Л.Гантөмөр:МАН-ынхан С.Баярцогтод “Улаан сарнай”-гаа өгмөөр юм
-АН засгаас гарах нь тодорхой боллоо. "Засгаас гар" гэсэн шахалт хийж байсан хүмүүсийн нэг нь та. Н.Алтанхуяг даргын шийдвэрт баяртай байна уу?
-Намын дарга цаг үеэ олсон, зөв шийдвэр гаргасан. Тэгээд ч АН Засгийн газраас сайдуудаа татах олон үндэслэл байгаа. Хамгийн чухал нь сонгууль. Удахгүй УИХ-ын ээлжит сонгууль болох гэж байна.Харин сонгуулиар иргэдэд тодорхой сонголт хийх боломж олгох хэрэгтэй. МАН-аас ялгаатай үзэл баримтлал бидэнд олон байгаа шүү дээ. Ялангуяа үзэл бодлын зөрүү их бий. Энэ бодлогын зөрүү хамтарсан Засгийн газрын үед огт харагдахгүй.
Тиймээс сонгогчдоо хүндэлсэн хэрэг.
АН-ын гишүүд "Хамтарсан Засгийн газраас гараач" гэсэн саналыг бол сүүлийн гурван жил тасралтгүй тавьсан. "Гараач" гэж байгаа хүмүүсийн тоо улам олширсон. Намын гишүүд, дэмжигчид хүртэл хэлж байгаа шүү. Мөн "Хамтарсан Засгийн газраас гараач", "Ажил хийе" гэсэн хүмүүсийн хоёр том хуваагдал бий болсон. Нам өөрийнхөө дотоод эв нэгдлийг хангах ёстой. Ямар ч байсан бид төрийн ажлыг тодорхой хэмжээнд нугалж, хийж өглөө. Ардчиллыг хүндэлдэг, либерал үзэл санааг дээ-дэлдэг, барууны үзэл баримтлалтай хүмүүсийнхээ эрх ашгийг нэгдүгээрт тавих цаг ч болсон. Дотоод зөрчлөө бүр мөсөн арилгах хэрэгтэй. Эв нэгдэлтэй байх хэрэгтэй. Ингэхийн тулд гарцаа байхгүй АН хамтарсан Засгийн газраас гарах ёстой. АН-ын дарга ийм шийдвэр гаргаж чадлаа.
-МАН-ынханАН-ыгзасгаасгаргах сонирхолгүй байх шиг байна?
-"Битгий гараач" гэж байгааг нь би хувьдаа ойлгохгүй байгаа. "Нөхөрлөж байсан хүнээ замын дундаас орхилоо" гэсэн гомдол яваад байна. Бид найз нөхөд байгаагүй. Нэг гэр бүл биш. Хүн ёсны ямар нэгэн харилцаа байхгүй. Харин хоёр улс төрийн хүчний бодлогоо хаана нэгтгэх вэ, юуг хамтдаа амжуулах вэ гэсэн ажил хэргийн харилцаа л байсан.
-Зарим гишүүн "Бялуу хувааж идчихээд үйрмэг нь үлдэхээр гарлаа" гэж байсан?
-Ямар бялуу хувааж идсэн юм бэ. Хэн юу идсэн бэ гэдгийг хэлэх хэрэгтэй. Үнэхээр бялуу идсэн юм бол яасан том бялуу иддэг юм. Манай сайдууд ч юу идсэн юм. Өөрсдөө идээд, тэрнээс нь манай намынхан хүртсэн бол хэл л дээ. Бид "Хамтарч ажил хийсэн" гэж ойлгож байгаа. Манай С.Баярцогт л гэхэд сайн ажилласан. Төсвийн тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль батлууллаа. Худалдан авалтын тухай ийг шинэчилж, Хөгжлийн банк байгууллаа. Х.Баттулга сайд шинэ төмөр замын талаар баримтлах бодлогыг батлууллаа. Гэтэл түүний тавьж байгаа ажлын байр бий болгох, төмөр замын бодлого, барилгын төслийг санхүүжүүлэхгүй байгаа. С.Батболд л санхүүжүүлэхгүй бай-гаа шүү дээ. Х.Баттулга гэдэг хүн чинь МоАХ-г удирдаж байгаа. "Түүний ажил урагштай байх юм бол ардчилсан үзэлтэй хүмүүсийн дэмжлэг хүчтэй болох юм байна" гэдгээс болгоомжилсон юм билээ. Би ингэж л харж байгаа.
