2020.04.29

Б.Бат-Эрдэнэ: Арилжааны банкуудын монополь байдлыг задлах арга хэмжээ хийгдэх үү?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.04.29\ нэгдсэн хуралдаанаар Коронавируст халдвар (СОVID-19)-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилсан сэргийлэх, цахим шилжилт хийх арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэн баталлаа. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд санал хэлж, асуулт асуусан юм.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

“Гадаад валютын нөөцийн зохистой хэмжээг хангахад нэн ач холбогдолтой алтны дэлхийн зах зээлийн үнэ цар тахлаас шалтгаалан огцом өссөн энэ үеийг ашиглана гэж заасан байна. Энэ ямар арга хэмжээ байх вэ? Одоогийн Засгийн газар байгаль орчноо хамгаалах чиглэлд дорвитой ажиллаж байгаа ч энэ шийдвэр зөрчилдөх үү? Мөн хулгайгаар гадагшаа гарч байсан алтны асуудал энэ үед хаагдаж Монголбанкинд тушаах нь нэмэгдсэн гэж байна.

Засгийн газар санаачилгатай ажиллаж Дэлхийн бусад орнуудаас дэмжлэг авах, хамтын нийгэмлэгийн байгууллагууд цар тахлыг дайны хэмжээнд авч үзэн улс орнуудад дэмжлэг, бага хүүтэй зээл олгох зэрэг ажил өрнөж байгаад манай Засгийн газар санаачилгатай ажиллаж байна. Энэ асуудал дээр ямар арга хэмжээ авах вэ?

Банкны монополь байдлыг задлах чиглэлийн ажил хийгдэнэ гэж байсан. Энэ ажил уялдаж хийгдэх үү? ААН-д 1 сая гаруй зээлдэгч байна. Эднийгээ дэмжих ажил хийгдэж байна. Үүний цаана эрх мэдэлтэнүүд нь холбоотой байгаа гэх мэт олон асуудал байна шүү. Үүнээс сэргийлэх ямар арга хэмжээ байна вэ?”

Түүний асуултад УИХ-ын гишүүн Б.Баттөмөр хариуллаа.