Хэрвээ дахин сонгогдохгүй бол Обама юу хийх бол?
- Америкийн хамгийн эрэлттэй зохиолчдын жагсаалтад Ерөнхийлөгч асан Обама хэддүгээрт орох бол?
- Цагаан ордонд ирэхдээ болон түүнийг орхихдоо хүн болгон өөрчлөгдөхөөс аргагүй байдаг.
- Харин тэд хаана амьдрах бол? «2008 онд сонгуульд ялснаар гэр бүлээрээ нэр хүндийг олсон нь тэднийг амьдралын хэв маягийг орвонгоор нь өөрчилсөн.
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн сонгуульд ялах болон ялагдах магадлал бараг л 50:50 хувьтай байгаа тухай «Newsweek» сонинд бичжээ.
Тус улсын эдийн засагт тодорхойгүй байдал ноёлж, гудамжинд гарч жагсах америкчуудын тоо олширсоор байгаа билээ. Үүний зэрэгцээ Обама ирэх сонгуульд ялж дахин сонгогдох эсвэл улстөрч байсан хүмүүсийн дэлхийн хамгийн нэр хүнд бүхий клубт элсэх магадлал яг адилхан хувьтай байгааг хамгийн сүүлд явуулсан санал асуулгын дүн харуулжээ.
Хэрвээ Обама сонгуульд ялагдвал 51 настай тэрбээр сүүлийн 100 гаруй жилийн хугацаан дахь хамгийн залуу экс ерөнхийлөгч болох юм. Түүнээс өмнө 1909 онд 50 насандаа огцорч байсан Тедди Рузвельт хамгийн залуу нь байжээ. Эрүүл чийрэг биетэй, сийрэг ухаантай бас мөнгө олох боломж ихтэй Обама хамгийн алдартай экс ерөнхийлөгч болж болох юм.
Харин сүүлийн 100 жилийн хугацаан дахь хамгийн шилдэг экс ерөнхийлөгч нь Герберт Гувер байжээ. Тэрбээр Их хямралын үед ерөнхийлөгч байсан бөгөөд хожим нь олны хайр хүндэтгэлийг хүлээсэн улс төрийн зүтгэлтэн болсон бөгөөд Дэлхийн II дайны дараа Европыг өлсгөлөнд нэрвэгдэх аюулаас гэтэлгэхэд өөрийн жинтэй хувь нэмрийг оруулж байв.
Обамагийн хувьд сонгуульд ялагдах нь хавьгүй ашигтайгаар эргэж болох юм. “Сонгуульд ялагдах нь улстөрчдийн хувьд сэтгэл санааны хүнд цохилт болдог байна. Тэдэнд хүний тооноос хасагдсан мэт сэтгэгдэл төрж эхэлдэг” гэж “Буйдан дээрх Обама: Ерөнхийлөгчийг дотоод сэтгэлээс нь мэдрэх нь” (Obama on the Couch: Inside the Mind of the President) номыг зохиолч, сэтгэл судлаач Жастин Фрэнк ярьж байна. Гэвч африк, америк гаралтай анхны Ерөнхийлөгч хэрхэн сонгогдож байсан, эрүүлийг хамгаалах салбарын тухай хууль баталж, бас Осама бен Ладеныг яаж устгасан гэх зэрэг намтар түүхээрээ түүхийн сурах бичгүүдэд орох нь хэдийнэ тодорхой болжээ. Тэрбээр ялагдлын гашууныг даван туулсныхаа дараа Гуверын хэлсэнчлэн амьдрал тийм ч хүнд хүчир, муу муухай биш болохыг ойлгох болно.
Юуны түрүүнд багагүй хэмжээний мөнгө түүний халаасанд орохоор байна. Энэ бол төлбөртэй лекцээс олох орлоготой харьцуулахад тийм ч их биш 191 300 долларын Ерөнхийлөгчийн тэтгэвэр юм. Билл Клинтон Цагаан ордноос явсныхаа дараа төлбөртэй лекц уншиж, түүнээсээ 75 сая доллар олж байжээ. Обамад үүнээс ч илүү ихийг олох боломж бий. Хэзээ нэгэн цагт огцорсныхоо дараа Обамагийн эн түрүүнд хийх ажлуудын нэг бол Ерөнхийлөгчийн номын сан болон музей байгуулах юм.
Тэгвэл тэргүүн хатагтай Мишель Обамагийн хувьд төрийн алба хаших боломж өндөр байгаа. Магадгүй хатагтай Обама нөхрөөсөө ч илүү нэр хүндтэй болж болох юм. Ингээд хэрвээ Обама дахин сонгогдохгүй бол юу хийж болохыг сонирхоцгооё.
