Дорноговь аймгийн сумдын засаг дарга нартай цахим хурал хийлээ
Дэлхий нийтээр тархсан цар тахал /КОВИД-19/манай улсад бүртгэгдэж Монгол Улсын Засгийн газраас олон талт арга хэмжээг зохион байгуулан, тулгамдаж буй асуудлыг тухай бүрт нь шийдвэрлэж байгаа билээ.
Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин, Б.Дэлгэрсайханы хамт Дорноговь аймгийн сумдын Засаг дарга нартай Төрийн ордны “Нутгийн удирдлагын танхим”-аас цахим хурлыг зохион байгууллаа.
Хуралд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд, Боловсрол, шинжлэх ухааны яамны Бодлого төлөвлөлтийн дарга Д.Ганбаатар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал аж ахуйн хөгжлийн бодлого, зохицуулалтын газрын дарга Д.Батмөнх, Улсын Онцгой Комиссын нарийн бичгийн дарга Т.Мөнхдорж нар оролцон, цаг үеийн мэдээллийг сонсож холбогдох асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэлээ.
Ихэнх сумдад өвөлжилт хүндэрч, отор нүүдлийн асуудал тулгамдаж байгаа бөгөөд өвс тэжээлийн дэмжлэг, нөөцийн махны борлуулалт, эмчийн хэрэгцээ, боловсролын цахим хичээлийн хамрагдалт, уул уурхайн нөхөн сэргээлт, мөн хот хоорондын зорчих урсгалд хяналтын талаар холбогдох албаны хүмүүсээс асуулт асуун хариултыг авсан юм.