Хатан хаан хэдийг ЗАРЛАГAДДАГ вэ?
Жирийн иргэдийн халааснаас гардаг Хатан хааны цалин
Хоёрдугаар Елизаветагийн хувийн хөрөнгийн тухай мэдээлэл өөр өөр байдаг. Форбс сэтгүүлийн хуудаснаа 2007 онд гарсан мэдээллээр бол, түүний хөрөнгө 600 сая доллароор үнэлэгдсэн бол 2010 онд мөн сэтгүүлд бичсэнээр, 450 сая долларын хэмжээтэй байв.
Гэсэн хэдий ч албан ёсны эх сурвалжууд буюу хатан хааны захиргааны төлөөлөгчид 1990-ээд онд ярьснаар, Елизаветагийн хувийн өмч дэх 100 сая фунт стерлингийн тухай мэдээллийг баримтгүйгээр худлаа нэмсэнд тооцож болох аж. 2010 оны албан ёсны тайланд бичсэнээр, хатан хааны гэр бүлийн зардалд 14,2 сая орчим фунт зарцуулжээ. Британийн парламентын баталсан, хатан хааны жил тутмын зардлын жагсаалтад түүнд 7,9 сая орчим фунт стерлингийн цалин өгөхөөр тусгасан байдаг.
Арми, цагдаа болон бусад зардлыг хасаад хатан хаанд 2010 онд 38,2 сая фунт стерлинг зарцуулсан аж. Энэ үзүүлэлт 10 жилийн хугацаанд /1991-1992 оноос эхэлсэн/ хоёроос илүү хувиар багассан байна. Урьд нь Үндсэн хуульт хаант засаглалын үед аж төрснийхөө төлөө Их Британийн иргэд жил бүр 87 сая фунт төлдөг байжээ. Харин 2009-2010 онд татвар төлөгч бүр жилдээ хатан хааны ордны зардалд ердөө 62 пенс төлж байв.
Сөрөг хүчнийхэн энэ мөнгийг улсынхаа иргэдэд учруулж байгаа татварын дарамт гэж үзэн дургүйцлээ байнга шахам илэрхийлдэг байжээ. 2010 онд Их Британийн хатан хааны ордны зардалд нийтдээ 110-184 сая фунт стерлинг зориулсан бол испаничууд хаандаа 7,5 сая фунт стерлингтэй тэнцэх хэмжээний хөрөнгө зарцуулсан байлаа.
Мөнгийг юунд зарцуулж байна вэ?
Хатан хааны ордонд гаргасан зардлын жагсаалтад ямар заалт орсон байдаг юм бол? Хатан хаан болон түүний ойр дотныхны цалин, тэтгэвэр, ёслолын арга хэмжээний зардал, өргөөнүүдийн болон эмнэлгийн үйлчилгээний зардал нэн түрүүний жагсаалт буюу “Civil list” гэж нэрлэсэн ангилалд багтдаг байна. Түүнийг бас хатан хааны зардлын жагсаалт гэж нэрлэдэг ба 2010 онд энэ зардалд 14,2 сая фунт стерлинг зарцуулжээ.
Өргөөнүүдийг болон хатан хааны гэр бүлийн гишүүдийн цэцэрлэгүүдийг зохих түвшинд өнгө үзэмжтэй байлгах, тэдний гадаад аялал, нийгмийн ажлыг багтаасан “Grants-in-aid” зардалд мөн хугацаанд 19,7 сая фунт стерлингийг хуваарилсан байна. Тэрчлэн хатан хааны хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг нэгтгэсэн “Crown Estate” бие даасан санг дэмжих, парламентын түрээс болон засгийн газрын зарим байгууллагын зардалд багтсан үлэмж хэмжээний мөнгө зарцуулдаг байна.
Далай, тэнгисийн эзэмшигч байх нь
Хатан хааны ордны санхүүгийн газар зардлынхаа албан ёсны тайланг жил бүр нийтэлдэг. Нээлттэй мэдээллээс үзсэн ч Британийн хаант засаглал Европдоо хамгийн өртөн өндөртэйд тооцогддог.
Хатан хааны ордны эд хөрөнгө, бэлгэ тэмдэг, урлагийн бүтээлүүд 348 сая фунт стерлингээр үнэлэгддэг бөгөөд нийт ард түмний өмч болохын хувиар тэдгээрийг хадгалж хамгаалах баталгаа болсон эрх баригч гэр бүлийн төлөөлөгчдийн албан ёсны мэдэлд байдаг юм. “Crown Estate” сангийн өмчид тооцогдох хөдөө аж ахуйн эдэлбэр газрууд /1200 га/ бараг нэг тэрбум фунт стерлингээр үнэлэгддэг.
Тэдгээр нь жил бүр 200 орчим саяын ашиг өгдөг байна. Энэ санд далай тэнгисийн эргийн бараг 55 хувь, цэцэрлэгт хүрээлэнгийн 1600 га газар, ой бүхий 3000 гаруй га газар, Их Британийн алт, мөнгө бүхий орд газар, Шотландын эрэг орчмын усны яргай загас, хясаа ордог аж.
Сонирхолтой баримтууд
Хаант засаглал нь Их Британид жил бүр 150 сая гаруй фунт стерлингээр хэмжигдэх ашиг орлого оруулдаг ажээ. Тэдгээрийн үлэмж хэсгийг аялал жуулчлалаас орох орлого эзэлж байна. Харин хоёрдугаар Елизавета өөрөө олон нийтийн янз бүрийн сан болон буяны байгууллагуудаар дамжуулан хэдэн зуун саяар тоологдох орлого оруулдаг аж.
Үүний сацуу хаант засаглал нь британичуудын хувьд уламжлал болон үндэсний бахархлын салшгүй хэсэг болдог. Тиймээс сөрөг хүчнийхний дийлэнх нь хатан хааны нүсэр захиргааг татвар төлөгчдийн мөнгөөр тэтгэхийн оронд тэр хэмжээний зардлыг хэмнэхийг шаардаж байна. 2009-2010 онд уг зардал ойролцоогоор 12 хувиар багасчээ. Энд тэмдэглэхэд, хатан хаан өөрөө Британийн хэмжүүрээр бол нэлээд даруухан аж төрдөг.
Хоёрдугаар Елизавета цэцэрлэгээр харуул хамгаалалтгүй зугаалж, аялахдаа хөлөг онгоц түрээслэхийг илүүд үздэг бөгөөд хооллохдоо цамаан загнадаггүй, хувцаслахдаа даруухан хэрнээ дэгжин байдлыг эрхэмлэдэг байна. Хоёрдугаар Елизаветагийн хамгийн алдартай бөгөөд цорын ганц дурладаг зүйл бол малгай. Түүний малгай бүр нь урлагийн бүтээл байдаг. Үүний сацуу хатан хаан хайртай нохдынхоо арчилгаа болон адууны аж ахуйд ихээхэн анхаарал тавьдаг ажээ.