Ц.Дашдорж: Говь-Алтай гэдэг нэртэй миний ажил үйлс, амжилт бүтээл, үүрэг хариуцлага маань нягт холбогддог
-Мөнгөн хонхны дуу эгшиглэсэн сайхан өдрүүд үргэлжилж байна, яриагаа үүнээс эхлэе гэж бодлоо. Та ямар сургууль төгссөн бэ. Хэр нийгмийн идэвхтэй оюутан байв?
-Би Политехникийн дээд сургууль буюу одоогийн ШУТИС-ийг Өрөмдлөгийн инженер мэргэжлээр төгссөн. Оюутан байхдаа нийгмийн идэвхтэй, олон нийтийн ажилд их оролцдог байлаа. Би нэг бяцхан түүх ярья. Одоо оюутнууд Цахим Visa карт гэдэг болж.
Энэ зүйлийг бидний хэсэг нөхөд санаачилж, ажил хэрэг болгож байсан юм.
Өөрөөр хэлбэл, оюутнууд нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих картыг бий болгох асуудлыг анх хөөцөлдөж гаргаж байлаа. Бас амаржсан оюутнуудад тэтгэмжийн мөнгө олгох талаар хөөцөлдөж, олгуулах шийдвэр гаргуулж байлаа. Сурлагын хувьд сургуулиа улаан дипломтой, Д.Сүхбаатарын нэрэмжит цалинтай төгссөн. Дараа нь Германы Уул уурхайн институтийг дүүргэсэн. Хаврын хаварт л эргээд оюутан болчихсон юм шиг хонхны баяр харахаар сайхан байдаг шүү. Сая нутаг яваад ирлээ. Манай Анагаах ухааны сургуулийн төгсөлт болж байна. Дурсамж сэргээд сайхан байсан шүү.
-Их сургуулиа улаан дипломтой төгссөн хүн чинь шууд л томхон газарт хуваарилагдана биз?
-Төгсөөд шууд яаманд хуваарилагдсан. Гэхдээ яаманд очсон чинь "Газрын тосны нэгтгэл гэж шинээр байгуулагдаж байгаа, тийшээ оч" гэж байна. Д.Содном гуай Ерөнхий сайдаасаа дөнгөж буучихсан, дарга нь. Хүнд үйлдвэрийн сайд байсан Батхуяг гуай нэг хэлтсийн дарга нь. Сэнгээ гуай, бас Лиза гэдэг нарийн бичигтэй, нэг жолоочтой. Долоо дахь цэрэг нь би болж очиж байлаа. Эндээс л төрд ажилласан түүх маань эхэлнэ. Мундаг хүмүүсээс их зүйл сурч мэдсэн дээ,
-Тэр үедээ бол инженер мэргэжилтэй, нэлээд гайгүй ажилд орчихсон, цалин ч боломжийн байсан биз дээ?
-Гайгүй, гайгүй, 750 төгрөг авдаг байсан. Дээрээс нь Газрын тосны нэгтгэл ийнхэн нэмэгдэл цалин авна. Би 1000 орчим төгрөгийн цалин авчихдаг байсан.
-Дараа нь бизнесийн салбар луу орсон уу. Таныг бизнесийн салбарт нэлээд хөдөлмөрлөсөн хүн гэж боддог. Гэхдээ бизнесийн чиньамжилтыг төдийлөн сайн мэдэхгүй юм. Хүмүүс таныг бизнес сэтгэлгээ сайтай,мөнгөтэй хүн гэж ярьдаг. Яагаад төрийн албанаас гарч бизнес хийхээр боловоо. Цаг үеэс болов уу?
-1990 онд бүх л хүн эрвийх дэрвийхээрээ хөдөлж байсан үе. Найз нөхөд ажлаасаа гараад ганзагын наймаанд яваад эхэллээ. Бүгд л пүүс компани байгуулж байлаа. Манай нэг найз хэлж байна. "Хоёулаа ч гэсэн хөдлөөд үзвэл яасан юм, компани байгуулъя" гэж. Ингээд л 1992 онд ажлаасаа гараад яваад орсон доо. Ангийн багш Батсайхантайгаа хамтраад "Газар холдинг"компанийг байгуулж байлаа. Компаниа байгуулаад хамгийн анх Түргэний хөндийд төмс тарьснаа мартдаггүй юм. Бизнес хийснээр нэг ч төгрөггүй шатах, нэлээд мөнгөтэй болохыг би үзсэн хүн. Гэхдээ хүний амьдралд мөнгөтэй зүйрлэшгүй илүү үнэ цэнэтэй зүйл олон шүү дээ.
-Намын гишүүн болж батлах авсан үе чинь хэзээ вэ. Хэнээс батлахаа авч байв?
