С.Эрдэнэ:Хүчирхийллийн эсрэг хүчирхийлэл бий болдог жамтай
2011.11.14

С.Эрдэнэ:Хүчирхийллийн эсрэг хүчирхийлэл бий болдог жамтай

УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Төрийн байгуулалтын байнгын хорооны өнгөрсөн пүрэв гаригийн хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах бичиг өргөн барьсан есөн гишүүний саналыгхэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн нь хуулийн үндэслэлтэй юу. Олон янзынтайлбар гараад байна. Та юу гэж бодож байна?

Байнгын хороо дахиад л хууль зөрчлөө. Их хурлын  гишүүдээс оруулж байгаа  саналыг хэлэлцэх эсэхийг байнгын хороо,түүний дарга шийддэггүй. УИХ-ын даргын зөвлөлөөр шийддэг. Нэгэнт хэлэлц гээд оруулсан бол хэлэлцээд тухайн асуудлыг дэмжих, дэмжихгүй тухайд ярина уу гэхээс  хэлэлцэх эсэх талаар ярьдаггүй. Тиймээс Их хурлын дэгийн тухай хуулийг  зөрчсөн гэж үзэж байна. Нөгөө талаас Их хурлын гишүүний бүрэн эрхэд халдлаа. Монголын төр өөрөө ямар болчихсоноо л харуулж байна.

Увайгүй, ичгүүр сонжуургүй болчихлоо. Дээрээс нь хэвлэл, мэдээллийн салбарыг бүхэлд нь худалдаад авчихсан. Есөн гишүүнийг гутаах доромжлох, тавьсан саналыг нь олон түмэнд  хамгийн болохгүй,бүтэхгүй  асуудал мэтээр ойлгуулахын төлөө улайрч байна шүү дээ, Хэвлэлүүд бидэн рүү янз бүрийн хэлбэрээр дайрч байна. Бид өнөөдөр хэн нэгэн Батболд гэдэг хүнд муудаа юм уу, өс хонзон авах гэсэн байдлаар хандаагүй.

Аливаа албан тушаалтан хариуцлага хүлээх ёстой, ялангуяа төрийн өндөр дээд албан  тушаал хашиж байгаа хүмүүс хууль зөрчсөн бол хуулийн дагуу хариуцлага хүлээх учиртай. Тэр үндсэнд асуудлыг тавьсан. Бид Ерөнхий сайдад уулзах тухай саналаа хүргүүлсэн, хүлээж аваагүй. УИХ-ын  57 дугаар тогтоолыг биелүүлэх тухай шаардлага хүргүүлсэн. Тэр хүн гадаадын хөрөнгө оруулагч компаниудтай хамтарч Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээгүй асуудлаар "57 дугаар тогтоолыг бүрэн хэрэгжсэн гэдгийг дахин нотолж байна" гэсэн мэдэгдэл хийсэн. Яриад байвал Монголын төр дампуурсныг ил тод харуулсан үйлдлүүд нэлээд олон гарлаа. Засгийн газар нь парламентдаа захирагдахаа байсан, парламент нь үндсэндээ гүйцэтгэх засаглалынхаа эрхшээлд орчихсон, Засгийн газар юу гэж дуугарна, УИХ үг дуугүй кноп  дарж баталж өгдөг болжээ. Ийм л хэмжээнд хүрчихсэн байна, Үүнийгээ ч Өнөөдөр тод томруун харууллаа. Ийм бусармаг, хууль бус, Үндсэн хууль зөрчсөн төр байна гэдгийг есөн гишүүн ил тод болгож, нийгэмд харуулж өглөө.

-Төр гажуудсаныг хүмүүс янз бүрээр тайлбарладаг. Зарим нь хариуцлагын тогтолцоог хуульчлаагүйтэй холбоотой гэдэг. Анх хамтарсан Засгийн газар байгуулагдахад таны шүүмжилж байсанчлан парламентын мөн чанар алдагдсан гэж үзэж болох уу?

