Заргачаараа адлуулдаг ч, цөхөрч үзээгүй “Сөрөг хүчин”
2012.05.24

Заргачаараа адлуулдаг ч, цөхөрч үзээгүй “Сөрөг хүчин”

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг сонгох, сонгохгүй шалтгааныг онцолж буй "Хэн нь хэн бэ" булан ээлжит дугаартаа үргэлжилж байна. Энэ удаад бид УИХ-ын гишүүн С.Эрдэнийг онцоллоо. Тэрбээр 2008 онд УИХ-д сонгогдохоосоо өмнө Улсын Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан билээ.


Блиц:

Овог, нэр: Содномзундуй Эрдэнэ

Төрөн огноо: 1963 оны 7 сарын 28

Төрсөн газар: Улаанбаатар хот

Гэр бүлийн байдал: Ам бүл 5

Гадаад хэл: Орос, Англи

Төгссөн сургууль, мэргэжил 1981 онд Улаанбаатар хотын 7-р сургууль 1984 онд Цэргийн нэгдсэн дээд сургууль Цэргийн команд, эрх зүйч, өмгөөлөгч мэргэжлээр 1999 онд Отгон тэнгэр их сургууль эрх зүйн мэргэжлээр 2000 онд Удирдлагын академи төрийн удирдлагын арга зүй, зохион байгуулалт мэргэжлээр тус тус төгссөн.

Эрдмийн зэрэг, цол:  Хууль зүйн ухааны магистр

Ажилласан байдал:

1989-1990 онд Нийслэлийн Багануур дүүргийн МАЗ нд МХЗЭ-ийн хорооны дарга

1990-1992 онд Нийслэлийн МоАН-ын зөвлөлд улс төрийн ажилтан

1992-1995 онд МҮАН-ын Хэрэг эрхлэх газарт ажилтан 1995-2000 онд Нийслэлийн Баянгол дүүргийн МҮАН-ын хорооны дарга

1996-2000 онд Нийслэлийн баянгол дүүргийн засаг дарга

2000 онд МоАН-ын дарга

2000 оноос Нийслэлийн баянгол дүүргийн АН-ын дарга

2004-2008 онд Улсын Нийгмийн даатгалын Ерөнхий газрын дарга 2005 оноос нийслэлийн АН-ын дарга

2009 оноос Монгол улсын их хурлын гишүүн

Шагнал:  2004 онд Боловсролын тэргүүний ажилтан 2006 онд Нийгмийн даатгалын хүндэт ажилтан

 

Сонгох шалтгаан

Тэр бол яах аргагүй ардчиллын анхдагчдын нэг. 1990 оноос хойших улс төрийн болон төрийн ажлын туршлага түүнд хангалттай байна. Баянгол дүүргийн Засаг дарга, Баянгол дүүргийн АН-ын дарга, Нийгмийн даатгалын газрын даргаар ажиллаж   байсан.   Түүнд   төрийн   ажлын   туршлага байгаа.  Өөр ямар  нэгэн  бизнес, эсвэл ямар нэгэн фракц бүлэглэл, улс төрийн ажлын туршлага төдийлөн байхгүй болов уу. Энэ утгаараа эрхэм гишүүнийг энэ төрд байх ёстой эрхмүүдийн нэг гэж үзэж болох юм.

С.Эрдэнэ гишүүн шударга  явдлын  төлөө хэнтэй ч ам муруйж чаддаг нэгэн. Тэнд намын дарга, цэрэг байна уу хамаагүй. Үзэл бодолдоо үнэнч байж, ард түмэнд хэрэгтэй зүйлийн төлөө үргэлж дуугардаг билээ. Хэнд ч тал засдаггүй, дэндүү шударга байсныхаа төлөө хүний өөрийн намынханд үргэлж "муулагддаг". УИХ-д байх хугацаанд нь С.Эрдэнэ гишүүн тэр фракцтай нийлж, тийм хор найруулжээ гэдэг үг лав сэтгүүлчдийн сонорт хүрээгүй. Харин хаана болохгүй, бүтэхгүй зүйл байна, тэнд эрхэм гишүүн оччихсон, үгээ хэлээд, шүүмжлээд хэрэлдэж муудалцаад явж байсан гэхэд болно. Энэ утгаараа тэр бол шударга улстөрч. Шударга хүнд ард түмэн үргэлж хүндлэлтэй ханддаг билээ. Өнөө цагт авлигал, хээл хахууль газар авчихсан байхад С.Эрдэнэ мэтийн шударга төрийн түшээд яах аргагүй энэ төрд хэрэгтэй болов уу.