-Тэр бол нэлээд эрт шүү. 1988 онд оюутан байхдаа Эвлэлийн төв хорооны гишүүн болоод Сүхбаатар дүүргийн намын хороон дээрээс батлахаа авч байлаа. Батсүх гээд Үндэсний дэвшил намыг байгуулсан хүн байдаг юм. Манай Полийн дээдийн багш, намын хорооны орлогч дарга байсан. Багшийгаа дагаад л Сүхбаатар дүүрэг дээр очиж батлахаа авч байлаа. Тэр үед гайгүй сурдаг оюутныг шууд элсүүлдэг байсан юм. Улс төрийн намын гишүүн болж байлаа шүү дээ. Манайд олон намын систем бий болоод 20 жил боллоо. Одоо ч бүрэн төлөвшөөгүй л байна.Олон нам байгуулагдсанаар улс орон хөгждөг бол манайх л хамгийн хурдан хөгжихөөр боллоо. Гэтэл тийм биш байдаг юм.
-Тэгээд л удалгүй намынхаа залуучуудын байгууллагын удирдлагад ажилласан уу. Танай үед байгуулж байсан байгууллага өнөөдөр олон мянган залуусаар эгнээгээ өргөтгөсөн хүчирхэг байгууллага болжээ?
-Бидний үед дөнгөж үүсэж бий болж байлаа. Хүний амьдралд тэртээ тэргүй цаг нь ирэхээр зорьсон чиг рүүгээ ачаа үүрээд явах үе ирдэг юм байна. Үнэндээ 33 настай залуу УИХ-ын гишүүн болно гээд л залуу насны бадрангуй сэтгэлээр шуугиад орсон. Ер нь улс төрийн идэвх хүрээлж байгаа найз нөхдийн дундаас төрдөг юм. Улстөрийг чи сонирхохгүй бол улстөр чамайг оролдоно гэж үг байдаг даа. Үүнтэй адил найз маань хүрч ирээд "Алив хэдэн залуус тэнд ийм байгууллага байгуулаад ажиллаж байна. Тэр байгууллагад нь удирдах зөвлөл гэж байдаг юм байна. "Тийшээ ор" гэж байна. Би "за" ч гэсэнгүй. Тэгсэн манай хүн бүр урдаас "Залуучуудын байгууллагын дэд ерөнхийлөгч болбол яадаг юм" гэж байна. Нэлээд бодлоо. Тэгээд л залуучуудын байгууллагын дэд ерөнхийлөгч болохоор шийдлээ, боллоо доо. Залуу хүн том мөрөөдөлтэй байх ёстой юм билээ. Тэгээд мөрөөдлөө биелүүлэх зөв зорилготой, хэрэгжүүлэх сайн арга барилтай байх учиртай. Мэдээж түүнийхээ төлөө хөдөлмөрлөх нь гарцаагүй.
-Залуу насны бадрангуй сэтгэлээр?
-Ассан, дүрэлзсэн улсууд шуугиад яваад орсон. Ёстой л бадрангуй сэтгэлээр нэгдэж, нийлж,"Тэнхлэг"' төвөө байгуулж явлаа. Манай М.Энхболд дарга, У.Хүрэлсүх дарга, талийгаач Умбаа, Т.Гантулга, одоо Эрдэнэтийн Б.Жаргалсайхан гээд бусад олон залуу энэ байгууллагад байсан нэг цаг үеийнхэн. Ийм л хамт олон дотор Ж.Жанцантайгаа (П.Жасрай агсны хүү) хамт анх орж ирж билээ. Түүнээс хойш идэвхтэй үйл ажиллагаа явуулъя гээд тодорхой зорилго тавиад зүтгэсэн. Тодорхой төвшинд нам, хамт олныхоо итгэл даах төвшинд хүрсэн. 2000 онд УИХ-ын сонгуульд нэр дэвшихийг намаас санал болгосон, Энэ итгэлийг ч алдалгүй, дэвшээд ялалт байгуулж, УИХ-ын гишүүн болж байлаа. Ард түмний итгэлийг хүлээх, тэднийг төлөөлж парламентад сууна гэдэг асар том хариуцлага шүү,
-Ингэхэд одоо та хэдтэй вэ?
-Би яг 45 хүрч байна.
-Ид сайхан залуу нас ...?
-Тийм шүү. Монголчууд бид дөч хүрсэн эр, дөрөө дарсан ат гэж ярьдаг даа. Улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө зүтгэх ид нас гэж ойлгож байна, Манай үеийнхэн жинхэнэ баялгийг бүтээж байна даа.
