Засгийн газраас 7000 тонн ноолуурыг үнэгүйдүүлэхгүйн тулд арга хэмжээ авахаар болжээ
2020.04.30

Засгийн газраас 7000 тонн ноолуурыг үнэгүйдүүлэхгүйн тулд арга хэмжээ авахаар болжээ

УИХ-ын өчигдрийн (2020.04.29) чуулганы нэгдсэн хуралдаанаар “Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээний тухай” тогтоолын төслийг хэлэлцэн баталсан билээ. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, М.Оюунчимэг, Ж.Мөнхбат, Б.Чойжилсүрэн, Л.Элдэв-Очир нар өнөөдөр (2020.04.30) дээрх тогтоолын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийв.

Мэдээллийн эхэнд УИХ-ын гишүүн Б.Баттөмөр тогтоолын заалтуудыг уншиж танилцуулсан юм. Тэрбээр, Монгол Улсын урт хугацааны тогтвортой өсөлтөд дэмжлэг үзүүлж, үүсэх эрсдэлээс хамгаалж, санхүүгийн чадвартай байх эрүүл, тогтвортой, зохистой засаглал бүхий банкны салбарыг бий болгох шинэчлэлийн хөтөлбөрийг гаргаж, хэрэгжүүлэх, зээл, санхүүжилтийн хүү болон эх үүсвэрийн зардлыг бууруулах, цар тахлын үед төрөөс нийгмийн шаардлагатай хэсэгт хөнгөлөлт, дэмжлэг үзүүлэх, жижиг дунд үйлдвэрийн зээлд батлан даалтын сангийн үйл ажиллагааг эрчимжүүлэх болон улсын гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, мөнгө хүүлэлтийг хязгаарлах замаар зээлдэгчийн эрхийг хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлэх зэрэг арга хэмжээг нэн яаралтай авч хэрэгжүүлэх шаардлагатай байна. 

Тухайлбал төрийн үйлчилгээний болон төрийн тусгай албан хаагчдад зориулсан ипотекийн зээлийн шинэ бүтээгдэхүүн гаргах хүрээнд түрээслээд өмчлөх хэлбэртэй орон сууцны тусгай хөтөлбөр гаргаж хэрэгжүүлэх, орон сууцны ипотекийн зээлийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх, ноолуурын түүхий эдийн экпорт бүрдүүлэх, ноолуурын экспортыг дэмжих зорилгоор хилээр татваргүй гаргах, хөнгөлөлттэй зээл олгох, малчдын орлого болон үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зорилгоор ноолуурын килограммын суурь үнэ дээр нэг килограмм тутамд 20 мянган төгрөгийн урамшууллыг малчин бүрт олгох зэрэг заалтууд уг тогтоолд орсон гэв. 

Мөн ноолуурын экспортын талаарх сэтгүүлчдийн асуултад УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир, “Тогтоолд ноолууртай холбоотой дөрвөн заалт орсон. Засгийн газраас гаргасан 101 тоот тогтоолын жишгээр Монголд жилд 10 мянган тонн ноолуур гаргадаг. Үүний 3000 тонныг дотоодын үйлдвэрлэгчид авч бүтээгдэхүүн хийдэг бол үлдсэн 7000 тонныг гадаад руу гаргадаг. Гэхдээ энэ жил онцгой нөхцөл байдал үүссэн учир гадаад руу гаргадаг ноолуурыг худалдан авагчид, хөрөнгө оруулагчид байхгүй болж байна. 7000 тонн ноолуур үнэгүйдэх нөхцөл байдал үүсээд байна. Өнөөдрийн байдлаар зүүн дөрвөн аймгийн ноолуур авалтыг хийж эхэлсэн.

Нийт 14 аж ахуйн нэгж гэрээ байгуулж, ноолуур худалдан авах ажиллагаа явагдаж байна. 7000 тонн ноолуур үнэгүйдэх нөхцөл үүссэн учир Засгийн газраас яаралтай арга хэмжээ авахаас өөр аргагүй болсон. Иймд УИХ-ын тогтоолд дээрх зохицуулалтуудыг оруулсан. Тушаасан ноолуурын кг тутамд 20 мянган төгрөгийн урамшуулал олгосноор 200 мянган малчин өрхийн 800 мянган иргэний орлогыг нэмэгдүүлж байна. Хөрөнгийн эх үүсвэрийн тухайд улсын төсвөөс 200 тэрбум төгрөг шийдэгдэнэ. Яам холбогдох журмаа боловсруулж, зохион байгуулалтаа хийнэ” гэлээ.