2011.05.15

“Боловсрол хүүхэд” дэд хөтөлбөр

  1. 1. Бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих /тоглоом наадгайгаар хангах/

Бага насны хүүхдийг хөгжүүлж төлөвшүүлэх чухал хэрэглүүр бол тоглоом юм. Тоглоомын тухай хүн бүр сайн мэддэг энгийн нэг зүйл мэт боловч тэдгээр нь маш өргөн утга агуулгатай, олон нэр төрөлтэй, ихээхэн ач холбогдолтой болохыг тэр бүр мэддэггүй.

 

Хүн сайн сайхан амьдрахын тулд эрүүл аж төрөх, боловсрол зайлшгүй эзэмших ёстой байдаг шиг, хүүхэд тоглоомынхоо тусламжтай юмс үзэгдлийг мэдэрч, түүгээрээ дамжуулан хүрээлэн байгаа орчинтойгоо танилцаж эхэлдэг. Томчууд бидний зааж сургаагүй, хийж үзүүлээгүй, хэлж зөвлөөгүй бүхнийг хүүхэд тоглоомноосоо хүртэж хүлээн авч, хөгжиж төлөвшиж байдаг. Гэтэл манайд хүүхдийн чухал хэрэгцээ болсон тоглоомын талаар цэцэрлэгийн багш нараас өөр санаа зовох хүн байдаггүй бололтой. Цэцэрлэгүүдээс авсан судалгаанаас үзэхэд тоглоомын нэр төрөл цөөн, хүрэлцээ муутай, тоглоом авах мөнгө төсөвт тусгагдаагүйгээс эцэг эхчүүд нь өөрсдөө худалдан авч өгдөг ба ихэнх тоглоомыг багш нар өөрсдөө хийж хүүхдүүдээ саатуулдаг байна.


Багш нар янз бүрийн хаягдал материал, хайрцаг сав, хуулга ашиглан янз бүрийн тоглоом наадгайг дуурайлган мөн зохиож хийсэн нь тэдний хөдөлмөрч, хичээнгүй, чадварлаг, үнэхээр хүүхдийн төлөө гэсэн сэтгэлийг нь харуулж, тэднээр бахархах сэтгэгдэл төрүүлж байлаа. Худалдаж авсан тоглоомууд нь үнэ хямд, чанар муугаас амархан эвдэрч элэгддэг, цөөн тоотой байдгаас хүүхдүүд тоглоомоо булаацалддаг бөгөөд багш нарын ур ухаан, цаг заваа гарган байж хийсэн зарим тоглоом нь өнөөгийн хүүхдийн хүсэл сонирхолд тэр бүр нийцэх нь ховор болсон байна. Мөн тоглоомын хүрэлцээ муутайгаас цэцэрлэгийн бага ангид байхад авсан тоглоом нь бэлтгэл анги төгстөл гурваас дөрвөн жил анги ахих бүрд нь дагаж элэгдээд л тоглоомын тоог бөглөөд явдаг бололтой. Гэтэл хүүхэд өсөж том болох тутам танин мэдэхүйн хэрэгцээ нь өсөж тэр чинээгээр тэдний тоглоом шинэчлэгдэн нэр төрөл нь олширч байх шаардлагатай байдаг. Судалгаанаас үзэхэд цэцэрлэгийн нэг бүлэгт нэг хүүхдэд 1-2 тоглоом ногдож байгаа, бүтээлч тоглоом буюу хөдөлгөөнт, сургах тоглоом дутагдалтай байгаа нь  бага насны хүүхдийн оюун ухаан, бие бялдар, нийгэмшихүйн хөгжилд сөргөөр нөлөөлж  болзошгүй  байна. Энэ байдлыг харгалзан үзэж “Бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих”, чиглэлээр БГД-ийн төрийн өмчийн 30 цэцэрлэг тус бүрд 7 төрлийн 60 ширхэг нийт 1600 ширхэг  тоглоомоор хангалаа.

 

Мөн цаашилбал, Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгийн 35.3%, төрийн бус өмчийн 48.5% нь гадна тоглоомын талбайгүй, төрийн өмчийн цэцэрлэгийн 60% нь, төрийн бус өмчийн цэцэрлэгийн  90% нь туршлагын талбайгүй байгаа нь өдрийн дэглэмийн нэг хэсэг болох зугаалгын үйл ажиллагаа явагдахгүй, туршлагын талбайгүйгээс хүүхэд ажиглалт хийх, хөдөлмөрлөх нөхцөл бүрдээгүй зэрэг нь хүүхдийн өсөлт хөгжил, бие бялдар, хөдөлгөөнд сөргөөр нөлөөлж улмаар сургуулийн өмнөх боловсролын стандарыг хэрэгжүүлэн  ажиллах боломжгүй байна. Цэцэрлэгүүдийн  гадна талбайд  хаягдал төмөр, дугуйгаар тоглоом хийж ашиглаж  байгаа нь “Хүүхдийн тоглоомын үйлдвэрлэлт ба худалдаанд тавигдах эрүүл ахуй, ариун цэврийн дүрэм”-ийн 2.2-ын “хаягдал бүтээгдэхүүн болон ариутгаагүй, шинжлэгдээгүй хоёрдогч түүхий эд ашиглахыг хориглоно”  гэсэн заалтыг, Хүүхдийн байгууллагын гадна талбайн тоглоом эвдэрхий, хүүхэд тоглох боломжгүй байгаа нь Боловсрол, соёл шинжлэх ухааны сайдын 2008 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Хүүхдийн цэцэрлэгийн аюулгүй байдлын дүрэм”-ийн 2 дугаар зүйлийн 2.1.2-т буй “цэцэрлэгийн гадна талбайн зохион байгуулалт, тоглоом, бусад тоног төхөөрөмж нь хүүхдийн аюулгүй байдлыг хангасан байна” гэсэн заалтыг тус тус зөрчөөд байгаа юм. Иймд БГД-ийн төрийн өмчийн 94, 133, 141, 157, 147 дугаар цэцэрлэгүүдийн гаднах тоглоомын талбайг тохижууллаа.

1. Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын суралцах нөхцлийг сайжруулах

Нийслэл Улаанбаатар хотод сүүлийн жилүүдэд хөдөө орон нутгаас шилжин ирэгсдийн тоо эрс нэмэгдсэнээр сургуулийн анги танхимийн хүрэлцээ муу байна. Түүнчлэн Монгол улсад ерөнхий боловсролын 12 жилийн тогтолцоотой болох бэлтгэл ажил ид явагдаж байгаагаас анги танхимийн хүрэлцээний дутмаг байдал улам даамжирах нь тулгамдсан асуудлын нэг болоод байна. Хичээлийн анги танхимийн хүрэлцээ муу байгаа хот суурин газарт нэг өдрийн хичээлийг гурван ээлжээр явуулахаас өөр аргагүй байдалд байгаа гэх зэрэг хичээллэх байрны хүрэлцээний асуудал нь хүүхдүүдийн сурч боловсрох орчин нөхцөлд сөргөөр нөлөөлж байна.

 

Иймд 1980-аад онд баригдсан 2 давхар сургуулийн барилгыг хөнгөн хийц буюу Канад модон каркасан технологиор давхарлаж 3 давхар болгон өргөтгөх санаачлагыг гарган холбогдох байгууллагуудаар судалгаа, шинжилгээг хийлгэн, зураг төслийг боловсруулж төсөвт өртөг болох 845,0 сая төгрөгийг 2011 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэх ажлын жагсаалтад оруулан батлуулаад байна. Уг ажлыг эхний ээлжинд БГД-ийн 96-р сургууль дээр хийхээр сонгоод байгаа бөгөөд 2011 оны 9 дүгээр сар буюу хичээлийн шинэ жил эхэлхэд гүйцэтгэж дуусган ашиглалтад оруулах юм. Сургуулийг өргөтгөж давхарласнаар хичээлийн 20 анги, 3 кабинет, 60 суудалтай номын сан бий болж 700 гаруй сурагчид шинээр нэмж суралцах нөхцөл бүрдэх юм.

  1. 2. ЕБС-ийн “Компьютер, техник хангамжийг сайжруулах”

Мэдээлэл холбооны технологи асар хурдацтай хөгжиж, дэлхий дахины хөгжлийн чиг хандлагыг үндсээр нь өөрчилж, компьютер, интернет хүний амьдралын хэрэгцээ болж, нийгэм эдийн засгийн бүхий л салбарт түлхүү нэвтэрч байна. Өнөөдөр оюуны хөрөнгө оруулалт хийдгээрээ боловсролын салбар бүхний анхаарлын төвд байж, цаашид ч байх учраас энэ салбарт ихээхэн анхаарал тавих шаардлагатай байгаа.

“Монгол Улсын Мэдээлэл Холбооны Технологийн хөгжлийн 2010 он хүртэлх үзэл баримтлал”-д сургалтын талаар: бүх шатны боловсролын агуулгад мэдээлэл холбооны технологийн боломжийг таниулан, тэдгээртэй харьцах мэдлэг чадвар  эзэмшүүлэхэд бүхий л боломжийг ашиглах, багшлах боловсон хүчний талаар: өндөр хурдацтай хөгжиж байгаа мэдээллийн технологийн хөгжлөөс мэдлэг чадварын хувьд хоцрохгүйгээр өөрийгөө хөгжүүлэх чадвартай боловсон хүчнээр хангах, мэдээлэл хангамжийн талаар: салбарын мэдээллийн  нэгдсэн сүлжээ, сан бий болгох, мэдээллээр  үйлчлэх боломжийг бүрдүүлэх, техник хангамжийн тала ар мэдээлэл, холбооны технологийн хөгжлийн орчин үеийн түвшинд сургалт явуулах болоод мэдээлэлд чөлөөтэй нэвтрэх боломжийг бүрдүүлэх техник, тоног төхөөрөмжөөр хангах  гэсэн үндсэн зорилтуудыг дэвшүүлсэн. Иймээс дүүргийн хэмжээнд байгаа ерөнхий боловсролын 46, 43, 28, 40, 96 дугаар сургуулиудад компьютерийн иж бүрэн кабинет байгууллаа.