-Улс төрийн амьдрал нэлээн давалгаатай жилүүд өнгөрлөө, Ялангуяа МАН-ын хувьд, Нэрээчсолилоо, багагүй бужигнаантай байлаа, Хоёр, гурав ч хуваагдах шиг болов. Хуучиннамын дарга байсан хүн нь одоо саатуулагдаад шалгагдаж байна. "Үхрийн сүүлэн дээр хутга" гэдэг шиг зарим нь намаасаа гараад өөр нам руу ч орж байх шиг. Энэ бүх бужигнаан улстөрчийн тань хувьд ямархуу бодлууд төрүүлж байх юм?
-Байдлыг бодитойгоор үнэлж дүгнэх нь чухал. Ямар нэгэн нэмэлт чимэг, нэмэлт өдөөн хатгалга, ишлэл, зүүлт энэ тэргүйгээр. Мэдээж тунгаах юм бол бий. Таны асуултын хариуг тун удахгүй ард түмэн өгнө. Тийм болохоор урдуур нь орж дүгнэлт өгөх нь тийм ч ач холбогдолтой зүйл биш. Ер нь намд үзэл бодлын цэвэр өрсөлдөөн байх ёстой юу гэвэл байх ёстой. Гарцаа байхгүй. Ийм агаар, ийм эрх чөлөө байхгүйгээр одоогийн улс төрийн хүчнүүдийг төсөөлөх аргагүй шүү дээ. Нам бол өөрөө нээлттэй систем. Үзэл бодол, итгэл үнэмшлээрээ нэгдэн орох бас гарах нь хэнд ч нээлттэй. Хууль бус зүйл хийсэн, эс хийснийг нь шалгах нь хуулийн байгууллагын эрх. Гэхдээ хүний амь наснаас илүү чухал зүйл энэ хорвоо дээр үгүй шүү дээ.
-Та тэрбумаараа юу хийсэн бэ?
-Аймгийнхаа хөгжил цэцэглэлт, дэд бүтэц, малжуулах хөтөлбөр, жижиг дунд бизнесийг дэмжих зээл, нутгийнхаа залууст оюуны хөрөнгө оруулалт оруулсан гээд хамгийн хэрэгцээтэй салбарт хүч зарцуулсан гэж бодож байна. "Алтайн хөгжил" сэтгүүлээр дамжуулан юу хийсэн тайлангаа, тэрбумын задаргааг ард түмэндээ дэлгэрэнгүй тайлагнасан.
-"Эрдэнэт сүрэг эзнээ баясгана" гээд малжуулах хөтөлбөр их үр дүнтэй болсон тухай хүмүүсээс сонсож байсан юм байна, Ямар зарчимаар малжуулсан бэ?
-Ийм зарчимтай юм. Нэг малгүй өрхөд 50 толгой мал өглөө. Хоёр жилийн дараа энэ мал нь өснө өө дөө. Тэгэхээр нь нөгөө 50-иа аваад дахиад өөр айлд өгөх жишээний. Ингэснээр тэр суманд эргэлтийн сан бий болно шүү дээ. Үүний дараа чанаржуулах асуудал гарч ирнэ. Сүхбаатараас хурдан азарга ч юм уу, Ховдоос улаан ямааны ухна авах жишээтэй. Бидний ажил бүх л талыг хамарч байдаг юм. Би бол гурван юманд анхаарсан. Нэгдүгээрт дэд бүтэц. Энд гэрэл цахилгаан, зам, ус орж байгаа юм. Алтайн хөгжлийн гурвалжингаа ажил хэргийн гурвалжин болгочихлоо. Одоо улам төгөлдөршүүлэх л үлдэж байна. Дараагийнх нь хүүхдүүдийн боловсрол. Үүнийг яаж идэвхжүүлэх вэ гэхээр хүүхэд рүү нь биш багш нар луу нь чиглүүлдэг. Багш нь мундаг байж, сурагч нь сайн боловсрол эзэмшинэ.
-Өмнөговийг хөрсөн доорхи баялаг нь тодорхойлж байна. Харин Говь-Алтайг тодорхойлох үндсэн баялаг юу вэ?
-Өмнөговь,Баянхонгор, Говь-Алтай, Ховд гээд энэ хэсэг бол нүүрсний том сав газар шүү дээ. Манай аймаг бусад аймгаас дутахааргүй баялагтай. Гэхдээ Өмнөговь шиг байж болохгүй гэдгийг манай алтайнхан ухамсарлаж байгаа. Машинтай нь машинаараа, хүрз жоотуутай нь тэрэнтэйгээ, тэгээд гадныхан гээд Өмнөговь руу бүгд шуурчихлаа. Ингэж болохгүй юм байна гэдгийг ойлгоод байгаа. Өнөөдөр хэдэн төгрөг авч болно оо, нутгийн хишиг энэ тэр гээд. Гэхдээ тэр чинь бахархал биш шүү дээ.
