Гуравдугаар Ким ба умард солонгосын ирээдүй
2011.12.22

Гуравдугаар Ким ба умард солонгосын ирээдүй

Дипломатчийн хүү дипломатч болдог гэж Монголд ярилцдаг бол Умард Солонгост энэ үг “Хайрт удирдагч”-ийн хүү “Аугаа залгамжлагч” байх ёстой гэсэн утгаар ойлгогдоно. Хэдхэн хоногийн өөд болсон БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ирийг түүний гуравдахь эхнэрээс төрсөн Ким Чен Ун гэдэг хүү нь буюу Ким III залгамжилна гэдэг нь бараг тодорхой болжээ.

 

Гуравдугаар Кимийн хувийн амьдралын талаар мэдээлэл маш хаалттай, бүдэг бадаг байдаг. Түүнийг 1998-2000 онд Швейцарийн Берн хотын ойролцоох Либефельд дэх хувийн сургуульд байсан гэхээс өөр тодорхой мэдээлэл байдаггүй. Тэрбээр суралцаж байхдаа Ун Пак нэртэй байсан ба өөрийгөө Солонгосын дипломатчийн хүү гэж хамт сурдаг нөхөддөө танилцуулдаг байж.Түүнийг удирдагчаар тодорсны дараа Умард Солонгосын дотоод амьдрал, гадаад улс төрийн бодлогод өөрчлөлт гарах болов уу, яах бол хэмээн гадаадын шинжээчид анхааралтай ажиглаж өөрсдийн дүгнэлтийг аль хэдийнэ дэвшүүлээд эхэлжээ.

 

Америкийн “Уолл Стрит Жорнэл” сэтгүүлд бичсэнээр, АНУ Умард Солонгост үзүүлэх тусламжаа түр зогсоож, ОХУ, Хятад, Япон улсуудтай идэвхтэй зөвлөлдөж байгаа бол гол холбоотнуудынхаа нэг Өмнөд Солонгостой үйл ажиллагаагаа нягт уялдуулан зохицуулж байгаа аж. Пентагоны нэгэн дээд тушаалтан хэлэхдээ “цөмийн зэвсэг бүхий дарангуйлагч дэглэмийг 27 настай залуу толгойлж байгаа нөхцөлд бидэнд санаа зовох зүйл байхгүй гэж хэлэхэд үнэхээр хэцүү”гэсэн байна.

 

Олон улсын асуудлаарх Вашингтоны зөвлөлийн шинжээч Питер Бек “Хэн нь ажил хэргийг хөтлөн явуулж, хэн нь эрх мэдэл багатай байх вэ гэх асуултын хариу оршуулгын ёслолын үеэр тодорхой болно” гэж дүгнэснийг “Уолл Стрит Жорнэл” иш татжээ. Гуравдугаар Ким үг хэлэх үү, түүний хажууд хэн суух нь вэ гэх зэрэг зүйлийг ажиглагчид нүд салгахгүй ширтэх болно. Оросын РОСБАЛТ цахим хуудасны шинжээчдийн үзэж байгаагаар, хэлэлцэн тохиролцож болох юм байна гэсэн сэтгэгдлийг сөргөлдөгч улс орнууддаа харуулах боломж гарч ирж байгаа аж.

 

Умард Солонгост томоохон өөрчлөлт гарна гэж хүлээх хэрэггүй хэмээн Оросын ШУА-ын Алс Дорнодын хүрээлэнгийн /АДХ/ солонгос судлалын төвийн захирал А.Жебин үзэж байна. Үйл явдал 1994 онд Ким Ир Сен таалал төгссөний дараах үеийнх шиг өрнөх болно. Учир нь, Ким Чен Ир бие барахаасаа өмнөхөн нам, төрийн дээд удирдлагыг шинэчилж чадсан бөгөөд ингэснээрээ улс төрийн тогтолцоог тогтворжуулж, өөрт нь илүү ойр зөвлөхүүд болон туслахуудын хүрээллийг бий болгож чадсан. Эдгээр хүмүүс засаглалын хүрээнд өөрийн нөлөөг бэхжүүлэх, улс орныг удирдахад бэлтгэхэд нь ирээдүйн их удирдагчид туслах болно гэж Оросын шинжээч үзэж байна. Тухайлбал, улс орны гадаад харилцааны асуудлыг олон жил эрхэлж байсан Ардын Их хурлын тэргүүлэгчдийн дарга Ким Ён Нам гэж хүн бий. Түүнээс гадна цэрэг, эдийн засгийн салбарт туршлагатай улс төрийн товчооны гишүүд ч байна.

 

Шинжээчийн үзэж байгаагаар, талийгаач Ким Чен Ир өөрийн эцэг Ким Ир Сенийг нас барсны дараах гурван жилийн хугацаанд күнзийн сургаалыг баримтлан олон нийтийн өмнө ил гарахаас зайлсхийж, бусад удирдагчдад үүрэг даалгавар өгөх маягаар ажлаа явуулдаг байжээ. Энэ удаад ч ийм байдал давтагдана гэж тэрбээр үзэж байна.

