Ж.Сүхбаатар: Намайг доромжилсон С.Эрдэнийн үг миний хэлсэнтэй тэнцэнэ
2011.11.01

Ж.Сүхбаатар: Намайг доромжилсон С.Эрдэнийн үг миний хэлсэнтэй тэнцэнэ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатарыг “Ярилцах танхим”-даа урилаа.
-УИХ-ын нэр бүхий есөн гишүүн УИХ-ын тухай болон УИХ-ын дэгийн тухай хуулийг үндэслэн Ерөнхий сай­дыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх ёстой гэж үзэж байгаа. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Нэр бүхий есөн гишүүн Ерөнхий сайдыг огцруулах санал бүхий агуулгатай албан бичгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүдэд танилцуулсан юм. Юун түрүүнд тэд асуудлыг ямар байдлаар тавьсан бэ гэдгийг хэлэх ёстой байх. Эдгээр есөн гишүүн дунд УИХ-ын 57 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхийг шаардаж буй гишүүд багтсан. Тэд Засгийн газрыг огцруулах асуудлыг тавьж, гарын үсгээ цуглуулсан юм билээ. Харин Үндсэн хуу­лийн 43.4-т “УИХ-ын ги­шүү­дийн дөрөвний нэгээс доошгүй нь Засгийн газрыг огц­руулах тухай саналыг ал­бан ёсоор тавибал УИХ хэлэлцэн шийдвэрлэнэ” гэж заасан байдаг.

Тэгэхээр 19-өөс доошгүй ги­шүү­ний гарын үсэг цуглуулах шаардлагатай байсан гэсэн үг. Гэтэл 19 гэх босго тоонд албан бичиг хүргүүлсэн гишүүдийн гарын үсэг хүрээгүй юм. Тэгтэл тэдгээр есөн гишүүн Үндсэн хуулийн 25.1.6-д заасан “Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд хуульд зааснаар УИХ-д ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагын бүрэлдэхүүнийг томилох, өөрчлөх, огцруулах” гэдгийг нэг үндэслэл болгоод байна. Үнэн хэрэгтээ энэ нь УИХ-ын бүрэн эрх юм. Гэсэн ч тэд УИХ-ын тухай хуулийн 7.1.12-т заасан “УИХ-аас сонгогдсон буюу томилогдсон албан тушаалтан илтгэл, сонсгол хэлэлцүүлэх, тэдгээрийг эргүүлэн татах, огцруулах санал гаргах” гэснийг үндэслэн УИХ бол Ерөнхий сайдыг огцруулах бүрэн эрхтэй. Тиймээс бид огцруулах санал гаргах бүрэн эрхтэй гэж зүтгээд байгаа юм.
-Тэгэхээр дээрх гишүүдийн тавьсан асуудлыг яагаад хэлэлцэх боломжгүй болчихов?
-Бид тавьсан саналыг нь үгүйсгээгүй шүү дээ. УИХ Ерөнхий сайдыг огцруулах бүрэн эрхтэй юү гэвэл тийм. Мөн УИХ-ын гишүүдэд огцруулах санал гаргах эрх бий. Дэгийн тухай хуульд зааснаар ийм асуудал оруулаад ирвэл УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэх ёстой. Хамгийн гол нь энд асуудал үүсэхгүй байгаа юм. Харин хуулийн хэм хэмжээг хэрэглэх нөхцөл заасан хэсэг гэж бий. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл бүрэн эрх чамд байгаа боловч чи тэр бүрэн эрхээ ямар тохиолдол, нөхцөлд эдлэх боломж бүрдэх юм гэдгийг заасан хэсэг. Үндсэн хуульд Ерөнхий сайдыг огцруулахтай холбоотой хоёрхон заалт бий. Нэг нь дээр хэлсэн УИХ-ын бүрэн эрх байна. Нөгөөх нь Үндсэн хуулийн 66.2.4-т “Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдыг огцруулах, УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах үндэслэл байгаа эсэхийг Үндсэн хуулийн Цэц дүгнэлт гаргаж, УИХ-д оруулна” гэж заасан байдаг. Харин хуульд УИХ-ын гишүүн Ерөнхий сайдыг огцруулах санал гаргах бүрэн эрхтэй гэж заагаагүй. Тиймээс бид Үндсэн хуулийг л баримтлах ёстой.
-Гишүүд Ерөнхий сайд бол Засгийн газар биш, албан тушаалтан хэмээн үзэж байгаа шүү дээ?
