Монгол Улсад анх удаа газрын тос боловсруулах иж бүрэн үйлдвэр байгуулна
2021.01.28

Монгол Улсад анх удаа газрын тос боловсруулах иж бүрэн үйлдвэр байгуулна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.28\ нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас  2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

ҮББХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Наранбаатар танилцууллаа. 

Монгол Улсын Засгийн газар 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах зорилт дэвшүүлж, Засгийн газрын 2017 оны 59 дүгээр тогтоолоор Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт, жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадал бүхий “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.

Өнөөгийн байдлаар үйлдвэрийн инженерчлэл, зураг төсөл боловсруулах ажил үргэлжилж, технологийн байгууламжуудын лиценз эзэмшигчдийг сонгон шалгаруулах ажил хийгдэж байгаа. Технологийн бус байгууламжийн барилга угсралтын ажил гүйцэтгэх компанитай гэрээ байгуулж, барилгын ажлыг эхлүүлэх бэлтгэлийг хангаж байгаа юм байна.

Газрын тос боловсруулах үйлдвэр нь үндсэн 12 байгууламжтай байх бөгөөд үүнээс 7 нь патенттай технологи юм. Тус байгууламжуудын тендерт Axens, Technip, UOP, Halder Topsoe, Shell, Kinetics Technology зэрэг нефть-химийн салбарын дэлхийд тэргүүлэгч компаниуд оролцож байгаа аж.

Монгол Улсад анх удаа газрын тос боловсруулах иж бүрэн үйлдвэр байгуулж байгаа тул гаднын инженер, техникийн ажилтнууд үйлдвэрийн бүтээн байгуулалтад оролцох шаардлага үүсэж байна.

Урьдчилсан тооцооллоор барилга угсралтын ажлын үед буюу 2021 онд 1000, 2022 онд 5000, 2023 онд 8000, 2024 онд 7000 орчим (давхардсан тоогоор) инженер, техникийн болон туслах ажилтан ажиллахаар байна. Иймд ажиллах хүч мэргэжилтэн гадаадаас авах, Монгол Улсад хөдөлмөр эрхлэхтэй холбогдсон зөвшөөрлийг шуурхай олгох асуудлыг хуулийн төсөлд тусгажээ.

Мөн үйлдвэрийн усны ордын нөхөн төлбөр, машин механизм, техник, тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл, түүхий эд, бараа материалын тээвэрлэлтийг хөнгөвчлөх, гаалийн бүрдүүлэлтийг хялбаршуулсан (түргэвчилсэн) горимоор зохицуулах асуудлыг төсөлд тусгасан байна.

Түүнчлэн газрын тос боловсруулах үйлдвэр нь түүхий эдийн хангамжийн хувьд тогтвортой, найдвартай эх үүсвэртэй байх үүднээс өөрийн гэсэн түшиц газар буюу газрын тосны ордтой болох эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай.

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажилд тулгамдаж буй асуудлуудыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2020 оны наймдугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж, газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх зорилгоор Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих бие даасан хуулийн төслийг боловсруулж батлуулахыг Засгийн газарт даалгасны дагуу долоон зүйл бүхий хуулийн төслийг боловсруулжээ.

Хуульд заасан харилцааг “Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих, төрөөс үзүүлэх үйлчилгээг хялбаршуулах горим”-ын тухай журмаар нарийвчлан зохицуулахаар тусгасан байна.

Төсөл батлагдсанаар газрын тос боловсруулах үйлдвэр төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, хөрөнгө оруулалтын зардлыг богино хугацаанд нөхөж, зээлийн санхүүжилтийн эргэн төлөлтийг хугацаанд нь хийх боломж бүрдэх юм.

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр үйлдвэрийн гаднах дэд бүтцийн бүтээн байгуулалт болох 27 км салаа төмөр зам, 18.2 км цахилгаан дамжуулах агаарын шугам болон 17.5 км хүнд даацын авто замыг 2018-2019 онд барьж байгуулан ашиглалтад оруулсан. Мөн Дорноговь аймгийн Сайншанд хотод 550 айлын 10 орон сууц, оффис үйлчилгээний цогцолбор бүхий “Газрын тосны үйлдвэрийн хотхон”-ыг барьж эхэлжээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Ш.Адьшаа, Д.Ганбат, Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин нар асуулт асууж, саналаа хэллээ. Ингээд  найруулгын шинжтэй саналын томьёоллоор санал хураалт явуулсан  ба эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхээр ҮББХ-нд шилжүүллээ.