 

Харин Америкийн “Стратфор” сэтгүүл доорх дүгнэлтийг хийж байна. БНАСАУ даяар ирэх 2012 онд тус улсыг үндэслэгч Ким Ир Сений мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэхээр бэлтгэж байх үеэр Ким Чен Ир бие баржээ. Тэрбээр өөрийн хөвгүүдийн дотроос хэнийг нь залгамжлагчаараа сонгох вэ гэдэг дээр тун удаан нухацтай бодсон. Энэ нь эцгээсээ өөр бодлого баримтлах вий гэж болгоомжилсных. Ким Чон Ун /оросууд Ким Чен Ын гэдэг/ дөнгөж 2010 онд л залгамжлагчаар тодорсон учраас түүнд улс орныг удирдах туршлага бага гэдэг нь ойлгомжтой.

 

Шинэ залуу удирдагчийг эгчийнх нь нөхөр болох Чан Сон Тэк гэдэг генерал хүн хөшигний цаанаас залуурдаж харин Ким Чен Ун ажил хийх явцдаа дадлага суух бололтой. Тэгэхээр ойрын хэдэн жилд умард солонгосчууд дотоодын асуудалдаа голлон анхаарах болов уу. Энэ үед тус орны дээд зиндааныхны дотор хүчний шинэ харьцаа бий болно. Ер нь аливаа шилжилтийн үед хэн нэгэн нь улс төрийн ашиг хонжоо хайж байдаг нь ёс мэт болсон учир аливаа сөргөлдөөн нь дотоодын хямралд хүргэж мэдэх юм.

 

Өнөөдрийн хамгийн сонирхол татаж буй асуудал бол Умардын зэвсэгт хүчний статусын тухай асуудал юм. Ким Чен Ун нь Солонгосын Хөдөлмөрийн намын Цэргийн төв комиссын дэд дарга бөгөөд саяхан хурандаа генерал цол хүртсэн. Гэсэн ч түүнд цэргийн хэргийн мэдлэг өчүүхэн ч байхгүй. Хэрвээ зэвсэгт хүчнийхэн Ким овгийнхнийг дээд албан тушаалд байлгахыг хүсэж байвал байдал түр зуур тогтвортой байх болно.

 

Өмнөдийн И Мен Баг байлдааны өндөржүүлсэн бэлэн байдал зарлан сүржигнэсэн боловч Умардынхан үүнтэй төстэй хариу алхам хийгээгүй нь БНАСАУ-ын цэргийн дээд удирдлага засаг төр шилжих явцыг хүлээн зөвшөөрч байна гэж үзэхэд хүргэж байна.

 

ОХУ-ын ШУА-ийн АДХ-гийн солонгос судлалын төвийн шинжээч К.Асмолов дорхи дүгнэлтийг хийжээ. Солонгосын хойг дахь хуваагдмал хоёр улсын асуудал Ким Чен Ирийг нас барсны дараа шийдэгдэнэ гэж олон хүн үздэг. Гэхдээ бүх зүйл дөнгөж эхэлж байна.

 

Шинэ удирдагч эцгийнхээ адил туршлагатай нэгэн биш юм. Харин түүний эцэг Ким Чен Ир бол хямралт байдлыг зохицуулж чаддаг маш сайн менежер байсан. Гаднаас хэчнээн дарамт шахалт ирж байсан ч 1995-1997 онд болсон өлсгөлөнг дахин гаргуулаагүй юм.

 

1994 онд Ким Ир Сенийг нас барсны дараа Өмнөд Солонгосын тал Умардын талаар таагүй үгс чулуудаж байснаараа алдаа гаргасан билээ. Харин одоогийн ерөнхийлөгч И Мен Баг иймэрхүү зүйлээс зайлсхийж, чимээгүй байж чадваас үүнийг нь Пхеньяны зүгээс яриа хэлцээ хийхэд бэлэн байгаагийн илрэл гэж ойлгон хүлээж авч магадгүй.


Хөрш орнууд, ялангуяа Орос, Хятад, Япон гурав үүссэн нөхцөл байдалд маш хянуур болгоомжтой хандах хэрэгтэй. Гол аюул нь Умард Солонгос цөмийн зэвсэгтэй тул хэрвээ байлдааны ажиллагаа эхэлбэл цацраг идэвхт бодис салхины чиглэлээс хамаарч хоёрхон цагийн дотор Владивосток, Бээжин, Токиод хүрэх магадлалтай.

 

Түүний дээр, Сөүлийн эрх баригчид өнгөрсөн зууны дунд үед умардынхны гаргасан нэгэн аймшигт алдааг давтахгүй байх хэрэгтэй. Умардын коммунистууд Сталиныг юунд үнэмшүүлсэн гэхээр, өмнөдийнхөн коммунистуудыг угтан авахад бэлэн байгаа гэж итгүүлсэн явдал. Үүнээс болж 1950-1953 онд дэгдсэн Солонгосын дайн нь золтой л дэлхийн гуравдугаар дайнд хүргэчихээгүй билээ. Өнөөгийн бодит байдал гэвэл, Умард, Өмнөд хоёр Солонгос одоог хүртэл хоорондоо эвлэрлийн гэрээ байгуулаагүй. Солонгосын хойгт тогтсон хэврэгхэн гэж болох энх тайван байдал нь зөвхөн гал зогсоох хэлэлцээр дээр л тогтож байгааг Оросын шинжээч санууллаа.

