Ж.Сүхбаатар: Есөн гишүүний саналыг хэлэлцвэл УИХ өөрөө Үндсэн хууль зөрчинө
Нэр бүхий есөн гишүүн Ерөнхий сайдыг огцруулах санал гаргаж, УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өнгөрсөн долоо хоногт өргөн барьсан билээ. Спикер энэхүү саналтай танилцаад хуулийн дагуу хэлэлцэж, шийдвэрлэх үүргийг Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хорооны даргад өгчээ. Энэ дагуу Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар өчигдөр есөн гишүүний саналыг танилцуулж, Байнгын хороогоор хэлэлцэх боломжгүй гэлээ. Тэрээр тайлбарлахдаа "Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг Үндсэн хуулийн 43 дугаар зүйлд зааснаар УИХ-ын гишүүдийн дөрөвний нэг буй 19 гишүүн гарын үсэг зурж асуудал тавьсан тохиолдолд хэлэлцэх боломжтой. Энэ удаа есөн гишүүн гарын үсэг зурсан учраас Байнгын хороогоор хэлэлцэх юм бол Үндсэн хууль зөрчих гээд байна" гэж байлаа. Түүний энэ тайлбарыг зарим гишүүн эсэргүүцэж, хэлэлцэх, хэлэлцэхгүйг санал хураалтаар шийдэх ёстойгоос биш Байнгын' хорооны дарга ганцаараа шийддэггүй юм гэж байв.
С.Эрдэнэ: -Таны эрх энд байгаа гишүүдийн эрхтэй ижилхэн шүү. Та давуу эрх эдлээд асуудлыг хэлэлцэхгүй гэдэг шийдвэр гаргаж болохгүй. Үндсэн хуульд төрийн бүх байгууллагын албан тушаалтнууд зөвхөн хууль дээдлэх зарчмаар ажиллана гэсэн заалт бий. Та өнөөдөр асуудал оруулж ирсэн бол хэлэлцэх үгүй эсэхийг нь санал хураалтаар шийдвэрлэх ёстой. Түүнээс биш хэлэлцэхийг болиулж болохгүй. Цаанаас өгсөн даалгавар байдаг бол түүнийгээ хуулийн хүрээнд гүйцэтгэ. Та зөвхөн спикерийн үүрэг л гүйцэтгэж байгаа шүү.
Ж.Сүхбаатар: -Чи чаддаг юм бол миний оронд энд суугаад өөрөө энэ хурлыг удирдахгүй юу.
С.Эрдэнэ: -Би чам шиг наад суудлыг чинь гуйгаагүй шүү.
Ц.Батбаяр: -Өнөөдрийн Байнгын хорооны хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэхгүй л байсан юм бол танилцуулга хийх эрх танд байхгүй. Хэлэлцэх асуудлын дарааллын жагсаалтад танилцуулга хийнэ гэсэн зүйл алга.
Н.Батбаяр: -Та Байнгын хорооны хуралдаан дээр энэ асуудлыг танилцуулсан учраас хэлэлцүүлэх асуудлын жагсаалтад оруулах ёстой.
Ж.Сүхбаатар: -Би хэлэлцэх асуудлаа баталчихсан.
Н.Батбаяр: -Тэгвэл санал хураагаад хэлэлцэх эсэхийг шийдэх ёстой. Ингэхгүй бол та УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдаж, Үндсэн хууль зөрчиж байгаа юм биш үү. Танд ингэж аашлах эрх байхгүй.
Ж.Сүхбаатар: -Харин та өөрөө Үндсэн хууль зөрчих гээд байна. Тиймээс би ингэж шийдвэрлэж байгаа юм. Та дургүй хүрсэн үедээ Ерөнхий сайдыг огцруулдаг жишгийг Монголын төрд тогтоох гээд байна. Одоогийн Ерөнхий сайдад дургүй байж болно. Гэхдээ үе үеийн Ерөнхий сайд нар цаашдаа ажиллана.