-Засгаас гарах нэг шалтгаан нь энэ биз дээ?
-Х.Баттулга сайд хамаг юмыг нь хийгээд өгчихлөө. Тиймээс түү-ний оронд Ардын намын нөхөр очоод тэр ажлыг жинхэнэ ажил хэрэг болгох хэрэгтэй. Төмөр замын бодлого, "Зуун мянган айлын орон сууц" хөтөлбөрийг ажил хэрэг болгомоор байна. Хашрыг байгаа тохиолдолд мөнгийг нь батлахгүй, дэмжлэг үзүүлэхгүй байгаа байхгүй юу. Х.Баттулга УИХ-аар л юмаа шийдүүлж байгаа. Манай сайдууд олон ажил хийсэн. Хэрвээ "Бялуу хувааж идсэн" гэж байгаа бол түүнийгээ тодруулах хэрэгтэй. Хоёрын хооронд гоншгоноод хэрэггүй. Би "Манай зургаан сайд ажил хийх гэж очсон, хийсэн" гэж бодож байгаа. Тиймээс тэр хүмүүст "Баярлалаа" гэж хэлэх хэрэгтэй. Ардын намынхаа шагналыг өгөх хэрэгтэй шүү дээ. С.Баярцогт сайдад "Алтан сарнай"-гаа өгөөч. Ичмээр байгаа байхгүй юу. "Баярлалаа" гэхийн оронд "Харамсаж байна" гэдэг нь юу гэсэн үг вэ. Долоодугаар сарын 1-нд амь насаа алдсан иргэдийн гэр бүл, ард түмнээс уучлалт гуйгаагүй байж "Засгаас гарна" гэж хэлсний төлөө харамсал илэрхийлж байгааг нь гайхаж байна.
-Саяхан л "Засгаас гарахгүй" гэж байсан Н.Алтанхуяг даргад нэр бүхий гишүүдийн шахалтмэдээж нөлөөлсөн байх. "ҮЗХ-ны хуралдаанаар АН-ын даргыг солих талаар ярих нь тодорхой байсан" гэдэг яриа ч бий. Тэр үүнээс сэргийлсэн юм болов уу?
-Намын дарга хүн улс төрийн мэдрэмжтэй байж, цаг үеэ олсон шийдвэр гаргаж чаддаг байх нь чухал. Н.Алтанхуяг дарга ийм байж чадлаа. Ер нь манай намд засгаас гарах уур амьсгал маш хүчтэй байгаа. Үүнийг сөрж, намаа хуваагаад, өвчтэй болгоод, өвчнийг нь хүндрүүлээд байх сонирхол намын даргад байгаагүй юм байна. Цаг үеэ мэдэрсэн, асуудлаа ойлгосон шийдвэр гаргалаа. Түүнээс бус "Шахалтад ороод, айсандаа ийм шийдвэр гаргалаа" гэж хэлж болохгүй. Улстөрч хүн ард түмэн, намын гишүүдээсээ асуудаг, тэднийгээ мэдэрдэг байх ёстой. Мэдэрч чадахгүй зөрүүдлээд байвал аюултай нөхцөл байдал үүсэх байхгүй юу.
-Ийм зүйл болох дүр зураг ч харагдаж байсан шүү дээ?
-Нам дотор маш эвгүй хагарал бий болох дүр зураг харагдаж байсан. Түүнээс сэргийлж Чадсан. Ер нь "Н.Алтанхуяг аа. Засгийн газраас гарахгүй бол чамайг огцрууллаа шүү" гэсэн байдалтай л байлаа шүү дээ.
-Тэгэхээр одоо та "Н.Алтанхуягаар АН-ыг удирдуулж болно" гэж үзэж байгаа байх нь?
-Би хувьдаа тэгж л бодож байна. Н.Алтанхуяг дарга намын эв нэгдлийг хангаж чадлаа. Хүндрэх байсан өвчнийг намжааж чадсан. АН либерал үзэл санааны анхдагч байх ёстой. Манлайлахын оронд зүүний үзэл баримтлалтай намтай нэгдчихээр энэ хүчин зүйл суларсан. Одоо өөрийн гэсэн байр суурь дээрээ очсон тул үүн дээрээ хатуу зогсоно.