Тэр болж, бүтэхгүй бүхнийг шүүмжилж, үгээ хэлдэг гэдгийг дээр дурьдсан. Гэхдээ тэр бас зөвхөн шүүмжлэгч нэгэн биш юм. УИХ-д суух хугацаандаа хэд хэдэн чухал хуулийн төслүүдийг санаачилж, батлуулсан. Хамгийн сүүлд гэхэд Тэтгэврийн зөрүүг арилгах тухай хуулийг нэрлэж болно. Хоёр нийгмийн зааг дээр хохирч үлдсэн иргэдээ төр харж үзэх ёстой гэдгийг эрхэм гишүүн хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолжээ. Одоо ахмад настнууд хэдэн онд тэтгэвэр тогтоолгосноосоо хамаараад ялгаатай тэтгэвэр авхаар больсон. Энэ хууль маш удаан хугацаанд хүлээгдэж байсан. Олон ахмадууд энэ хуулийг батлагдахыг хүлээж байсан билээ. Энэ утгаараа гишүүн ард түмнийхээ төлөө хууль батлуулж, санаачилж чаддаг нэгэн. Тэтгэврийн зөрүүгээс гадна хүүхдийн мөнгөний асуудлыг С.Эрдэнэ тэргүүтэй АН-ын гишүүд зүтгэсний эцэст дахин сэргээлгэж чадсан. Энэ мөнгө ард түмэнд хэрэгтэй гэдэг нь өнгөрсөн хэдэн жилд тодорхой харагдсан. Тиймээс эрхэм гишүүн зүгээр нэг шүүмжлээд байдаггүй, ажлаа хийж чаддаг нэгэн ажээ. Ажил хийж чаддаг хүнийг УИХ-д сонгох нь хамгийн чухал билээ. Үнэндээ энэ УИХ-д ажлаа мэддэггүй гишүүд олон байна. Харин С.Эрдэнэ тэднээс өөр гэдгээ өнгөрсөн хугацаанд харуулж чадсан болов уу.

Баянголчууд С.Эрдэнэд хэр ам сайтай байдгийг мэдэхгүй юм. Гэхдээ эрхэм гишүүн 1996 оноос хойш Баянгол дүүрэгтэй холбогдсон. 1996-2000 онд Баянгол дүүргийн Засаг дарга, 2000 оноос хойш Баянгол дүүргийн АН-ын дарга, 2005 оноос 2008 он хүртэл Нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргаар ажилласан. Улаанбаатар хотод төрж, өссөн, "нийслэл хүү". Өөрөөр хэлбэл, нийслэлийн амьдралыг алган дээрээ тавьсан юм шиг сайн мэднэ гэсэн үг. Өнөөдөр нийслэлд шийдэх ёстой асуудал бишгүй байна. Утаа, түгжрэл, гэр хороолол, орон сууц гээд. Энэ бүхнийг шийдэхэд хотын амьдралыг мэддэг хүн УИХ-д байх хэрэгтэй билээ. Тэгээд ч эрхэм гишүүн өнгөрсөн хугацаанд баянголчуудын итгэлийг алдаагүй. Нийслэлчүүдийн төлөө, монголчуудын төлөө ажиллаж чадах хүн гэдгээ харуулсан билээ. Дахиад нэг удаа итгэл хүлээлгэхэд ямар ч асуудал алга.

Ер нь бол Ардчилсан намын 2008 оны сонгуулийн амлалт 100 хувь хэрэгжлээ. Үүнд мэдээж эрхэм гишүүний хувь нэмэр их байсан. Ялангуяа болж, бүтэхгүй байгааг нь сануулж, шүүмжилж ирсэн гэдгээрээ эрхэм гишүүн АН-ын хувьд нам доторх "сөрөг хүчин" нь байсан байж болох юм. "Сөрөг хүчин"-тэй парламентаас гарч байгаа шийдвэр илүү шүүлтүүртэй, илүү зөв зүйтэй гарч чаддаг жамтай. Тэр утгаараа АН хамтарсан засагт орсон ч гэсэн мөрийн хөтөлбөрөө 100 хувь биелүүлэхэд нь С.Эрдэнэ гишүүн илүү их үүрэгтэй оролцсон билээ. АН-ын мөрийн хөтөлбөр биелсэн болохоор эрхэм гишүүний амлалт ч бас биелсэн. Тийм учраас баянголчууд дээр эргээд очих нүүртэй нэгэн билээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.