Н.Батбаяр : -Үндсэн хууль, УИХ-ын дэгийн тухай хуулиар УИХ-ын нэг гишүүн ч Ерөнхий сайдыг огцруулах санал гаргаж болохоор байгаа.
Ж.Сүхбаатар: -Та наадахаа хуулийн сургуулийн оюут-наас асуу. Тийм юм байхгүй.
Н.Батбаяр: -Уучлаарай. Би танаас ялгаатай нь Үндсэн хуулийг батлалцсан Ардын их хурлын депутат байсан хүн. Энэ хуулийг би өөрөө баталсан юм. Үндсэн хууль болон бүрэн эрхийнхээ дагуу шаардлага тавьж байна. Хэлэлцэх эсэхийг гишүүд шийднэ. Хэрвээ гишүүд хэлэлцэхгүй гэх юм бол бид хүлээж авна. Та яахаараа гишүүдийн санал хэлэх боломжийг хааж байдаг юм бэ.
Ө.Энхтүвшин: -Бүгдээрээ Ж.Сүхбаатар гишүүн рүү дайраад байж болохгүй. Н.Батбаяр гишүүн УИХ-ын чуулганы хурал дээр Д.Дэмбэрэл даргад албан бичгээ өгснөөс хойш энэ асуудлыг хуулийн талаас нь судалж үзээд Тамгын газар хариу өгөх юм байна гэж ойлгож байлаа. Гэтэл УИХ-ын дарга Байнгын хорооны гишүүдэд энэ асуудлыг танилцуул гэсэн үүргийг Ж.Сүхбаатар даргад өгсөн юм байна. Тийм учраас Байнгын хорооны дарга үүргийнхээ дагуу энэ асуудлыг танилцууллаа. Түүнээс биш Байнгын хорооны дарга шууд хэлэлцүүлэг явуулах эрхгүй. Хэрвээ хэлэлцүүлбэл өөрөө Үндсэн хууль зөрччих гээд байна. Гэхдээ бас үүнийг танилцуулалгүй орхиж болохгүй. Тиймээс хэн нэгнийгээ буруутгахгүй сайн ойлголцох хэрэгтэй.
Н.Батбаяр: -УИХ-ын нэр бүхий есөн гишүүн асуудал тавьсан. Ингэхдээ албан ёсоор тамгатай, дугаартай албан бичгийг УИХ-ын даргад өргөн барьсан. Яагаад УИХ-ын даргад өргөн барьсан гэхээр Д.Дэмбэрэл дарга дэд дарга Г.Батхүүд өргөн барь гэсэн. Г.Батхүү авалгүйгээр зугтаачихсан. Дараа Н.Энхболд даргыг хүлээж ав гэтэл авахгүй гэсэн. Одоо яах вэ, чуулганы танхимд танд өгчих үү гэж УИХ-ын даргаас асуусан. УИХ-ын дарга зөвшөөрсөн учраас бид өргөн барьсан юм.
Г.Баярсайхан: -Есөн гишүүний гарын үсэг зурсан асуудлыг Байнгын хорооны хурлаар хэлэлцэх нь зүйтэй гэсэн бодолтой байна. Гэхдээ маргаантай байгаа учраас хэлэлцэх эсэхийг нь санал
хураалтаар шийдвэл яасан юм бэ. Бүрэн эрхийнхээ хүрээнд саналаа оруулж ирсэн учраас хэлэлцэхгүй өнгөрөөж болохгүй. Хэлэлцэхгүй ингээд орхих юм бол дараа дараагийн Ерөнхий сайд алдаа гаргахад нүд аниад өнгөрөөдөг жишиг тогтож мэднэ. Тиймээс шууд хэлэлцээд явах нь зүйтэй.