-Парламентын мөн чанарыг алдагдуулснаас ийм байдалд хүрчхээд байгаа нь үнэн. Тэр нь юу вэ гэвэл олонх, цөөнхгүй парламент гэдэг хамгийн утгагүй, парламентын сонгодог шинж чанараа алдсан ийм л төрийг бий болгочихоод байна. Зарим нь БАНТАН ч гэнэ үү, МАНАН ч гэнэ үү янз бүрээр томъеолдог. Би анхнаасаа хамтарсан засаг байгуулахын эсрэг байсан. Одоо ч ийм байр, суурьтай байгаа. Парламент гэдэг олонх нь олонх шиг засаглаж, цөөнх нь цөөнхийн байр, сууринаас хяналтаа тавьдаг тогтолцоог л хэлдэг шүү дээ. Гэтэл өнөөдөр бодитоор нь аваад үзэх юм бол энэ тогтолцоо алдагдчихсан. Парламентын сонгодог жишиг алдагдчихаар хяналт тавих механизм алга болчихсон. Нэг үгээр хэлбэл, хяналттай төрийн тогтолцоо алдагдчихаар хэн дуртай нь юу ч хамаагүй хийж болдог, олонх, цөөнх болох ёстой хоёр нам хамтран засаг байгуулж, сүүлдээ юун хяналттай төр хуйвалдаанаар бүх асуудлаа шийдэж байна.

Өнөөдрийн төр, засаг ийм байгаа, Дээр нь хоёр намын удирдлага үндсэндээ парламентынхаа дээр гараад суучихсан,парламент нь гүйцэтгэх засаглалаа захирах биш захирагдаад хэдэн хүн намын удирдлага гэдэг нэрээр бүгдийг захирдаг болсон. Ийм л дүр зураг харагдаж байгаа. Энэ байдлаас харвал Монголын төр эмгэнэлт байдалд хүрэх болсон шалтгаан нь хамтарсан засаг байгуулснаас үүдсэн. Түүнээс хуульдаа байгаа юм биш. Хуулийг гажуудуулж, гажиг төрийн тогтолцоо, гажиг засаглалыг бий болгосон учраас өнөөдөр ийм үр дүнд хүрээд байгаа юм.

-2012 онд хоёр нам ялах, дахиад МАНАН-гийн Засгийн газар байгуулах тохиролцоо хийж байна гэсэн мэдээлэл өнгөрсөн хавраас дуулдсан. Одоо хэлэлцэгдэж буй Сонгуулийн тухай хуулиар үүниигээ баталгаажуулж авах гэж байгааг улс төрийн хүрээнийхэн жиг, жуг гэлцэх боллоо. Улстөрч хүний хувьд ямар дүгнэлт хийж байна?

-Ард түмнийхээ эрүүл саруул сонголтод найдаж байна. Энэ удаагийн сон-голт арай өөр байх болов уу. Бодит байдал ямар байна, ард иргэдийн амьдрал ямар байгаа вэ. Хэдэн сая, тэрбумаар нь сонгуулийн авилга, мөнгө төгрөг тараана л биз, түүнийг нь ав. Тэртэй тэргүй авах ёстой мөнгө юм чинь. Гагцхүү энэ удаагийн сонгуульд маш хариуцлагатай хандаасай, хэнийг гаргах вэ, хэнийг гаргахгүй байх вэ гэдгийг анхаарч ямар ч сонгуулийн хууль гарсан гэсэн эцсийн дүн сонгогчийн өгсөн саналаар гарна. Тиймээс сонгогчид маань хариуцлагатай байгаасай гэж уриалмаар байгаа юм.

-Баг зүүсэн бусармаг төрийн үнэн төрхийг есөн гишүүн ил тод болгож, нийгэмд харуулж өгсөн гэж та хэллээ. Нөхцөл байдал үнэхээр тийм байгаач өнөөдөр та бүхэнд янз бүрийн нэр хоч өгч олон нийтээр таалгах мэтээр асуудлыг хошин шогийнбайдал руу оруулах байдал анзаарагдаж байна. Энэ" талаар юу хэлэх вэ?

-Түүнийг бичиж байгаа нөхөр ч гэсэн хунд гайхуулах юмгүй байх. Бусдыг янз бүрээр цолло-дог, түүгээрээ хоол олж иддэг тийм л этгээд. Түүнд өөр хийж чадах юм байхгүй. Биеийн хөдөлмөр хийж чадахгүй. Гадаадын том, том хүний зохиолоос орчуулж түүгээрээ хоол олж иддэг. Тэгээд өөрийгөө агуу хүн гээд бодчихсон. Баабарын онол гэж би дуулаагүй юм байна. Харин түүний хуулан бичлэгийг бол олныг үзсэн. Янз бүрийн нэр, цол өгөх байдаг л зүйл. Нэг алдартай хүн "Үнэхээр чи улс төрч болж байгаа бол маргааш чамайг бяц гишгэхэд бэлэн бай" гэж хэлсэн байдаг юм. Улс төрч гэгдээд явж байгаа учраас хэн юу гэж доромжлох нь надад сонин биш. Түүнийг даагаад, үүрээд гарах тэнхээ бидэнд бий.

