С.Эрдэнэ:Намайг хэлмэгдүүлж байх үеийг дайруулж хэлсэн гэж ойлгосон
2011.10.27

С.Эрдэнэ:Намайг хэлмэгдүүлж байх үеийг дайруулж хэлсэн гэж ойлгосон

УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй ярилцлаа.
-Өнгөрөгч мягмар гаригт хуралдсан Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан нэлээд ширүүхэн болж өнгөрсөн. Гишүүд бие биеэ элдвээр нь дуудлаа?
-Гишүүдэд маргаж, муудалцах зүйл бишгүй л гардаг. Гэхдээ хэлж байгаа үгээ бодож ярьж байх ёстой. Хуралдаан дээр янз бүрийн л үг хэлээр хэлж доромжилж байна лээ. Тэр болгонд би ач холбогдол өгөөгүй. Хамгийн гол нь Ж.Сүхбаатар өөрөө их өрөвдөлтэй харагдаж байсан.  түүнд цаанаас нь даалгавар өгчихсөн.
Тэрийгээ биелүүлэх гээд ичсэн хүн хүн алахын үлгэр болсон. Үнэнд гүйцэгдээд ирэхээрээ бачимдаад, орилоод, хүн болгон руу дайрсан. Би өөрт нь хэлсэн, энэ асуудлыг хуулийн хүрээнд шийдэх ёстой гэж. Байнгын хорооны дарга гээд бусдыг дарамталж, аливаа асуудлыг хууль бусаар цавчиж зогсоодгоо боль л гэсэн. Өөр юм бол хэлээгүй.
-Таныг "эрүүгийн элемент" гэж хэлсэн нь хүмүүсийн анхаарлыг нэлээд татсан?
-Бодвол намайг хэлмэгдүүлж байх үеийг л дайруулж хэлж байгаа юм байлгүй гэж ойлгосон. Намайг УИХ-д оруулахгүй гэж ял оноож, гурван сар "Ганц худаг"-т хорьсон ш дээ. Тэрийгээ л хэлж байгаа юм байлгүй. Ж.Сүхбаатар гишүүний бодлоор бол би эрүүгийн гэмт хэрэгтэн л байх ёстой байсан юм байна л даа.
Хэлмэгдүүлэлт нь тэдний төлөвлөснөөр явагдаагүй, үнэн зүйл үнэнээрээ л гарсан болохоор тэгсэн биз.
Тухайн үед шүүхээс гэм буруугүйг тогтоогоод цагаатгаж, хэрэгсэхгүй болгосноор би УИХ-ын гишүүн болсон. Би тэр үед Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрийн талаар өргөдөл гаргасан. Миний өргөдлийг саяхан шүүх хуралдаанаар хэлэлцээд Сонгуулийн ерөнхий хороог гэм буруутайд тооцож, тухайн үед УИХ-д орж ажиллаад авах ёстой байсан цалинтай тэнцэх хэмжээний хохирлыг Сонгуулийн ерөнхий хорооноос гаргуулахаар шийдвэрлэсэн.
-Хэзээ ингэж шийдсэн юм бэ?
-Хамгийн сүүлийн шийдвэр өнгөрсөн долоо хоногт гарсан. Гурван шатны шүүхийн шийдвэр гарсан. Тиймээс энэ асуудлаар удахгүй хэвлэлийнхэнд мэдээлэл өгөх болно. Ж.Сүхбаатар тухайн үеийн Сонгуулийн ерөнхий хороонд олон жил ажилласан хүн. Тиймээс энэ мэт янз бүрийн зүйл өчигдрийн хуралдааны явцад нөлөөлсөн юм байлгүй дээ. Бүдүүлэг үг хэлээд л дайрна лээ. Хүн ямар ч муухай үг хэлж, дайрч болно. Гэхдээ энэ нь тухайн хүний боловсролын хэм хэмжээг л харуулж байгаа юм.
-УИХ-ын гишүүд бие биеэ элдвээр хэлж байгаа нь түүнийг харж байгаа иргэдийн сэтгэхүйд буруу ойлголт өгч байгаа хэрэг болох уу?