-Хоёр намын хооронд байгуулсан гэрээг яах вэ?
-Хоёр намын тодорхой төлөөлөгчдийн сууж байгаад байгуулсан гэрээ юм л даа. МАН-ын Бага хурал, АН-ын ҮЗХ-ны хуралдаанаар батлагдаагүй. Миний санаж байгаагаар шүү. Хэр зэрэг хүчин төгөлдөр баримт бичиг юм гэдгийг бодох л хэрэгтэй. Сонгуулийн тухай хуулийг батлахад МАН-ынхан яаж новширлоо. Тэр үед МАН-ынхан гэрээгээ үндэслэж шийдвэр гаргасан уу гэвэл, үгүй. Хувьцаа олгох асуудлыг шийдээд гурван жилийн нүүр үзэж байна. Өнөөдрийг хүртэл ард түмэнд хувьцаа олгохгүй, гэрээгээ зөрчөөд л явж байна. Тэгэхээр гэрээний заалтуудыг биелүүлэхийн тулд хэн, юу хийсэн бэ гэдгийг эргээд харах хэрэгтэй. Манай сайдууд бол гэрээгээ, мөрийн хөтөлбөрөө биелүүлэхийн төлөө ажилласан. Эцсээ хүртэл ажилласан. Энэ хүмүүсийг хэн ч буруутгаж чадахгүй. АН-ынхан МАН-ын Засгийн газрыг ч дэмжиж ажилласан. Тодорхой огцруулах шалтгаантай байсан сайдуудынхаа толгойг нь илж байхад бид дэмжлэг үзүүлж байсан. Гэтэл одоо АН л гэрээгээ зөрчсөн юм шиг, тэр гэрээ хууль ёсных байсан, нотариатаар батлагдсан юм шиг, эсвэл намын бүх гишүүдийн дунд хэлэлцүүлэг өрнүүлж байгаад хийсэн юм шиг асуудалд хандаж болохгүй.
-МАН-ынхан "Гэрээгээ зөрчиж байна" гэдгээр асуудал үүсгэх гээд байгаа юм биш үү?
-Ярьж болно оо. Дураараа л ярьцгааг. Манай нам тэртээ тэргүй бие даасан шийдвэр гаргана. АН ард түмнээ бодох цаг болсон. Бид холыг харж байна. Ардын намынхан ч гэсэн холыг харсан байдлаар асуудалд хандах байлгүй дээ. Түүнээс бус аль нэг нам руу муу, муухайгаа чихээд яах вэ. Юундаа сандраад байгаа юм. Бид эдийн засгийн өсөлтийг 20 хувь болгож өглөө шүү дээ. Тэгвэл С.Батболд "Бид үүнийг хийсэн" гэж яриад яваг. Тэр боломжийг л өгч байна шүү дээ. Бидний хувьд сонгуульд энэ янзаараа орвол өөрийн гэсэн өнгө төрхгүй болчих гээд байгаа юм.
-Хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн биелэлтийн талаар ямар бодолтой байгаа вэ. Танай намын дарга "Биелүүлсэн" гэж хэлсэн?
-"Хийж чадах зүйлээ бүгдийг нь хийсэн" гэж л хэлсэн байх. Хийж чадаагүй ажил зөндөө үлдсэн. Хийхийг мөрөөдсөн, хүссэн зүйл байсан. Гэхдээ үлдсэн зургаан сарын хугацаанд АН Засгийн газарт байлаа гээд тэр бүхэн хэрэгжихгүй л байхгүй юу. Цаашдаа Засгийн газар, "Монголчуудын амьдралыг сайжруулна" гэж худлаа ярихаа болих хэрэгтэй. "Өмнөөс чинь хийж өгье. Би мундаг, ухаантай шүү. Та нарыг унтаж байх хооронд амьдралыг чинь сайжруулна" гэдэг бол үлгэр. Онигоо байхгүй юу. Тиймээс засгаас гарсан үедээ эн* үгийг маш тод, томруунаар хэлнэ. Гэрээгээ ч дүгнэнэ. Хэн, хаана алдсаныг ярина. "Та нар бүх юмыг муухай болголоо" гэхгүй. Манай сайдуудаас болоод урагшлаагүй ажил байгаа бол арга хэмжээ авна. Тодорхой дүгнэлт гаргана.