Сая сая долларын лекц
Төлбөртэй лекц унших нь Обамагийн хувьд амьдралдаа өөр юу ч хийлгүйгээр их хэмжээний мөнгө олох «мөнгөний машин» юм. Одоогийн байдлаар Обама жилд 400 000 долларын цалин авч байна. Харин их сургуулиуд, корпорациудын бага хурал эсвэл дээдсийн хүрээнийхний цугларалт дээр индэрийн ард зогсоод л ийм хэмжээний мөнгийг цагийн дотор л олж чадна.
Гэхдээ их хэмжээний шан харамж нь улс төрийн эрсдэлийг бий болгодог байна. Жишээлбэл, Рональд Рейган 1989 онд Японд хоёр цаг үг хэлснийхээ төлөө 2 сая доллар авсан нь олны дургүйцлийг ихээхэн төрүүлж шүүмжлэлд өртөж байв. Билл Клинтон Флоридад болсон Morgan Stanley бага хуралд экс ерөнхийлөгчийн хувиар анх удаа үг хэлэхдээ 100 000 гаруй доллар авсан нь бас л шуугиан тарьж байжээ.
Хэдийгээр илтгэх чадвар болоод нэр хүндээрээ их хэмжээний мөнгө олж чадах боловч иймэрхүү үйл ажиллагааг /лекц унших/ алгуур явуулсан нь дээр гэж уран илтгэгчдийн эрх ашгийг 80 гаруй жилийн турш хамгаалж байгаа “Leigh Bureau” агентлагийн захирал Билл Ли ярив.
Гэхдээ Обама энэ их мөнгөөр юу хийх вэ? Хавайд өөртөө харш бариулах уу? Эсвэл өөрийн хөгжөөн дэмждэг “Chicago Bulls”-ийн хувьцааг худалдан авах уу?
Обама бол хариуцлагатай хүн учраас өөрийн шинээр байгуулах сандаа хөрөнгө оруулах бизээ.
Жилийн орлого: наад зах нь 10 сая доллар
Магадлал: маш өндөр
Профессор Обама
“Обама амьдралынхаа ихэнхи хугацааг их сургуульд өнгөрүүлсэн гэж хэлж болно. Тэгэхээр Ерөнхийлөгч асан Обамаг багшийн дүрд төсөөлөхгүй байхын аргагүй” гэж түүхч Майкл Бешлосс ярилаа.
Обама Брауны их сургууль зэрэг нэр хүндтэй их сургуулийг удирдахыг хүсч байгаа болов уу? Гэхдээ Обама Ерөнхийлөгчийн номын сангийн дэргэд өөрийн гэсэн боловсролын байгууллага байгуулах илүү зоригтой алхмыг хийж магадгүй юм.
Жилийн орлого: 0
Биелэх магадлал: хэлэхэд хэцүү
Обама 2016 онд
АНУ-ын Ерөнхийлөгч байсан дөрвөн ч хүн Цагаан ордондоо эргэн очихыг оролдож байжээ. Тэднээс зөвхөн Гровер Кливленд л 1892 онд дахин сонгогдож байв. Харин Обама үүнийг давтаж чадах болов уу? 1961 онд төрсөн улстөрч зөвхөн 2016 онд төдийгүй 2030 он хүртэлх хугацаанд дараа дараагийн сонгуульд нэр дэвших боломжтой юм. «Энд нас сүүдрээс илүүтэйгээр тэрбээр яаж ялагдах тухай яригдаж байна. Хэрвээ 2012 оны арваннэгдүгээр сард сонгуульд навс ялагдвал Цагаан ордонд очих боломжоо үүрд алдана гэсэн үг. Харин саналын багахан зөрүүтэй ялагдсан тохиолдолд «Та ирэх сонгуульд өрсөлдөх үү?» гэдэг асуултыг Обамад байнга тавих болно» гэж Ерөнхийлөгч асан Жорж Бушийн хэвлэлийн нарийн бичгийн дарга байсан Ари Флейшер ярилаа.
Жилийн орлого: 400 000 доллар
Биелэх магадлал: хэлэхэд хэцүү
Дээд шүүхийн дарга Обама
Бүр 2008 онд Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр Хиллари Клинтоныг Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа Иллинойс муж улсын залуу хархүүг Дээд шүүхийн даргаар томилж магадгүй гэсэн яриа улстөрчдийн дунд тарсан байжээ. Харин Чикагогийн их сургуульд 10 гаруй жилийн турш Үндсэн хуулийн эрхийн тухай хичээл заасан Обама гүйцэтгэх засаглалаас илүүтэй шүүгчийн албан тушаалд тохирно гэж улс төрийн талаар тодорхой мэдлэгтэй хүмүүс үзэж байв. Обама энэ албан тушаалыг нам хоорондын тэмцлээс зайлсхийхэд ашиглаж болох юм. Харин түүний хүчирхэг байж чаддаг авьяасыг нь харгалзан үзвэл, гаргасан шийдвэрээрээ Обама хуульчдын дунд маш богино хугацаанд шилдгээр тодрох боломжтой. Шүүх хурлын танхимд Дээд шүүхийн дарга Обама орж ирэх тэр өдөр тохиох болов уу?
