2021.06.29
Б.Баярсайхан: Кино урлагийн үндэсний зөвлөл яаж ажиллахаас шалтгаалж энэ хууль хэрэгжинэ
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.06.29/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан:
Хуулийн төслийг дэмжиж байна. Кино урлагийн үндэсний зөвлөлийн дарга, гишүүд ямар хүмүүс байх вэ гэж асуудал хөндөж ярьж байна. Энэ зөвлөл зөвхөн төсвийн хөрөнгийг захиран зарцуулах бус үүнээс илүү кино урлагийн салбарыг түүчээлэн авч явах, хөгжлийн бодлогыг тодорхойлох, алсын хараатай ажиллах ёс зүйтэй ийм чадварлаг мэргэжилтнүүд байх ёстой гэж ойлгож байгаа. Үүний араас Зөвлөлийн ажиллах журмыг батална. Энэ журмын ажлын хэсэгт ямар хүмүүсийг оруулах вэ? Салбартаа хүлээн зөвшөөрсөн хүмүүсийг оруулахад Ч.Номин сайд анхаарч ажиллаарай. Яагаад гэхээр энэ зөвлөл яаж ажиллахаас энэ хууль цаашдаа хэрхэн явах нь хамаарах юм.
Түүний асуултад УИХ-ын гишүүн Ч.Номин хариуллаа.