С.Эрдэнэ:Гишүүдийн хууль санаачлах,хууль тогтоох бүрэн эрхэд халдсан хэрэг боллоо
2011.11.14

С.Эрдэнэ:Гишүүдийн хууль санаачлах,хууль тогтоох бүрэн эрхэд халдсан хэрэг боллоо

УИХ-ын гишүүн С.Эрдэнээс дараах тодруулгыг авлаа.
-Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг УИХ-ын нэр бүхий есөн гишүүн хөндөөд байгаа. Эл асуудал энэ долоо хоногт Төрийн байгуулалтын байнгын хороогоор орсон ч хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн. Тэгэхээр та ес цаашид хэрхэх вэ?

-Төрийн байгуулалтын байнгын хороо өнгөрсөн хуралдаанаараа энэ асуудлыг хэлэлцэх үү, болих уу гэсэн агуулгаар санал хураалт явуулаад өнгөрсөн байна лээ. Ингэхдээ гишүүдэд ч хэлж, мэдээлээгүй байгаа юм. Уг нь гишүүдийн өргөн мэдүүлсэн асуудлыг, хэлэлцэх үү болих уу гэдгийг байнгын хороо шийддэг юм биш. Нэг үгээр хэлэхэд тийм эрх бүхий газар биш гэсэн үг л дээ. Үнэн хэрэгтээ байнгын хороо, нэгдсэн чуулганаар хэлэлцэх асуудлыг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хэлэлцэж баталдаг. Тиймдээ ч УИХ-ын дарга, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлж хэлэлцэж, шийдвэрлэ гэсэн гээд байгаа юм? Байнгын хороонд ямар нэгэн асуудлыг хэлэлцүүлэхээр оруулж ирсэн бол хэлэлцэх л үүрэгтэй. Түүнээс биш хэлэлцэх үү, үгүй юу гэдгийг санал хурааж шийдэх ёсгүй.

Цаашдаа саяных шиг жишиг тогтох аваас Их хурлын гишүүдийн өргөн мэдүүлсэн аливаа санал санаачилгыг хэлэлцэх үү, болих уу гэж санал хураагаад унагаад байх нь байна. Үүгээрээ гишүүдийн хууль санаач-лах, хууль тогтоох бүрэн эрхэд халдаж байгаа юм. Бидний мэдүүлсэн асуудалд ч ийм л нөхцөл байдал үүссэн байгаа. Мөн үүгээрээ Монголын төр, төрийнхөө үйл ажилла-гааны чадамжийг алдсан гэдгээ тод томруунаар нотоллоо: УИХ-ын нэр бүхий өсөн гишүүн санал өргөн барьж байхад байнгын хороо нь хэлэлцэхгүй, УИХ-ын дарга нь анхаарал тавихгүй байна гэдэг Их хурал ч чадамжаа алдсан гэсэн үг. Тэгээд гүйцэтгэх засаглалынхаа дор орж,аливааг шийдэж чадахаа больсон гэсэн үг.Өнгөрсөн нөхцөл байдлыг дүгнэж харахад өөрт нь хяналт тавьж,хууль тогтоож өгдөг УИХ-ын дээр Засгийн газар нь гараад суучхаж. Ийм л дүр зураг тодоор ажиглагдаж.байна. Цаа-шид ч идэвхжих төлөвтэй. Ийм л төр Монголд үйлчилж байна даа, өнөөдөр. Үүнээс болж бид ухрахгүй, шантрахгүй. Хийдгээ хийнэ. Одоохондоо бид цөөнх байна Хэдий цөөнх ч гэсэн олонх болж, амаа таглуулсан нөхөдтэй тэмцэнэ.

-Асуудлыг байнгын хороо хэлэлцэхдээ больсноос хойш Үндсэн хуулийн Цэцэд та бүхнийг хандахаар болсон гэж байсан. Үнэн үү?

-Бид Цэцэд хандах асуудлыг судалж байна. Гэхдээ цуглаж, хуралдаж эцсийн шийдвэрээ хараахан гаргаагүй байгаа.

-Гэхдээ Цэцэд хандах асуудлыг яаравчлах ёстой юм биш үү. Сонгууль дөхөж, засаг буух дөхсөөр байна?

-МАНАН гэж яриад байдаг даа. Түүн шиг хяналтгүй болсон, хуйвалдааны шинж чанартай төрбий болсон цагт шүүмжилж, хариуцлага тооцох асуудлыг тавиад амжилтад хүрэхгүй гэдэг нь ойлгомжтой юм байна. Энэ байдалтай нь зохицоод хэлгүй дүлий юм шиг явах ёстой юм уу. Аль эсвэл хэлж яриад, олон түмэнд бодит байдлыг танилцуулах уу гэдэг л гол асуудал. Бид бол бодит байдлыг нь олон түмэнд дэлгэхээр л ажиллаж байна.

-Ерөнхий сайдыг огцруулах хуулийн заалт тийм тодорхой бус байгаа юм уу?

