Б.Обама үндэсний мэдэгдлээр сонгуулийн сурталчилгаа хийв
АНУ-ын төрийн тэргүүн жил бүр Конгрессын индэр дээрээс улсынхаа нийт ард иргэдэд хандан үг хэлдэг уламжлалтай. Энэ уламжлал ёсоор Ерөнхийлөгч Барак Обама гурав дахь удаагаа америкчуудад хандан мэдэгдэл хийлээ. Гэхдээ энэ удаагийн мэдэгдэл айсуй сонгуулийн уур амьсгалыг мэдрүүлж, Ерөнхийлөгч Б.Обама сөрөг хүчнийхээ Бүгд найрамдах намын бодлогыг гайгүй сайн шүүмжлээд авав. Ноён Б.Обама улс орны эдийн засаг, баялгийн үр , шимийг бүх иргэн тэгш хүртэх нь хамгийн чухал гэдгийг онцолсон. Тэрээр "Сайн сайхан амьдарч байгаа хүнийх нь тоо цөөрч, түүний оронд амьдралаа арай ядан залгуулж буй хүмүүсийн хүрээгээ улам өсөн нэмэгдэж буй орон цааш хөгжиж чадахгүй" 'хэмээн өөрийн батлуулахаар зүтгүүлж буй нэг сая ам.доллараас дээш орлоготой иргэдэд өндөр татвар ногдуулах тухай хуулийнхаа , үзэл санааг сурталчилсан юм.
Үүгээрээ тэрээр сүүлийн нэг жилийн хугацаанд америкчуудын дунд өргөн мар-гаан мэтгэлцээн өрнүүлээд байгаад баячуудад өндөр татвар ногдуулах хуульдаа олны дэмжлэг авах нөгөө талаар энэ хуулийг эрс эсэргүүцэж буй Бүгд найрамдах намд цохилт өглөө. Гэхдээ тэрээр АНУ-д тулгараад байгаа эдийн засгийн бэрхшээл асуудлыг шийдэхэд Ардчилсан намын юм уу, Бүгд найрамдах намын үнэлэмж гэж байх ёсгүй. Америкийн үнэлэмж л байх ёстой гэдгийг цохон дурдсан. Анх ажлаа авсан цагаас хойш Б.Обамагийн хамгийн том асуудал хэвээр байгаа эдийн засгийн хямралын талаар Ерөнхийлөгч хэлэхдээ америкчууд 2008-2009 оны хямралын уршгаас аажмаар салж, эдийн засаг нь эрүүлжиж байгааг тэмдэглэжээ. Гэхдээ ажилгүй иргэдийнх нь тоо 13 саяар тоологдож, улсын өрийн данс 15.2 их наядад хүрээд байгаа энэ үед Ерөнхийлөгчийн сайхан үгэнд итгэх хүн төдий л олон биш байна. Ноён Обамагийн рейтинг 50 хувиас дээш гарч чадахгүй байгаа нь үүний нотолгоо юм. Гэхдээ Барак Обама сонгогчдын сэтгэлийг татах хэд хэдэн үгийг мэдэгдэлдээ дурдсан нь есөн жил шахам үргэлжилсэн Иракийн дайныг төгсгөл болгож, эр цэргүүдээ эх орондоо буцаан татсан, Америкийн заналт дайсан Обама Бин Ладеныг дарсан тухай байлаа.