-Говийнхныгамгалан тайван, сайхан хүмүүс гэдэг. Үүн шиг Говь-Алтайн хүмүүсийн голшинж юу вэ ?
-Говийнхныг эвдрээгүй гээд хувь хүний мөн чанар талаас нь их ярьдаг байсан. Гэхдээ одооны говьчууд жаахан өөрчлөгдсөн байх аа. Ерөөсөө хүмүүсийг юу эвдээд байна гэхээр зах зээл л эвдээд байгаа юм. Би бусдыг муу хэлж байгаа юм биш шүү. Үнэндээ жинхэнэ мөн чанараараа байгаа нь баруун аймгийнхан. Манай Алтайнхан юмаа нэг их ил гаргаад байдаггүй. Дотроо бол асар сайн бясалгана. Түлх их харна. Маш холч хүмүүс. Өөрийн тогтсон итгэл үнэмшил гэдэг юм нь бараг насан турш арилахгүйгээр сууж өгсөн байдаг. Ийм л улс даа.
-Та нутгархана биз?
-Тэгэлгүй яахав. Нутаг устайгаа амин холбоотой байдаг нь монгол хүн бүрийн онцлог. Хэзээнээсээ Засагт ханы "хэцүү" эрсээрээ овоглосон Алтай нутгаараа бахархаж явдаг хүний нэг нь би. Тэр утгаараа Говь-Алтай гэдэг нэртэй миний ажил үйлс, амжилт бүтээл, бас үүрэг хариуцлага маань нягт холбогддог гэж боддог.
-Ирээдүйн Говь-Алтайг та хэрхэн төсөөлж байна?
-Төсөөлөх нэг хэрэг. Алтай нутаг маань их хөгжлийн торгон ирмэг дээр урагшилж байна. Айл бүрээс гэрэл гэгээ цацарч, үүрэн холбоо эрс сайжирч, дэд бүтэц зам харилцаа хөгжих үндэс суурь тавигдлаа. Мал сүрэг маань ч таван төрөлдөө өсөж байна. Иргэд нь хөдөлмөрлөх, хөгжих хүсэл тэмүүлэлтэй, хүн бүр ажил орлоготой, дардан замаар аймаг хотуудтай холбогдсон, залуус нь мөрөөдөлтэй, түүндээ хүрэх итгэл зүтгэлтэй XXI зууны шинэ МоНголыг, шинэ Алтайг бий болгох хүмүүс нь бид өөрсдөө. Үүний төлөө хамтдаа төсөөлөх биш, харин зүтгэх учиртай.
-Нутаг ус ярьсных аав ээж тань залуудаа ямар ажил эрхэлдэг улсууд байв?
-Аав маань цэргийн хүн байлаа. Ээж маань эрүүл мэндийн салбарт насаараа зүтгэсэн эмч. Эмчийн хүний төлөө гэсэн чин сэтгэл, цэргийн хүний эх оронч төв үзэл бидний төлөвшилд их нөлөө үзүүлсэн гэж боддог. Олуулаа ч байлаа даа. Хүн болох дуртайдаа л хүн болж байсан шиг байгаа юм. Яг туулайн бүжин шиг л өссөн. Шинэ хувцас өмсөж үзээгүй. Хааяа нэг ахад шинэ юм авч өгвөл баярлана. Ингэж л өслөө, бидний үеийнхэн. Аав ээж хоёр ажилтай, яваад өгнө. Том нь багаа өсгөөд явдаг. Харин өлсдөггүй байсан шүү. Өдөр нь талх, боорцгоо идчихнэ. Орой нь хоолоо хийгээд идчихнэ. Одоогийхоо шиг нэг хэсэг нь хүүхдээ чихэр жимсээр хангаад, зарим нь хоосон хонодог шиг ийм ялгаа тэр үед байсангүй. Сайхан үед хүн болж хүмүүжсэн. Сургууль нь ч боловсролыг чанартай эзэмшүүлдэг байж. Харин өнөөдрийн хувьд миний сэтгэл маш дундуур явдаг зүйл бол энэ боловсролын тогтолцоо. Нэг л их олон дээд сургууль. Сэтгэл амар байя гэвэл хамгийн түрүүнд боловсролын тогтолцоогоо засах ёстой. Уул уурхайгаас олж байгаа орлогоо боловсрол, эрүүл мэнд рүү хангалттай хаях ёстой юм шүү дээ, бид. Тэгж байж ирээдүйгээ гэрэлтэй, өнгөтэй байлгана гэж боддог.
-Цаг завгүй их ажлынхаа хажуугаар ярилцсанд баярлалаа.
-Та бүхэнд ч баярлалаа. Нутаг орон, залуу насаа дурсан ярих надад таатай байлаа. Алтайчууддаа, Монголынхоо нийт ард түмэнд сайн сайхны дээдийг хүсье.