“Энэ бол тун муугүй санаа юм. Дээд шүүхийн шүүгчид дээд тушаалын чадварлаг түшмэдийг сонгодог уламжлал эртнээс байсаар ирсэн. Энэ уламжлалыг сэргээх хэрэгтэй гэж Обама хэлж байсан юм” хэмээн «Ес: Дээд шүүхийн нууцлаг ертөнц» (The Nine: Inside the Secret World of the Supreme Court) номыг зохиогч Жеффри Тудин ярьжээ.
Ийм тохиолдол бий. Ерөнхийлөгч Уильям Ховард Тафт Дээд шүүхийн даргын албан тушаалыг 9 жилийн турш хашиж байжээ.
Жилийн орлого:213 900 доллар
Биелэх магадлал: олон жилийн дараа
Хамгийн гүйлгээтэй номын /бестселлер/ зохиолч
Америкийн хамгийн эрэлттэй зохиолчдын жагсаалтад Ерөнхийлөгч асан Обама хэддүгээрт орох бол? «Нэгдүгээрт орно. Би энэ тухай маш нухацтай бодож үзсэн. Түүнээс өөр хүн байхгүй» гэж «Simon & Schuster» гэдэг хэвлэлийн компанийн захирал Жонатан Карп ярьсан байна
Обамаг Ерөнхийлөгчийн тангараг өргөхөөс өмнө түүний «Эцгийн минь мөрөөдөл», «Эр зоригийн найдвар» номууд нь бестселлер болж байсан юм. Тэрбээр ерөнхийлөгчийнхөө бүрэн эрхийн хугацааг дуусгасныхаа дараа дахин нэгэн ном бичих гэрээг Crown компанитай хийжээ.
Боломжит орлого: наад зах нь 15 сая доллар
Биелэх магадлал: маш өндөр
Гэрийн эзэн аав
Цагаан ордонд дөрөвхөн жилийг өнгөрүүлснийхээ дараа орхиод явах нь мэдээж гунигтай л юм. «Цагаан ордныг орхисны дараа хоёр долоо хоногийн турш ганцаардан хаягдсан мэт сэтгэгдэл надад төрж байсан» гэж Билл Клинтон ярьсан байдаг.
«Би юу хийхээ мэдэхгүй байсан. Бүхэл бүтэн нэг сая долларын өртэй болсноо мэдээд асар их балмагдсан. Тиймээс фермийн аж ахуйгаа заран Ерөнхийлөгчийн номын санд 25 сая доллар хуримтлуулахаас аргагүй болсон» гэж Жимми Картер 1981 онд огцорсныхоо дараа ярьж байжээ.
«Цагаан ордонд ирэхдээ болон түүнийг орхихдоо хүн болгон өөрчлөгдөхөөс аргагүй байдаг. Ялангуяа тэргүүн хатагтайд энэ нь ерөнхийлөгчөөс ч хүнд тусдаг» гэж Лора Бушийг жирийн амьдралд эргэн ороход нь тусалж байсан Анита Макбрайд ярьсан байдаг.
Энэ бүхэн юуг харуулж байна вэ гэвэл хэрвээ Обама Цагаан ордныг орхивол түүний хувьд нам гүм амьдрал эхэлнэ. Учир нь бугуйндаа цөмийн чемодан гавласан цэргийн зөвлөх байнга дагалдахаа больж, чанд шаардлагад захирагддаг байсан өдөр тутмын амьдрал нь төгсгөл болох юм.
Түүнээс гадна Саша, Мали охид болон Бо нохойтойгоо цагийг өнгөрүүлж, тайвшрах болно
Харин тэд хаана амьдрах бол? «2008 онд сонгуульд ялснаар гэр бүлээрээ нэр хүндийг олсон нь тэднийг амьдралын хэв маягийг орвонгоор нь өөрчилсөн. Тиймээс үүнийг буцаах ямар ч аргагүй» гэж Анита ярилаа. Тэд амьдралынхаа ихэнх хугацааг Чикаго хотод өнгөрүүлсэн болохоор энэ хотод эргэн очиж магадгүй. Гэхдээ хуучин амьдралдаа эргэн орох нь тун эргэлзээтэй юм.
Жилийн орлого: 0 доллар
Биелэх магадлал: хангалттай өндөр