-Дахиад "Стандарт бус" гэсэн тодотголтой Засгийн газар бай-гуулах болов уу. УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн дунд ч "Дахиж хамтрахгүй байх" гэх хүн байсан?
-Хэрвээ би АН-ын бодлогод нөлөөлж чаддаг бол дахин хэзээ ч хамтарсан Засгийн газар бай-гуулахгүй гэж хувьдаа итгэж байна. Надад тийм боломж байх уу, үгүй юү гэдгийг мэдэхгүй. Сонгуулиар олонх болсон нь ажлаа хийж, цөөнх болсон нь хяналтаа тавь гэсэн зарчмыг л барина. Тэр нь ч дээр.
-АН-ын удирдлагууд мэдээлэл хийсний дараагаас МАН-ын бүл-гийн гишүүдийн дунд сайд болох өрсөлдөөн эхэлсэн бололтой?
-Мэдэхгүй. Өөрсдөө "Боловсон хүчний нөөц ихтэй нам" гээд онгироод байдаг биз дээ. Дуртайгаа сайд болгоод явна л биз. Бид үүнийг ярих нь илүүц. Гэхдээ илэрхий алдаа гаргасан, ажиллаж чадахааргүй хүн томилох гэвэл эсэргүүцнэ. Миний хувьд, залуу сайдуудтай болоосой гэж бодож байгаа.
-Ерөнхийлөгч УИХ-ын хүндэтгэлийн чуулган дээр үг хэлэхдээ таны хийж байгаа ажлаар жишээ татсан. "Үүргийн хувьсгал"-ын талаар гэсэн үг. Таны хувьд УИХ-ын сонгуулийн өмнө "Ард иргэдэд таалагдахуйц" хэмээн дүгнэж болох санаа гаргаж тавьдаг. Цаг хугацаа нь ингэж таараад байдаг юм уу. Эсвэл таны нэг бодлого уу?
-Яах вэ. Ерөнхийлөгч миний хийж байгаа зүйлээс санаа авсан. Нэг ёсондоо сүүлийн жил хагасын хугацаанд хийсэн ажлын маань үр дүнг хуваалцлаа. Миний олзуурхаж байгаа зүйл бол "Ерөнхийлөгч монгол төрийн бүтэн зуун жилийн үйл ажиллагаа, бодлогыг дүгнэлээ. Зуун жилийн босгон дээр Монголын төр юу хийх хэрэгтэй талаар надтай адил санал хэллээ" гэсэн бодол юм. Сүүлийн 2-3 жилд бид ардчилсан хувьсгалын 20 жилийн ойг тэмдэглэлээ. Ерөнхийдөө 20 жилийн дараах ардчиллын, зах зээлийн эдийн засгийн үр дүн ямар байна гэдгийг тал талаас нь харлаа. Үүнээс би "Монгол төр эрхийн балай болжээ" гэсэн дүгнэлт хийсэн. Энэ эрхийн балайг эмчлэх хэрэгтэй. Эмчлэх арга нь "Үүргийн хувьсгал". Ерөнхийлөгч үүнтэй санал нэг байгаа. Монголын дарга нар, бүх шатны төрийн албан хаагч өөрийн гэсэн үүрэгтэй. болох хэрэгтэй. Тэгэх юм бол төр цэвэршинэ. Төр өөрөө өөртөө үүрэг хүлээвэл ажилсаг байж чадна.
Одоо бол эрх мэдэлтэй, "том" хүмүүс л байна. Балайрал болчихоод байна." Зарим нь бүр солиордог.
Талхны үнэ мэдэхгүй солиорч байгаа сайд хүртэл бий. Ерөнхийлөгч "Зуун жилийн босгон дээрээ Монгол төрийн хийх ажил энэ байна" хэмээн хэлж, миний хийлгэсэн судалгааны дүгнэлтүүдийг хүлээн зөвшөөрч, санал нэгтэй байгаагаа илэрхийлсэн нь надад урам өгсөн. Би энэ ажлыг үргэлжлүүлэн хийнэ гэж бодож байгаа. "Ерөнхийлөгчийн дэргэд, намын дэргэд зөвлөл байгуулъя. Монгол төрийг үүрэгтэй болгох арга юу байна. Үүргийн харилцаатай болгох боломж юу байна" гэдэг дээр ажиллана. Энэ бол урт хугацаатай ажил. Гэхдээ чадах чинээгээрээ ажиллуулах хэрэгтэй. Ерөнхийлөгч санаачилга гаргасанд магнай хагартал баярлаад сууж байгаа.