-Есөн гишүүн “Үндсэн хуулийн 39.1-т зааснаар Засгийн газар нь Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ гэж байгаа. Засгийн газрыг огцруулах асуудлыг Үндсэн хуулийн 43.4-т оруулж өгсөн байхад Ерөнхий сайдыг орхичихсон байна. Иймээс УИХ-ын тухай хуулиар огцруулах асуудал тавих эрхтэй” гээд байгаа. Засгийн газар огцорно гэдэг нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийн бүрэн эрх дуусгавар болно гэсэн үг. Гэтэл Ерөнхий сайдыг зүгээр албан тушаалтан гэх юм. Энэ бол тийм биш. Учир нь Засгийн газар үйл ажиллагаагаа танхимын зохион байгуулалтаар явуулдаг. Энэ утгаараа Ерөнхий сайдын танхим гэж хэлж болно. Яагаад гэвэл Үндсэн хуулийн 41.1-д зааснаар “Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг УИХ-ын өмнө хариуцдаг”. Мөн 40.2-т “Засгийн газрын бүрэн эрх УИХ-аас Ерөнхий сайдыг томилсноор эхэлж, шинэ Ерөнхий сайдыг томилсноор дуусгавар болдог” гэсэн байдаг. Тиймээс Ерөнхий сайд зүгээр нэг албан тушаалтан биш учраас түүнийг томилсны дараа Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа тоологдож эхэлдэг. Үүнээс үзэхэд Ерөнхий сайд өөрөө Засгийн газар юм.
-Гэхдээ Засгийн газарт ха­риуцлага тооцох цаг нь болсон гэдэг. Та үүнийг юу гэж бодож байна вэ?
-Ерөнхий сайд, Засгийн га­зарт улс төрийн болон хуулийн хариуцлага тооцож болно. Зөрчил гаргасан эсэхийг нь УИХ-ын ги­шүүн, хэн нэгэн этгээд бус хууль, хяналтын байгууллага гэм буруутайг нь тогтоовол хуулийн хариуцлага хүлээж, огцруулах асуудал үүсдэг. Харин улс төрийн хариуцлага гэдэг нь “Би чамд итгэхгүй байна. Дэмжихгүй” гэдэг агуулгаар асуудлыг тавьж болдог. Ер нь Засгийн газрын оршин тогтнох эс оршин тогтнох асуудлыг улс төрийн хариуцлагын үүднээс яривал парламентын олонхийн дэмжлэгийг авч байгаагаар нь тодорхойлж, шийддэг. УИХ-ын гишүүдийн одоо тавиад байгаа асуудал бол хуулийн хариуцлага бус улс төрийн хариуцлага хүлээлгэх тухай юм. Харин нөгөө талаар Ерөнхий сайдын хувийн гэм буруутай үйлдлээс болж огцруулах асуудлыг тавих боломж бий. Энэ нь Цэцийн дүгнэлтээр огцруулах эсэх асуудлыг шийдвэрлэнэ гэсэн үг.
-Таныг хэн нэгний гар, хөл болж, бас айсандаа “Хэлэлцэх боломжгүй” гэлээ хэмээн гишүүд ундууцаж байсан. Үүнд тайлбар өгөх үү?
-Би юу гэж айхав дээ.
Нийт 19 гишүүний гарын үсэг цуглуулж чадахгүй байгаа хүмүүс чинь дэмжлэг авахгүй нь ойлгомжтой шүү дээ. Миний хувьд гишүүдийн тавьсан саналын дагуу байнгын хорооны гишүүддээ уншиж, танилцуулсан. Харин цааш нь хэлэлцээд явсан бол Төрийн байгуулалтын байнгын хороо Үндсэн хууль зөрчих байсан. Би санал тавьсан гишүүдээ хүндэтгэсэн учир танилцуулсан хэрэг. Байнгын хорооны хуралдааны үеэр зарим гишүүн “Ингэж сонсгож, танилцуулж байгаа чинь буруу шүү” гэж хэлсэн удаатай. Ер нь энэ асуудлаас харахад Үндсэн хуулийг үзэл санаа, агуулгаар нь ойлгохгүй, тодорхой хэмжээгээр гуйвуулж ашиглах боломж бий болоод байна. Тиймээс цаашид Үндсэн хууль болон бусад холбогдох хуульд Ерөнхий сайдын асуудлыг тодруулж оруулах ёстой юм байна гэж ойлгож байгаа. Би УИХ-д хамгийн чөлөөтэй байдлаар хэлье гэснээ хэлж чаддаг. Надад ямар нэгэн барьцаа, элдэв бүлэглэл, хэн нэгний хатгаас энэ тэр байхгүй.
-Та С.Эрдэнэ гишүүнтэй мар­галдахдаа “Эрүүгийн элемент ца­райлчихаад” гэх үгийг уурандаа хэлчихэв үү, аль эсвэл хэлье гэж хэлэв үү?