-Тийм юм ерөөсөө байхгүй.Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаа өөрөө хуульч хүн.Тэгээд хуульч байнгын хорооны дарга хуулиа ойлгохгүй байгаа юм бол юу хэлэх вэ дээ. Үндсэн хуулийн 26.5-д цагаан цаасан дээр тод хараар биччихсэн байгаа шүү дээ. Мөн УИХ-ын дэгийн тухай хуулийн 7.1.12-т бас заасан байгаа. Ерөнхий сайдад хариуцлага тооцох бүрэн боломжийг Үндсэн хууль, УИХ-ын дэгийн тухай хуулиар нээгээд өгчихсөн байгаа юм. Энэ хуулийн заалтыг харсаар байж маргаантай ч гэх шиг. Яс юман дээрээ Үндсэн хуулийн маргаантай эсэхийг байнгын хорооны дарга дүгнээд хэлчихдэг юм биш. Хэрвээ маргаантай бол Цэц нь хянаад нэг тайлбар хийх ёстой, Гэтэл өнөөдөр ямар ч маргаан үүсээгүй, хуулийнх нь заалтыг тодоор биччихсэн байхад ингэж болохгүй. Үүнийг хууль зүйн сургуулийн оюутан ч уншаад ойлгочихно. Ийм л заалтыг маргаантай мэтээр олон нийтэд ойлгуулж, асуудлыг хөөсрүүлж, хойшлуулж байгаа нь санаатай үйлдэл.

-Ерөнхий сайдыг огцруулахад МАН, АН-аас дөрөв дөрвөн хүн оролцож байгаа. Энэ үйл явцыг хараад шинэ нам үүсэж магадгүй гэх боллоо. Үүнд Сонгуулийн хууль холбоотой гэх яриа ч байна?

-Хэрвээ өнөөдөр намууд удирдах түвшинд олонх гэдгээрээ хүч түрээд аливаа асуудлыг хууль бус аргаар шийдээд байвал цөөнх нь зүгээр дарлуулаад суугаад байж чадахгүй. Учир нь цөөнх шударга үнэний төлөө явж,олонх булхай луйвар хийгээд байна. Тэгэхээр энэ үед тодорхой улс төрийн гарц хайж л таарна. Гэхдээ би өөрийнхөө барьсан гэрээс гараад өөр гэрт орно гэж хараахан бодохгүй л байна.

-Гэхдээ яаж ч магадгүй гэсэн үг үү?

-Ер нь улс төрийн гарц хайх нөхцөл бүрдвэл шинэ гэр барихаас өөр аргагүй шүү дээ. Тэгж байж л улс төрийн тэмцэл рүү явна. Нам байгуулах, байгуулахгүй дээ гол нь биш. Хамгийн гол нь ард түмнийхээ дуу хоолой нь болж, тэдний төлөө асуудлыг шийдвэрлэж байх учиртай. Тэгэхээр ард түмэн биднийг ямар ч үед ойлгоно гэж боддог. Миний хувьд өнөөдөр илэрхийлж байгаа байр сууринаасаа хэзээ ч ухрахгүй. Учир нь өнөөдрийн улс төр намайг ийм алхам хийхэд хүргээд байна. Хамгийн энгийн жишээ л гэхэд нэг тонн нь 180 ам.доллараар худалдагддаг коксжих нүүрсийг 70 ам.доллараар гадагш нь гаргаж байна. За яах вэ угаагаагүй, түү-хий нүүрс юм гээд арай хямдруулж болно. Гэхдээ яагаад 100 ам.доллар байж болохгүй 70 ам.доллар гээд байгаа юм бэ. Ашигт малтмал хэмжээтэй.ш дээ. Миний үед дуусахгүй, идээд, бялхаад л өнгөрөх байх. Гэхдээ үр хойч гэж байна. Тэд юутай үлдэх юм. Онгойсон нүх л үлдэх байхгүй юу. Эцэстээ тэрийг нь бөглөх шороо ч үлдэхгүй. Бүгдийг ны зөөгөөд гаргачхаж байгаа юм чинь юугаараа тэр нүхийг нь бөглөх юм. Ер нь бол УИХ тогтоолоо баталчхаад энэ тогтоолоо хэрэгжүүлээч ээ гээд шаардаж байгаа гишүүдийг яагаад муулаад байгаа юм.

-Олонхын талд эрх ашгийн зөрчил илүү их байна гэж үү?

-Тийм л байгаа биз дээ. Жишээ нь Оюу толгой дээр Монголын эзэмших хувь 50-д хүрчих юм бол ард иргэд л идэх хоолтой болно. Тэрнээс шаардлага тавьж гүйгээд байгаа есөн гишүүнд юу ч оногдохгүй. Харин монголын төрийн Оюу толгойгоос эзэмших хувийг 34 байлгаснаараа ард түмэнд ирэх мөнгийг хэдхэн хүн хуваагаад л авна шүү дээ.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.