-Танд өөр шинэ санаа байгаа юу?
-Төрд зүтгэж байгаа хүний хувьд өөрийн гар, оюун ухаанаараа өөрийн гэсэн бодитой шинэчлэлүүдийг хийхэд оролцож байгаа гэдэгтээ баярлаж байгаа. Цаашдаа ч иймэрхүү ажил хийнэ. Залуу хүмүүс төрд байгаа эмгэгийг засаж чадна. Хэнд ч харагдахгүй юм байна. Нас ахисан хүмүүс "Бүх юм болж байна. Ийм л байх ёстой. Байдгаараа л байна" гэж хараад байгаа юм. Улс төрд залуу хүмүүс орж ирээсэй. Орж ирсэн хүмүүс нь над шиг 2-3 зүйлийг санаачилж, ажил хэрэг болгохын төлөө тэмцээсэй гэж бодож байна. "Үүргийн хувьсгал"-аас гадна "Удмын сан бий болгох. Монгол хүн удмаа мэддэг байх" ёстой гэдэг дээр тодорхой ажил төлөвлөчихсөн байгаа.
-Ийм санаанууд хаанаас төрөөд байна вэ. Эсвэл та хэн нэгнээс зөвлөгөө авдаг юм уу?
-Надад олон найз бий. Би жирийн иргэдтэй найзалдаг.Жирийн нэг компанийн захирал, рестораны зөөгч, сэтгүүлч,татварын байцаагч найзуудтай. Тэдэнтэй яриад явдаг. Жишээлбэл, яаманд ажилладаг найзуудаасаа "Танай яамны ажил яагаад явахгүй байна вэ" гэж асуудаг. Тэд "Ажилд орохдоо зоригтой, омог бардам, шийдэмгий байсан. Гэтэл ажил хийгээд сар болоход дарга юу гэнэ түүнийг биелүүлдэг хүн болж хувирсан. Бидэнд өгдөг тусгай үүрэг гэж алга. Даргад байгаа эрх мэдлийн дагуу, тэр хүний өгсөн үүрэг даалгаварт нийцүүлж ажилладаг. Манай дарга УИХ-ын гишүүдэд таалагдах ажил л хийдэг" гэж байгаа юм.
Үүнээс эхлээд л "Үүргийн хувьсгал"-ын талаар ярьж эхэлсэн. Болохгүй байгаа зүйлийг хайдаг нь миний хувийн онцлог юм даа. Хүмүүс олж харахгүй, нуугдаад байгаа, тэгсэн мөртлөө улс оронд саад болж байгаа зүйлийг ил гаргах гэдэг л юм. Юм бичдэг олон найз надад бий. Санаагаа, хийсэн зүйлээ эвлүүлснийхээ дараа судлаачдыг гуйж юмаа гаргуулдаг. Өөрөө хамтарч ажилладаг. Энэ дагуу бичээд өгдөг найзууд байна. Эцсийн шийдвэрийг гаргах биш, олон түмнээр дүгнэлт хийлгэх нь чухал. Хүн болгоноор бодлого бодуулах хэрэгтэй. Тэгэхгүй Л.Гантөмөр хариултыг нь гаргаад тавьчихвал олны анхаарлыг татахгүй. Харин "Одоо яах вэ" гэхээр олон хүнээс санал ирж байна шүү дээ. Монгол Улсын Ерөнхийлөгч хүртэл өөрийн саналаа хэлж байна. Үүнээс л бидний бодож олоогүй санаа гарч ирнэ. Ганц гишүүн юмаа аваад зүтгэх их хортой. Шүүмжлүүлнэ, унана. Гарсан ч үр дүнд хүрэхгүй. Тиймээс би "Олон хүнийг хамруулж байж жинхэнэ ажил болно" гэсэн зарчим л барьдаг юм.