-С.Эрдэнэ гишүүний тухайд над руу дайрч, давшилахад нь би зохисгүй үг хэллэг хэрэглэсэн. Эр хүний хувьд ийм зүйл гаргаснаа дараа бодоход онцгүй санагдсан. Би тухайн үед асуудлыг хуулийн үг хэллэгээр л ярьсан. Гэтэл зориуд миний үгийг гуйвуулан намайг янз бүрээр яриад эхлэхээр хуулийн үгээр ярих боломжгүй болчихож байгаа юм. Өөрөөр хэлбэл хуулийн дагуу биш асуудал хөндөж буй үг хэллэгийнх нь хүрээнд л хариуг нь өгсөн гэж бодож байна. Уурандаа биш зориуд хэлье гэж хэлсэн ч арай чангаруулаад хэлчихсэн юм. Гэхдээ энэ үгийг УИХ-ын гишүүний хувьд хэлж болох байх гэж ойлгож байна. Ер нь миний хэлсэн үг С.Эрдэнэ гишүүн намайг доромжилсон үгтэй тэнцэхүйц хэмжээнд байсан. “Эрүүгийн элемент царайлчихаад” гэдэг үгийг надад ийм байдлаар хандаж байна гэх утгаар л хэлсэн юм. Ер нь би иймэрхүү зохисгүй үг хэр барагтай бол хэрэглэдэггүй.
-УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар байнгын хорооны дарга болчихоод өөрчлөгдчихсөн юм уу?
-Би хамтарсан Засгийн газрын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй ханддаг гишүүдийн нэг байсан. Намайг өөрчлөгдсөн гэхийг бодвол тэр утгаар нь хэлж байгаа байх. Гэхдээ шүүмжлэлтэй хандаж байсан гэдэг нь одоо шүүмжлэхээ больчихсон гэсэн үг биш юм. Учир нь тухайн үед хувь гишүүний үүднээс хандаж байсан. Гэтэл одоо хурал удирдаж, зохион байгуулдаг болсон болохоор миний үүрэг тодорхой хэмжээний өөрчлөлтийг өгч байгаа болов уу. Аливаа албан тушаалд очоод зан чанарын хувьд өөрчлөгдвөл муу. Харин хариуцсан ажил хэрэг, албан үүрэгтээ хандаж буй хандлага өөрчлөгдвөл сайн хэрэг. Миний хувьд өмнө нь С.Эрдэнэ гишүүний хажууд суугаад асуулт асууж, үг хэлдэг байсан бол одоо хурал удирдаж, бусад гишүүдийн үг хэлэх, асуулт асуухыг нь зохицуулж байгаагаараа өөрчлөгдсөн үү гэвэл тийм. Түүнээс биш хувь хүний зан ааш өөрчлөгдөөгүй.
-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг сонгууль дөхсөн энэ өдрүүдэд хэлэлцэх шаардлагатай юм уу. Хэрэв хэлэлцвэл Ерөнхийлөгч хориг тавихаа мэдэгдсэн шүү дээ?
-Үндсэн хуулийг сонгууль дөхөөгүй байхад нь өөрчилнө гэж ярьдаг юм. Уг нь бид 2008 онд буюу сонгууль дөхөөгүй байхад нь ярилаа шүү дээ. Тухайн үед Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллая гэхэд Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт гарган “Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах үйл явцын асуудлыг журамлаж өгөөгүй юм байна” гэсэн юм билээ. Үндсэн хуулиас өөр хуулиар буюу Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар тусгайлан зохицуулсан улс дэлхийд бараг байдаггүй. Гэхдээ ажлын хэсэг ажиллаж, УИХ журмын тухай хуулиа батлах гэсээр байгаад энэ онд л баталлаа. Тэгээд хуульд өөрчлөлт оруулахаар ажлын хэсгийг би ахалж ажилласан. Энэ хугацаанд 40 мянга орчим хүний саналыг авлаа. Дийлэнх хүн хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй гэсэн байсан. Мөн манай намын дарга хоёр танхимтай парламенттай байж болох юм гэсэн бол улс төрийн есөн намын дарга нар парламентынхаа системийг боловсронгуй болгох чиглэлээр санал нэгдсэн гэх зэрэг олон саналыг хуульд нэмэлт өөрчлөлт оруулахтай холбогдуулан тавьж байсан юм. Нийгэм, улс төр, эдийн засгийн хүрээнд шийдэх ёстой томоохон асуудлын нэг бол энэ.
-Хэдий том асуудал ч гэлээ нэлээд удаан байгаа юм биш үү?