Ц.Даваасүрэн: -Үндсэн хуульд Засгийн газрыг УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгийн саналаар огцруулах асуудлыг хэлэлцэнэ гэсэн заалт бий. Мөн Засгийн газар нь Ерөнхий сайд болон бусад гишүүнээс бүрдэнэ гэсэн заалт бий. УИХ-ын тухай хуулийн 7.1.12-д УИХ-аас сонгосон албан тушаалтыг огцруулах эрх нь гишүүдэд бий гэсэн заалт байдаг. Тэгэхээр Ерөнхий сайд гэдэг бол УИХ-аас томилогдсон албан тушаалтан. Засгийн газар гэдэг бол бүтэц. Тиймээс үүнийг хэлэлцэхээс өөр арга байхгүй. Хэлэлцээд Үндсэн хуулийн Цэцээр дүгнэлт гаргуулах шаардлагатай гэж үзвэл өөр хэрэг. Гэтэл энэ асуудлыг хүлээж авахгүй дэд дарга нар нь зугтаад л, Байнгын хороо нь хэлэлцэхгүй гээд байж болохгүй. Ингэж УИХ-ын нэр хүндийг унагах хэрэггүй шүү.
Х.Тэмүүжин: -Засгийн газрыг огцруулах уу гэдгээсээ илүү энэ асуудал чинь өөрөө хуулийн дагуу санал мөн үү, хэлэлцэх ёстой юу, үгүй юү гэдэг нь маргаан үүсгээд байна. Тиймээс энэ асуудлыг эхлээд Хууль зүйн байнгын хороогоо хэлэлцээд дараа нь Төрийн байнгын хороогоор хэлэлцэх ёстой. Тиймээс Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцье гээд энэ удаа хойшлуулъя л даа. Хууль зүйн байнгын хороо хуулийнх нь үүднээс энэ асуудалд хандаад, дараагийн шатанд нь шилжүүлэх хэрэгтэй. Үндсэн хууль, УИХ-ын дэгийн тухай хуульд үл ойлголцсон заалт байна гэж үзвэл Цэц болон Дээд шүүхэд хандаж болно. Энэ мэт гарц олон бий. Ингэж хэрэлдэхийн оронд асуудлыг гарцаар нь шийдэх хэрэгтэй.
Ч.Сайханбилэг: Ж.Сүхбаатар дарга аа, би таны өнөөдрийн танилцуулгыг ойлгосонгүй. Ингэж танилцуулах шаардлагатай юм бол Хууль зүйн байнгын хороогоор дамжуулаад танилцуулна биз. Бид өнөөдрийн хурлаараа цаашдаа УИХ-ын нэг гишүүн Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хөндөхөөр Байнгын хороогоороо хэлэлцэх үү, үгүй юү гэдгийг нь хэлэлцдэг жишиг тогтоох гээд байна. 1996-2000 онд олон удаа Засгийн газраа унагаж тоглосон. Дараа нь бас Засгийн газар унаж л байсан. Гэхдээ өнөөдрийнх шиг дампуу байдалд хүрч байгаагүй. Ерөнхий сайдын асуудлыг нэг гишүүн хөнддөг тогтолцоо руу орох юм бол Засгийн газар Япон шиг сар хүрэхгүй хугацаанд солигддог болно. Тиймээс энэ маргаанаа одоохон зогсоогоод дараагийнхаа асуудалд ор л доо. Дараа нь Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэнэ л биз.
Ө.Энхтүвшин: -Нэгэнт маргаан үүссэн учраас ойлголцож л байж дуусгах ёстой. Байнгын хорооны дарга УИХ-ын даргаас авсан үүргийнхээ дагуу ирц өндөр байгаа энэ үед танилцуулъя. Харин Үндсэн хуульд нийцэхгүй байгаа асуу-дал учраас хэлэлцэхгүй гэж шийдвэрлэлээ. Би энэ асуудлыг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэх ёсгүй гэж ойлгож байна. Яагаад гэвэл, Ерөнхий сайд Үндсэн хууль зөрчсөн гэдэг дүгнэлтийг Цэцээс гаргасан тохиолдолд Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэх ёстой. Энэ асуудалд тэр дүгнэлт байхгүй учраас Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга хэлэлцэхгүй гэдэг шийдвэр гаргаж байх шиг байна.