 

Харин өмнөд солонгосчуудын санааг зовоож буй гол асуудал нь умардын цэргийнхний болзошгүй өдөөн хатгалга гэхээсээ илүү Ким Чен Ир нас барсан явдал эдийн засагт нь хэрхэн нөлөөлөх бол гэсэн болгоомжлол. Ерөнхийлөгч И Мён Баг ард иргэддээ хандан Умардын удирдагч нас нөгчсөн явдалд дэндүү их ач холбогдол өгөлгүйгээр өдөр тутмын бизнесийн үйл ажиллагаандаа анхаарлаа төвлөрүүлэхийг уриалжээ.

Умард Солонгосын удирдагч нас барсан тухай мэдээлэл цацагдсан даруйд Өмнөд Солонгосын хөрөнгийн биржүүдийн индекс ялимгүй унасан билээ. Тухайлбал, КОSPI индекс 89.36 пунктээр буурч 1750.6 болсон. Үүсэн бий болсон геополитикийн эрсдэл, хөрөнгийн биржүүд дэх тодорхойгүй байдал нь тус улсын зээлжих чансаанд нөлөөлж болзошгүй хэмээн Өмнөд Солонгосын эдийн засагчид болгоомжилж байгаа юм.

 

БНАСАУ-ын удирдагч нас барсантай холбоотой дуулиан тарьж ч болохоор тийм таамаг дүгнэлтүүд Өмнөдийн зарим хэвлэлд тухайлбал “Чосон илбо” гэдэг сонинд гарчээ. Ким Чен Ир үнэхээр ажлаа хийж яваад галт тэргэн дотор нас барсан эсэхэд эргэлзсэн агуулгатай өгүүлэл тус сонинд нийтлэгдсэн байна. Товчлон тодруулбал, Ким таалал төгссөн тэр өдөр Пхеньян хотод -12 хэмийн хүйтэн байсан ба ийм сэрүүхэнд зүрх муутай хүнийг гадагшаа гарахыг эмч нар нь хориглосон байх учиртай. Түүнээс гадна, Өмнөд Солонгосын үндэсний тагнуулын албаны захирал Вон Сей Хун Үндэсний Ассамблейд илтгэл тавихдаа Кимийн хуягласан галт тэрэг амралтын өдрүүдэд өртөөнөөс хөдөлсөн гэх ямар нэгэн шинж тэмдэг байгаагүй гэнэ. Өмнөдийн тагнуулынхны үзэж байгаагаар, Кимийн дэргэд цөөн тооны дээд тушаалтан байсан аж. Тэгвэл Кимийг улс орноороо аялах үед бие хамгаалагч, эмч нар гээд хэдэн зуун хүн дагалддаг. Тэгэхээр тэд үүнийг мэдсэн байх учиртай, үүнийг 50 гаруй цагийн турш нууна гэж байх уу? гэсэн эргэлзээ төрүүлнэ.

Өмнөдийн нэгэн өндөр албан тушаалтан хэлэхдээ «галт тэргэнд нас барсан гэх мэдээлэл нь Умардын дэглэм талийгаачийг амьсгал хураах хүртлээ ард түмнийхээ төлөө ажиллаж байсан маш хөдөлмөрч удирдагч байсан хэмээн алдаршуулахын тулд санаанаасаа зохиосон зүйл байж магадгүй» гэжээ.

Харин Умард Солонгосын гол холбоотон хятадуудын хувьд гэвэл: Улс орных нь удирдагч нас барсны дараах шилжилтийн үед байгаа БНАСАУ-д ямар нэгэн дарамт шахалт үзүүлэх нь зохисгүй гэж Хятадын албаны хүмүүсийн байр суурийг илэрхийлдэг Бээжингийн «Глобал таймс» сонинд бичжээ. «Зарим улс орнууд Ким Чен Ир нас барсныг далимдуулан Умардад дарамт үзүүлэхийг оролдож, Пхеньяны дотоод болон гадаад бодлогод өөрчлөлт гарна гэж найдаж байх шиг байна» гэж Хятадын нийгмийн ухааны академийн шинжээч Лю Чао дүгнэлээ. Ким Чен Ир нас барсны дараа цөмийн асуудлаарх зургаан талын хэлэлцээр сэргэчихнэ гэсэн магадлал бага гэдгийг тэрбээр дурдаад энэ эмзэг үед дарамт шахалтаа улам чангаруулах нь аюултай бөгөөд тун бодлогогүй үйлдэл гэж тодорхойлсон байна.

Энэ мэтчилэн ертөнцөөс тусгаарлагдсан гэж болох дэлхийн хамгийн хаагдмал улсын төрийн тэргүүн нас нөгчсөнийг тойрсон дуулиан шуугиан, элдэв таамаг дүгнэлтүүд гадаадын хэвлэлүүдийн хуудсыг дүүргэсээр байна.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.