2020.10.27

Д.Батлут: Газрын тосны үйлдвэрийн аюултай хог хаягдалыг яаж хадгалахаар төлөвлөж байгаа вэ?

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2021.01.26/ хуралдаж Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 

Төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Д.Батлут:

Монгол Улс Газрын тосны үйлдвэртэй болсноор иргэдийг хямд шатахуунаар хангах цаашлаад гадаадад шатахуун төлдөг байсан валют дотооддоо үлдэх нөхцөл байдал үүснэ гэж харж байна.

Газрын тосны үйлдвэр байгуулагдсанаараа сайн үр дүн гарах хэдий ч бүтээгдэхүүний үнээс шалтгаалж  шатахууны үнэ тодорхойлогдох болно. Тэгэхээр Газрын тосны үйлдвэр байгуулж байгаа бол өөрийн түшиц орд газартай болох эрхтэй. Ингэснээрээ шатахууны үнэ бодит байдлаар буух нөхцөл байдал үүснэ. 

Тэгэхээр цаашлаад Газрын тосны үйлдвэр нөөц газар ордтой болох уу? Тэгвэл хаана эрэл хайгуулын ажил хийж, хаана нөөцөд гаргахаар төлөвлөж байна вэ?

Газрын тосны үйлдвэр байгуулснаар аюултай хог хаягдал гарна. Тухайлбал давсгүйжилтээс үүссэн лаг, газрын тосыг дамжуулах тээвэрлэх, хадгалах, цэвэрлэгээнээс гарах лаг, хүчиллэг шүлтлэгийн лаг гэх мэт. Аюултай хог хаягдалыг яаж хадгалахаар төлөвлөж байна вэ? Үүнтэй холбоотой хөрөнгө санхүү, бүтээн байгуулалтын ажлууд туссан уу? 

Монгол Улсад аюултай хог хаягдал устгах, хадгалах байгууламж огт байхгүй. БОАЖЯ-ны дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөрт хэдийгээр орсон ч гэсэн газар ба хөрөнгийн асуудал шийдэгдээгүй байгаа. Тэгэхээр Газрын тосны үйлдвэр дээр яг энэ асуудал хэрхэн төлөвлөгдөж байна вэ?

Түүний асуултанд УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн хариуллаа.