Ж.Сүхбаатар: -Би эдгээр гишүүний гаргасан саналд хориг тавих гэж оролдоогүй. Хамгийн гол нь Үндсэн хуульд заасан 19 гэсэн тоондоо хүрэхгүй байна. Тиймээс үүнийг хэлэлцвэл Үндсэн хууль зөрчих нь гэдгийг л хэлж байна.
Н.Батбаяр: -Үндсэн хууль, УИХ-ын тухай хуульд заасны дагуу тавьж байгаа асуудлыг хэлэлцүүлж өгөөч гэж гуйж байна. Юунаасаа айгаад хэлэлцэхгүй гээд байгаа юм бэ.
Ц.Мөнх-Оргил: -Энд Үндсэн хууль бусад хуультайгаа зөрчилдөөд байгаа асуудал байхгүй. Ж.Сүхбаатар даргын хэлэлцүүлж болохгүй гэдэг шийдвэрийг хүлээн зөвшөөрч байна. Засгийн газар, Ерөнхий сайдтай хариуцлага тооцож болно. Ингэхдээ хуулийн дагуу тооцох ёстой. Засгийн газрыг огцруулах гэж байгаа бол 19 гишүүний гарын үсгийг цуглуулаад ир. Ерөнхий сайдыг огцруулах гэж байгаа бол Үндсэн хуульд заасны дагуу Цэцээс дүгнэлт гаргуулаад ир. Үндсэн хуульд тодорхой заасан асуудлыг өөр хуулиар тайлбарлаад зохилдуулаад байх шаардлагагүй. Өнөөдөр хэлэлцээд эхлэх юм бол Ч.Сайханбилэг гишүүний хэлснээр удалгүй гишүүд нэг, хоёроороо Ерөнхий сайдыг огцруулах асуудал тавина. Монгол төрийн Засгийн газар тогтвортой ажиллах ёстой гээд Н.Батбаяр таны хамтран баталсан Үндсэн хуульд 19 гишүүний гарын үсгийг цуглуулсан тохиолдолд хэлэлцэнэ гээд заачихсан байгаа.
Ж.Сүхбаатар:-Одоо энэ асуудлаар маргалдахаа больё. Есөн гишүүний асуудлыг хүндэтгээгүй биш, хүндэтгэж үзсэн. УИХ-ын Тамгын газар хариу өгөх ёстой гэдэг байр суурийг нэлээд хэдэн гишүүн илэрхийлж байсан. Мөн энэ асуудлыг Байнгын хороогоор хэлэлцэх боломжгүй ч гэсэн танилцуулах шаардлагатай гэж үзээд танилцууллаа.
Н.Батбаяр: -Та энэ асуудлыг хэлэлцүүлээгүй гэдгээрээ УИХ-ын тухай хуулийг зөрчиж байгаа шүү.
Ж.Сүхбаатар: -Харин та Үндсэн хууль зөрчих гээд байгаа учраас таныг хамгаалаад би хэлэлцүүлэхгүй байгаа юм. Хэлэлцүүлчих юм бол та дараа нь асуудалд орно.
Н.Батбаяр: -Үгүй ээ. Та намайг хамгаалдаг юм биш. Би ч таныг хамгаалахгүй.
Ж.Сүхбаатар: -Байнгын хорооны даргын хувьд би гишүүдээ хамгаалах үүрэгтэй.
Н.Батбаяр: -Таныг энэ асуудлыг хэлэлцүүл гэдэг үүргийг УИХ-ын дарга өгсөн байна. Өнөөдөр энэ асуудлыг хэлэлцээгүй ч удахгүй хэлэлцэнэ гэдэгт итгэж байна. Хуульд Байнгын хороо долоо хоногийн дотор хэлэлцэнэ гэсэн заалт бий.