудын удирдлагууд оролцсон цахим уулзалт боллоо.

Цахим уулзалтын үeэр МҮЭ-ийн холбооноос сүүлийн үeд явуулж буй үйл ажиллагаа, энэ талаар долоо хоног бүр шуурхай мэдээ, мэдээлэл гарган ажиллаж буй талаар гишүүн байгууллагуудад мэдээлэл хүргэж, мөн тэдний зүгээс тухайн салбар, аймаг, орон нутагт хийгдэж буй ажил, тулгамдаж буй асуудлуудын талаар бусаддаа мэдээллээ.

Ялангуяа Ковид-19 цар тахлын улмаас улс орны хэмжээнд тогтоосон хатуу хөл хорионы үeд иргэд, хөдөлмөрчдийн цалин хөлс, орлого нь буурч, улмаар тэдний аж амьдрал доройтож буй талаар харилцан мэдээлэл, санал бодлоо солилцож, энэ чиглэлээр нийгмийн түншлэлийн талуудтайгаа нягт, үр дүнтэй хамтран ажиллах зүй ёсны шаардлага байгаатай санал нэгдэв.

Түүнчлэн Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2021-2022 оны Улсын хэлэлцээр, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн асуудлыг хөндөн ярилцаж, мөн 2021 оны Улсын болон орон нутгийн төсөвт хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажлын байрыг хадгалах, хамгаалах, ажилтныг цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, хамгаалах зардал буюу ХАБЭА-н зардлын асуудлыг тусгах зэргээр ард иргэдийн амьдралын чанарыг сайжруулах асуудлыг тухайн аймаг, орон нутагтаа нийгмийн түншлэлийн хүрээнд шийдвэрлэх боломжтойг дурдлаа.

Үйлдвэрчний эвлэлүүдийн зүгээс өнөөгийн нөхцөл дэх хөл хорионы улмаас тухайн аймаг, орон нутагт цалин хөлс, орлого нь буурсан, өдрийн орлогогүй болсныг тогтоох судалгааг нарийвчлан гаргах, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар аймаг, сумын Засаг дарга, ИТХ-ын дарга, багийн ахлагчийн оролцоотойгоор хэлэлцэх, шийдвэрлэх боломжтой юм.

Түүнчлэн энэ чиглэлд зарим ашиг орлого нь буураагүй, зарим талаар нэмэгдэж буй (тухайлбал, цахим мэдээллийн салбарын) аж ахуйн нэгж, байгууллага, компаниудыг компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд татан оролцуулж болох талаар ярилцлаа.

МҮЭ-ийн холбооны зүгээс гишүүн байгууллагуудыг цар тахлын үeд ч үйл ажиллагааныхаа эрчмийг алдахгүй, гишүүд, хөдөлмөрчид, нийгмийн түншлэлийн талуудтайгаа байнга холбоотой ажиллах, тэдэнд мэдээ мэдээлэл хүргэж, цахим хурал, сургалт, судалгааг явуулах, шуурхай утас ажиллуулахыг уриаллаа.