Тито бол Югославын билэгдэл, ЗХУ болон Өрнөдийг ч номхотгогч
2012.05.10

Тито бол Югославын билэгдэл, ЗХУ болон Өрнөдийг ч номхотгогч

-ОХУ-ын тоймч Вадим Трухачевын нийтлэл-

Социалист Югослав улсын билэгдэл Тито бол ХХ зууны хамгийн хүчирхэг, омголон удирдагч хэмээн дэлхийн түүхэнд мөнхөрсөн хүн.

Тэрээр ЗХУ ба өрнөдийн хооронд чадварлаг “хөвж”, улс орныхоо тусгаар тогтнолыг бүрэн хадгалж чадсан төдийгүй Сталины уур хилэнгийн эсрэг тэсч зогсч чадсан нэгэн. Тэс өөр, бие биеэ үзэн яддаг ард түмнүүдийг Тито л нэгэн дээвэр доор нэгтгэн Югослав улсыг байгуулж, өөрийн хувилбараар социализмыг байгуулсан билээ. Гэвч Титогийн төмөр гараар атгаж байсан Югослав улс түүнгүйгээр 10 жил ч оршин тогтнолгүй, бутран унасан. Хувь хүний түүхэнд гүйцэтгэсэн үүргийн тод жишээ бол яах аргагүй Тито.


Йосип Броз Титогийн 120 насны ой 5-р сарын 7-нд тохиосон. Түүний жинхэнэ нэр Йосип Броз. Харин Тито гэдэг нь 42-тойдоо авсан түүний хоч. Яагаад гэвэл тэр их зааж зааварлах дуртай нэгэн байжээ. Үргэлж л “Үүнийг чи хий, тэрийг чи” /Ты сделай то, ты то/ гэдэг байжээ. Ты то гэдэг нь серб, хорват, оросоор ч адил дуудагддаг аж. Ингээд л түүнийг Тито гэх болсон байна.


Йосип ердөө 5-р анги төгссөн ч маш сайн слесарь болж чаджээ. Түүнийг Бурхнаас илгээсэн механикч хэмээн өргөмжилж, авто уралдаанд оролцохыг хүртэл урьж байв. Тэгэхээр хэрэв тэр улстөрд татагдаж ороогүй бол өөр хувь заяа түүнийг хүлээж байсан биз.


Ядуу амьдралд хүүхэд, өсвөр насаа өнгөрөөсөн Йосип тансаглах дуртай байжээ. Далай тэнгисийн эрэг, уулан дээр, нийслэлд гээд тэр 30 өргөөтэй байж. Ямар сайндаа Этиопийн хаан Хайле Селиссие Югославт ирээд түүнийг хаан шиг амьдардаг гэх вэ дээ. Тито төрийн тэргүүн болсны дараа Элизабет Тейлор, Жина Лоллобрижида зэрэг дэлхийн алдартай оддыг урьж, заримтай нь хайр сэтгэлийн холбоо тогтоож байлаа.


Тито маш олон амрагтай байсан, 3 удаа гэрлэсэн бөгөөд 2 хүү, 1 охинтой. Анхны гэргий нь Оросын сурвалжит язгууртан Пелагея Денисовна Белоусова, 2 дахь нь Германы эрлийз Берта Хаас байв. Түүний 3 дахь эхнэр Сербийн Йованка Будисавлевич Титотой 38 жил хамт амьдарч, улмаар улстөрд идэвхтэй оролцож байсан юм.



Гэхдээ түүний гол хайр нь улстөр байсан. Йосип 18-тайдаа Хорват, Славоний Социал-ардчилсан намд элсчээ. Тэгээд 1914 онд Австри-Унгарын унтер офицер байхдаа дэлхийн I дайнд мордож, удалгүй оросуудад олзлогдов. Йосип энд л коммунист болж, улмаар 1918–1920 онд Улаан армийн бүрэлдэхүүнд байлджээ. Тэр эх орондоо ирээд нууцаар коммунист намын салбар байгуулж, олон ч удаа баривчлагдсан. 1929 онд түүнд 5 жилийн хорих ял оноосон биш нам доторх нэр хүндийг нь улам өсгөжээ. Шоронгоос гараад Йосип намын удирдлагад багтаж, улмаар Москвад Коминтернд ирж ажиллав. Ингээд Йосип 1937 онд Сталины цааш харуулсан намын тэргүүн Милан Горкичийн албан тушаалыг хүлээн авлаа.