-УИХ-ын гишүүн Ц.Батбаяр, Н.Батбаяраар өргөх бичигт хөндсөн асуудлаа үргэлжлүүлнэ гэж мэдэгдэж байна лээ. Энэ байр суурьд бүгд санал нэгдсэн үү?

-Санаа бодол нэг байгаа. Их хурлын нэг, хоёр гишүүнийг доромжилж болох ч есийн есөн гишүүнийг доромжилж арай дийлэхгүй болов уу. Энэ нь галаар тоглож байгаа-тай адилхан.Бид асуудлыг зүгээр орхихгүй.

-Бусад улс орны жишгээс харахад төрийн өндөр албан тушаалтан, сайд дарга нар хийсэн үйлдэл байтугай хэлсэнүгийнхээ төлөө хариуцлага хүлээдэг. Асуудал ярихаас өмнө өөрөө хариуцлагаа ухамсарлаж албан тушаалаасаа сайн дураар огцордог, парламентынхаа шийдвэрийг хүндэтгэдэг. Манайд энэ бүхэн эсрэгээрээ хэрэгжиж байна гэж болохуу?

-Шүүмжилсэн, болохгүй, бүтэхгүй байгааг хэлсэн хүнийг гутаадаг, доромжилдог ийм жишиг тогтчихоод байна шүү дээ. Тэр битгий хэл "Хаан шалдан байна" гэдгийг анх хэлж чадаж байсан Баабар маань өнөөдөр тэгж хэлсэн хүнийг доромжлоод зогсож байна, чи нүцгэн хааныг хувцастай гэж хэлсэнгүй гээд есөн шидийн нэр хоч зүүгээд. Өнөөдөр нийгэм яасан айхтар өөрчлөгдөж вэ. Бид ардчилал, хүний эрх, шударга ёс гэж яриад түүний төлөө 20 жил зүтгэлээ. Яагаад шүүмжилсэн, үнэнийг хэлсэн хэсэг рүү увайгүй дайраад байгаа юм бэ. Энэ чинь ардчилсан Монгол Улс уу, дарангуйлалтай улс орон юм уу. Ойлгогдохгүй болчхоод байна. Хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд нь хүртэл ямар нэгэн байдлаар худалдагдсан, дарамтад орсон байдалтай харагдаж байна. Тэр битгий хэл, бодлогоор төр засгийн болохгүй, бүтэхгүй бай-гааг хэлдэг, шүүмжилдэг хүмүүсийг муулна гэхээс ямар нэгэн байдлаар хийж байгаа ажил, үйлсийг нь сурталчлах, сурвалжлахыг нь хүртэл хориглочихсон байх жишээтэй. Тэглээ гээд бидний дуу хоолойг хорьж чадахгүй л дээ, зогсоож чадахгүй. Үнэнийг хэлэх л болно.

-УИХ, байнгын хороогоор асуудлыг хэлэлцэх боломжгүй гэсэн хариуг хуулийн этгээдийн өмнө баримт болох албан баланкаар өгөөгүй учраас Цэцэд хандах боломжгүй есөн гишүүн мухардалд орсон гэсэн мэдээлэл дуулдаж байгаа. Тэгэхээр та бүхэн ямар ч гарцгүй болчихсонюм биш үү?

-Хариугаа цаасаар аргаж өгөхгүй байгаа, Төрийн байгуулалтын байнгын хорооноос ямар нэгэн тогтоол, шийдвэр гаргаж өгөөгүй. Зүгээр санал хураагаад л өнгөрсөн. Аль болох хуулийн гаргалгаагүй байдалд оруулах гэж оролдож байгаа. Ингэх тусмаа өөрсдөө л эргээд мухардалд орно. Хүчирхийллийн эсрэг хүчирхийлэл бий болдог жамтай. Аливаа асуудлыг албан тушаал, өнгө мөнгөөр дарангуйлж хүчирхийллийн аргаар шийднэ гэж бодож байгаа бол тэр бүтэхгүй.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.