-Ер нь аливаа улс орны парламентад хэрүүл байтугай зодоон ч болох нь бий. Өндөр хөгжилтэй парламентын засаглалтай орнуудад үсдэлцээд, гутлаа тайлж шидээд л янз бүрийн л юм болдог. Гэхдээ тэр асуудал нь өөрөө улс орны эх ашгийн төлөө байдаг. Харин өчигдрийн асуудал дээр хэдийгээр намын даргынх нь асуудал байсан ч гэсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга нь гишүүдтэйгээ хүндэтгэлтэй харьцаж, асуудлыг хуулийн хүрээнд шийдэх ёстой байсан. Ер нь хэлэлцэх үү, үгүй юу гэдгийг санал хураалтаар шийдчихэд юунд нь тэгж бухимдаад байдаг байна аа. Тэнд ямар хууль зөрчигдөх гээд байгаа юм бол. Ж.Сүхбаатар гишүүний ярьж байгаагаар бол Үндсэн хууль зөрчих гээд байгаа гэсэн. Харин бид зөрчөөгүй, хуулийн хүрээнд тавьсан. Энэ хоёр асуудал дээр ийм үндэслэл байна, хэлэлцэх үү, яах вэ гээд л санал хураалт явуулаад шийдчих байсан юм.
-Та дээр хэлэхдээ "цаанаасаа даалгавартай" гэлээ. Ерөнхий сайд асуудлыг хэлэлцүүлэхгүй байхаар үүрэг өгсөн гэсэн үг үү?
-Тэр хүний байж байгаа байдлаас тэгж ойлгогдохоор тийм л байсан. Би түүнд хэлсэн, дээрээс даалгавар авсан байж болно. Гэхдээ чи аливаа асуудлыг хуулийн хүрээнд шийдэх ёстой шүү гэж. Тэр хүн даалгавар аваагүй л юм бол яагаад бачимдаад, уурлаад асуудлыг улайм цайм үгүйсгээд Үндсэн хуулийн тухай тайлбар хийгээд байгаа юм. Ерөөс Үндсэн хуулийн тайлбарыг хэн нэгэн хүн тухайлбал, Ж.Сүхбаатар хийчихдэггүй юм. Энэ тайлбарыг Цэц л хийх эрхтэй.
-Ерөнхий сайдыг огцруулж болно гэсэн Үндсэн хуулийн зүйл, заалтыг хэлж өгөөч?
-Урьд өмнө Ерөнхий сайдыг дангаар нь авч хэлэлцэх талаар яригдаж байгаагүй болохоор их цочирдоод байх шиг байна. Би Үндсэн хуулийн заалтыг нэгд нэгэнгүй хэлж өгье. Үндсэн хуулийн хоринтавдугаар зүйлд "УИХ төрийн дотоод, гадаад бодлогын аль ч асуудлыг санаачлан хэлэлцэж болох бөгөөд дараах асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ" гээд зургаа дахь заалтад "Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, хуульд зааснаар УИХ-д ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагын бүрэлдэхүүнийг томилох, өөрчлөх, огцруулах" гээд онцгой бүрэн эрхийг нь цагаан дээр хараар биччихсэн байна.
-Ж.Сүхбаатар гишүүн болохоор 19 гишүүн байх ёстой гээд байгаа?
-Үүнд нэг зүйлийг ялгаж, салгаж ойлгох хэрэгтэй. Институц гэж юуг хэлдэг юм гэдгийг. Ж.Сүхбаатар өөрөө хуульч юм бол үүнийг маш сайн ойлгодог байх учиртай. Ерөнхий сайд институц юм уу эсвэл албан тушаалтан юм уу. Монгол Улсад институцийн хэмжээнд төлөөлдөг ганцхан албан тушаал бол Ерөнхийлөгч, түүний Тамгын газар байдаг. Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах гурван шалтгаан байдаг. Ерөнхий сайд өөрөө өргөдлөө өгсөн, УИХ-ын гишүүдийн дөрөвний нэг буюу 19 гишүүн санал гаргасан, Засгийн газрын кабинетын 50-иас доошгүй хувь нь нэгэн зэрэг санал гаргасан бол бүрэлдэхүүнээр нь огцруулах асуудлыг ярьдаг. Гэтэл энэ удаа бид зөвхөн Ерөнхий сайдыг албан тушаалтных нь хувьд огцруулах гэж байна. Дээр хэлсэн Үндсэн хуулийн хоринтавдугаар зүйлийн дагуу "Ерөнхий сайдыг томилох, өөрчлөх, огцруулах" эрх нь УИХ-д байж байна.