Тито албан тасалгаанд суудаггүй бөгөөд өөрөө бүхнийг гардан удирддаг байв, дайны үеэр ч ялгаагүй.

 

Түүний амь насанд хэдэн удаа халдсан ч бүтэлгүйтжээ. Герман, Итали, Унгар, Болгарын цэргүүд 1941 оны хавар Хорватад халдаж, эзлэв. Харин Тито зун гэхэд Европын хамгийн том бослогыг дэгдээж чадлаа. Түүнээс болоод Германы удирдлага Югославт 10 дивизээ байлгахаас өөр аргагүй болов. Югославчууд Белград, Загреб хотыг ЗХУ-ын Улаан армийн хамт чөлөөлж, харин бусад хотоос нацистуудыг дангаараа хөөн гаргасан. Иймээс л тэр Сталины өмнө бөхөлздөггүй, эх орноо өөрөө бие даан удирдах эрхтэй болсон юм.


1940-1950-аад онд ЗХУ, Югослав хоёр бараг л ил сөргөлдөх боллоо. Учир нь Сталин омголон Титод дургүй учраас түүнийг авч хаях оролдлого хийж байсан. Гэвч чадаагүй. Югослав социалист улс юм шиг хэрнээ өрнөдийнхөнтэй сайн харьцаатай хэвээр байсан. Тэгээд ч социализм, капитализмын завсар орших нь Титод маш ашигтай байлаа.


Эдийн засгийн хувьд сангийн аж ахуй гэж Югославт байгаагүй, мөн ажилчид өөрсдөө үйлдвэр заводыг удирддаг байв. 1960-аад оноос югославчууд баруунд гарч мөнгө хийх, хөрвөдөг валют хуримтлуулах боломжтой болсон.


Түүнчлэн Югослав улс нь Варшавын гэрээ, Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөлд ч ордоггүй төдийгүй 1968 онд ЗХУ-ын цэргүүд Чехословакад ороход хатуу шүүмжилж байсан юм. Тито Югославыг яг ЗХУ шиг үндэсний бүгд найрамдах улсууд, автономит хязгаар болгож хуваасан бөгөөд үндсэрхэг үзлийг хатуу дарж байжээ. Жишээлбэл хорватууд салан тусгаарлахыг хүсэхэд Тито өөрийн үндэстнийг харгисаар дарсан. Ер нь Югославт ардчилал, олон нам гэж огт байгаагүй.


Тито эсрэг тэсрэгийн нэгдэл болсон, өөдсөөр зүйсэн мэт энэ улсаа төмөр гараар атгаж байлаа. Яагаад гэвэл сербчүүд, хорватууд бие биеэ үзэн ядаж, дундад зууны үед тусгаар улсууд байснаа санагалзах болсон юм.

Албани үндэстнүүд Алба
ни улс руу, унгарууд нь Унгар орон руу тэмүүлж байхад Болгар улс Македонийг өөр рүүгээ урвуулах гэж уриалж байсан. Мөн Боснийн лалынхан дунд радикал исламыг сурталчлагчид гарч иржээ. Бас хамгийн баян Словени бусдыгаа тэжээх дургүй бөгөөд хөрш Австри, Италитай ойртохыг хүсч байв. Энэ бүх эсрэг тэсрэг байдлыг өрнөдийнхөн ашигласан. Хүчирхэг, бас эрх дураараа, омголон том гүрэн Балканд байх нь тэдэнд ашиггүй байв.


1980 оны 4-р сарын 4-нд Югославын Ерөнхийлөгч, Коммунист намын генсек, маршал Йосип Броз Тито өнгөрлөө. Түүнээс хойш 10 хүрэхгүй жил өнгөрсөн ч байгуулсан улс нь задарч, хэдэн зуун мянган хүний амийг авч одсон юм. Түүнийг залгамжлагчид Югославын социализмын онцгой загвар, дорно өрнийн хоорондох завсрын ашигтай байдлыг авч үлдэх нь бүү хэл улс орноо мөхөөчихсөн.


Түүхэнд гүйцэтгэх хувь хүний үүрэг гэж энэ дээ.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.