Ц.Сэргэлэн: Кино урлагийг дэмжих төрийн бодлого ямар байх вэ?
2020.10.08

Ц.Сэргэлэн: Кино урлагийг дэмжих төрийн бодлого ямар байх вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.10.08\ нэгдсэн хуралдаанаар Кино урлагийг дэмжих хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд хуулийн төслийн санаачлагчидаас асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн: 

"Кино урлагийг дэмжих төрийн бодлого ямар байх вэ гэдгийг онцгой анхаарч хуульдаа тусгаж өгөх ёстой. Төрийн бодлого юуг нь дэмжиж, юуг нь хориглох вэ гэдэг нь тодорхой байх хэрэгтэй. Жишээлбэл: Монголын түүх соёл, үнэт зүйл, ард түмний язгуур ашиг сонирхлыг хангах нь төрөөс дэмжих зайлшгүй асуудал. Энэ чиглэлээр хийгдэж байгаа уран бүтээлүүдийг дэмжихээс өөр аргагүй. Нийгмийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлдөг гэмт хэрэг, хүчирхийлэл, садар самуун зэрэг сөрөг үзэгдлүүдийг кино урлагт үзүүлж сурталчлахыг хуулиар хориглож өгөх ёстой.

Онцгойлон авч үзэх ёстой кино бол хүүхдийн кино. Кино урлаг бол танин мэдэхүйн чанартай, хүүхдийн сэтгэл зүйд маш хүчтэй нөлөөлдөг. Тийм учраас хүүхдийн киног төрийн бодлогоор дэмжих ёстой.

Баримтат кино бол түүхийг түүхээр байлгах, Монголыг Монголоор нь байлгах, Монголын үнэт зүйл, соёл, түүхийн өвийг хойч үедээ баримтжуулан үлдээх нэг хэлбэр юм. Эдгээр зүйлийг Монгол төрийн бодлого энэ хуульд яаж суулгаж өгсөн бэ?" 

Түүний асуултад Соёлын сайд С.Чулуун хариуллаа.