Түүний огцруулахыг нэг гишүүн ч өргөн барьж болно. Энэ талаар Үндсэн хуульд төд, төчнөөн хувь энэ тэр гэсэн зүйл огт байхгүй. Харин Засгийн газрыг огцруулах гэж байгаа бол 19 гишүүн гарын үсэг зурах ёстой.  УИХ-ын тухай хуульд .ч гэсэн энэ талаар заасан байдаг. Хуулийн 7.1,12-т УИХ-ын гишүүний бүрэн эрхийн талаар "УИХ-аас сонгогдсон буюу томилогдсон албан тушаалтны илтгэл, сонсгол хэлэлцүүлэх, тэдгээрийг эргүүлэн татах, огцруулах санал гаргах" гээд заачихсан байдаг. Ерөнхий сайд бол УИХ-аас сонгогддог албан тушаалтан. Ингээд л ойлгочих.
-Хуулиараа бол долоо хоногийн дотор хэлэлцэх ёстой. Гэтэл өнөөдөр (өчигдөр) хэлэлцсэнгүй?
-Эд нар ийм муухай хууль бус тайлбар хийгээд, улайраад дайраад байгаа байхгүй юу. Бид өнөөдөр УИХ-аас баталж гаргасан тогтоолыг хэрэгжүүлэх нь Засгийн газрын үүрэг гэсэн зүй ёсны л шаардлага тавьсан. УИХ-аас гаргасан шийдвэрийг биелүүлэх үүргийг Ерөнхий сайд хүлээдэг. Энэ үүргийнх нь дагуу шаардлага хүргүүлсэн боловч биелүүлээгүй. Бид уулзах гэж урьсан, ирээгүй. Тийм учраас бид хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд асуудлыг тавьсан. Гэтэл институц, албан тушаалтнаа ялгахгүй ийм ядруухан хуульчидтай байгаадаа харамсаж байна.
-Асуудлыг хэлэлцэх хугацаанд нь хэлэлцээгүйд хэн, ямар хариуцлага хүлээх ёстой вэ?
-Хууль зөрчөөд яваг л дээ. Хууль зөрчиж байгаа албан тушаалтан, тодорхой хүмүүс нь хариуцлага хүлээх юм байгаа биз. УИХ-ын гишүүдийн гаргасан аливаа асуудлыг хэлэлцэхгүй, ач холбогдол өгөхгүй байгаа УИХ-ын дарга, Тамгын газар хариуцлага хүлээх ёстой Тэд уг асуудлыг шийдвэрлэх талаар санаачилга гаргаж ажиллах үүрэгтэй. Түүнээс аль  байнгын хороо руу шидчихээд хараад сууж байж болохгүй.
-Энэ долоо хоногт байнгын хороодын хуралдах тов дууссан болохоор хэн нэг нь хариуцлага хүлээх нь тодорхой болж байх  шиг байна?
-Бид асуудлыг дараагийн шатанд дахиад тавина. Зарим хүмүүс асуугаад байна лээ. Та бүхэн ялахгүй юм биш цөөнх ш дээ" гэж. Бид ялах, ялахгүйдээ гол биш. Энэ ойлголтоор асуудлыг тавиагүй. Үүнийг бид хууль зөрчсөн аливаа албан тушаалтантай хариуцлага тооцож чадах чадвар УИХ байна уу, үгүй юу гэдгийг л үндэслэж асуудлыг тавьсан. Одоо УИХ өөр хариуцлага тооцох  чадамжтай юу, үгүй юу гэдгээ л харуулах цаг ирчхээд байна.
-Огцруулах асуудлыг хэлэлцэж байх Ерөнхий сайд АНУ-ыг зорьчихлоо. Энэ нь гишүүдийг үл хүндэтгэсэн хэрэг үү?
-Аливаа юманд зүй, жудаг гэж байдаг. Төрийн хүний ёс, ноён нуруу гэж бий. Харья. Хэрэв үл тоогоод явж байгаа бол УИХ өнөөдөр үнэхээр нэр хүндгүй болчихсон юм байна. 3асгийн газар нь УИХ-аа үл тоодог болчихсон гэдгийн  тод томруун жишээ л болох байх даа.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.