Оюутан залуучуудын боловсролыг дэмжих

 

Монгол Улс дэлхийн оон оронтой хөгжил дэвшлээрээ энэ тэнцүү өрсөлдөж, хөгжихийн тулд ард түмэн нь тэр дундаа өсвөр үе, залуучуудын мэргэжил, боловсрол, ёс суртахуун, зан харилцааны өндөр соёлтой эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж, хариуцлагатай иргэн болж төлөвших нь энэ цаг үеийн шаардлага болоод байгаа юм. Иймд дүүргийн өсвөр насны хүүхэд, залуучуудад мэдлэг, мэргэжлийн орчин үеийн чиг хандлага эзэмшүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлэх, үүднээс “Боловсрол бол Бодит ирээдүй“, “Мэдлэгт суурилсан манлайлал буюу мэргэжилээ хэрхэн сонгох вэ? “Багийн хамтын ажиллагаа буюу хүний нөөцийн менежмент, хашигдмал сэтгэлгээнээс бүтээлч сэтгэлгээ руу” сэдвээр цуврал лекцийг БГД-ийн ерөнхий боловсролын сургуулиуд дээр зохион байгууллаа.

 

Сургалт нь боловсролын тогтолцооны болон сургалтын технологийн шинэчлэл, дэлхийн боловсрол судлалд гарч буй шинэ парадигмыг тусгаж байгаагаараа онцлог юм. Энэ сургалтын арга хэмжээ нийт 55 удаагийн давталттайгаар явагдаж дүүргийн 16-н сургуулийн 5500 орчим ахлах ангийн сурагч, багш нар  хамрагдан 10800 ширхэг товхимол гарын авлага  тараалаа.

 

Хувь хүний хөгжилд чиглэгдсэн иймэрхүү сургалт хөтөлбөрийг нэг удаа хэрэгжүүлээд өнгөрөх биш  цуврал хэлбэрээр явуулах нь чухал  байгааг сургалтын үед сургалтанд хамрагдсан багш сурагчид хүсэмжилж байсан ба энэ байдлыг харгалзан 2011 онд Оюутан, залуучуудын зуны амралтын үеэр зуны сургалтууд зохион байгуулахаар ажлын төлөвлөгөөнд тусгаад  байна.

“Боловсролын цахим удирдлага”-ыг нэвтрүүлэх

БГД-ийн боловсролын хэлтэс болон ерөнхий боловсролын бүх сургууль, цэцэрлэгүүдийг сүлжээний системд холбох, хоорондын уялдаа холбоог сайжруулан, багш ажилчид болон тухайн сургуулийн талаархи мэдээллийн бааз бүрдүүлэх, ингэснээр хоорондоо мэдээлэл солилцох, түгээх, дамжуулах зэрэг үйл ажиллагаанд цаг алдахгүй асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэх цахим удирдлагын систем ажиллуулах програмыг боловсруулж, вэб сайтыг нээсэн ба шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг худалдан авч дараагийн шатны ажлуудад шилжин ороод байна. Үүнд:

-       Дүүргийн сургууль, цэцэрлэгийн хоорондын үйл ажиллагааг уялдаатай болгох

-       Байгууллага бүрийг сүлжээнд суурилсан үйл ажиллагаа, удирдлага, зохион байгуулалт, албан хаачдыг хөгжүүлэх сургалтыг цахим хэлбэрээр явуулах

-       Байгууллага бүрийг нэгдсэн албан хаагчдын мэдээллийн баазтай болгох

-       Нэгж дээр мэдээллийн өөрчлөлтийг цаг алдалгүй тухай бүрт нь шинэчлэлт хийж, нэгдсэн баазад оруулж байх боломжийг олгох

-       Аливаа албан даалгавар, мэдээ мээлэл, баримт бичгийг цахим, онлайн хэлбэрээр солилцох боломжтой болгох

-       Байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулж, ил тод, шуурхай байдлыг хангах нэгдсэн системийг хийж хэрэгжүүлэх

-       Мэдээллийн технологийн талаарх мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалтыг цахим хэлбэрээр зохион байгуулах боломжийг бүрдүүлж өгөх

-       Дүүргийн бүртгэлийн нэгдсэн баазтай болох

-       Цахим сургалтын системтэй болох

-       Аливаа албан даалгавар, мэдээ, мэдээлэл, баримт бичгийг цахим, онлайн хэлбэрээр солилцох боломжоор хангах гэх мэт боломжуудыг бий болгохоор ажиллаж байна .

 

  1. 5. Ерөнхий боловсролын сургуулийн барилга

 

БГД-ийн 1-р хорооны нутаг дэвсгэрт 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын хөрөнгө оруулалтыг 2010 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлын жагсаалтад санал оруулан батлуулж улмаар барилга угсралтын ажил эхлээд 3 давхарт хүрээд байна .

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.