-Бид сонгуулийн тогтолцоог 20 жилдээ өөрчилж чадаагүй. АНУ жишээ нь сонгуулийн санхүүжилтийн системийг шинэчлэх гэж 30 жил ярьж байна. Асуудлын түвэгтэй байдал нь ойлголцол, зөвшилцөлд хүрэхэд амаргүй байгаагаас харагдаж байна. Энэ зөвхөн одоогийн парламентад тохиолдож байгаа зүйл биш. Эдгээрийг бодохоор бид парламентын тогтолцоогоо төгөлдөршүүлж, төрийн тогтолцоондоо засвар хийх шаардлагатай байна. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн ажлын хэсгийнхэн Ерөнхийлөгч, Засгийн газраас санал авахаар хуулийн төслийг явуулчихсан байгаа. Энэ долоо хоногт хуулийн төслийг өргөн барина. УИХ-ын ээлжит сонгууль болохоос зургаан сарын өмнө хуульд өөрчлөлт оруулж болно хэмээн Үндсэн хуульд заасан байдаг. Тэгэхээр энэ хугацаанд амжиж хэлэлцэн батлаж чадвал ямар ч зөрчил гарахгүй гэсэн үг.
-Хамгийн гол нь гишүүдийн тоог 76 байгааг 99 болгоно хэмээж байгаа нь энэ парламент өөрсдөдөө зориулсан өөрчлөлт хийх гэж байна гэх хардлага бий болгоод байгаа шүү дээ?
-Тийм биш. Монгол төрийн төлөө ажиллаж байна. Хүн цөөлөхөөр дарга нарын идэж, ууж байгаа зүйл багасна гэж ярьдаг. Харин ч эсрэгээрээ цөөн хүн асуудлыг шийдэхээр тэдэнд илүү эрх мэдэл очно гэдэг нь ойлгомжтой. Олуулаа болсноор бие, биеэсээ харилцан хамааралтай болох юм. Ингэснээр идэж, уух нь хязгаарлагдаж, багасна. 
-Зарим гишүүний хэлж байгаагаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бэлдэц хэлбэрээр хийгээд дараагийн парламент хэрэгжүүлээд явах боломжтой гэдэг. Таныхаар ингэж явах боломж байна уу?
-Ийм хувилбар байж болно. Гэхдээ дараагийн парламентад шинэ хүмүүс гарч ирнэ. Бас одоогийн гишүүд ч дахин сонгогдож болно. Миний хувьд 2008-2012 оны парламент уг асуудлыг шийдэж, шинэ парламент аваад явах зам руу л орох хэрэгтэй болов уу гэж бодож байна. Цагийн юм цагтаа гэдэг шиг үүрэг хүлээсэн үедээ л өөрийнхөө явуулж чадах хэмжээндээ, болохоос нь болохгүй хүртэл ажиллах хэрэгтэй. Энэ үүргийнхээ дагуу л бид ажиллаж байна.
-МАХН-ын дарга Н.Энхбаяр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Ням­доржийн талаар хүчтэй мэдэг­дэл хийсэн. Манай сонинд МАХН-ын дарга Н.Энхбаяр ярилц­лага өгөхдөө ч энэ талаар дурьдсан байгаа. Нэг үе хамтдаа ажиллаж бай­сан хүмүүс ийм байдалд хүрснийг хөндлөнгөөс юу гэж харж байна вэ?
-Энэ хүмүүсийн асуудлын тухайд хөндлөнгөөс үнэлэлт, дүгнэлт өгөхөд түвэгтэй. Учир нь хоёулаа л надтай хамтарч ажиллаж байсан болон ажиллаж байгаа хүмүүс. Уг үйл явдлыг хүн бүр өөр, өөрийнхөө өнцгөөр дүгнэх байх. Миний бодлоор манай намын хувьд улс төрийн хүнд сорилт иржээ гэдэг нь харагдаж байгааг үгүйсгэхгүй. Нөгөө талаас нь надад сайхан санагдахгүй байна. Яагаад гэвэл би хуучин МАХН-аас нэр дэвшиж сонгогдсон хүн. Н.Энхбаяр, Ц.Нямдорж хоёрын одоогийн нөхцөл байдлыг улс төрийн явцуу эрх ашгийн үүднээс авч үзэхэд ирэх сонгуулийн үйл ажиллагаанд муугаар нөлөөлчих вий гэж санаа зовж байна. Гэхдээ ингэж хэлснээрээ үүнд жижиг сонирхлын үүднээс хандаж байж магадгүй. Ямартай ч манай намын хувьд дотоод эв нэгдлийг бэхжүүлэх шаардлага бий. Ингэж байж олон түмнийхээ дэмжлэгийг алдахгүй байх нөхцөл үүсэх учиртай.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.