Японы онцлог: СУДАЛГАА, СТАНДАРТ
Хоккайдо муж "сэрүүн бүс"-ийн технологиороо алдартай. Үүнд барилга, ХАА-н технологи голлон яригдана. Монголд нутагшуулахад тохиромжтойгоос гадна хэрэгцээтэй тэрхүү сэрүүн бүсийн технологи, хөрөнгө оруулалтыг Монгол руу импортлох, бизнесийн утгаар харилцан ашигтай хөгжүүлэх бололцоог хоёр тал ирээдүй гэж харж байна.
Японы хамгийн хойд арал болох Хоккайдо мужид хоёрдугаар сард цас хамгийн ихээр унадаг. Цас мөс, хасах хэмийн хүйтэн, өвлийн богинохон өдөр ... гээд Монголоос очсон бидэнд дотно мэдрэмж төрүүлнэ. Том ширхэгтэй, нойтон цас хөлөөр хөглөрөхийг хараад бээлийгүй гараараа бөөрөнхийлж аваад байлдаж тогломоор, эсвэл цасан хүн хиймээр санагдана... Яг л цасаар байлдаж тоглож баймаар дулаахан. Монголын өвлөөс ялгаатай нь гэвэл дулаахан. Тийм болохоор цас үзэхээр зорин ирэх жуулчид тав тух алдахааргүй.
Энэ онцлог нь Хоккайдод өвлийн жуулчлал, цасны баяр гэсэн брэндүүдийг бий болгожээ.“Монголд цас ороод мөс болдог бол Хоккайдод цас нь мөнгө болж байна” гэж Монгол, Хоккайдогийн эдийн засгийн харилцааг дэмжих нийгэмлэгийн тэргүүн, УИХ-ын гишүүн Л.Болд Саппоро хотноо болсон хоёр талын бизнес форумын үеэр хэлсэн нь санаандгүй үг биш.
Sapporo Snow Festival, 2018
Энэ нь шууд утгаараа цасны тухай боловч шилжсэн утгаараа бол монголчууд тэндээс бизнесийн шинэ санаа сэдэл, шинэ технологи, шинэ бизнест суралцаасай гэсэн хүсэл, эрмэлзэл юм. Чухам ийм зорилгоор Монгол, Хоккзйдогийн эдийн засгийг дэмжих нийгэмлэгийг Монгол, Япон орны стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх бодлогын хүрээнд байгуулжээ.
Хоккайдо “сэрүүн бүс”-ийн технологиороо алдартай.
Үүнд барилга, хөдөө аж ахуйн технологи голлон яригдана. Монголд нутагшуулахад тохиромжтойгоос гадна хэрэгцээтэй тэрхүү сэрүүн бүсийн технологи, хөрөнгө оруулалтыг Монгол руу импортлох, бизнесийн утгаар харилцан ашигтай хөгжүүлэх бололцоог хоёр тал харж байна. Үүнийг дэмжих, компани, аж ахуйн нэгж, иргэдийг холбох нь Монгол, Хоккайдогийн эдийн засгийг дэмжих нийгэмлэгийн зорилгын нэг хэсэг.
Хоккайдогийн цасны баяртай давхцан тус нийгэмлэгийн дөрөв дэх удаагийн бизнес форум энэ сарын 5-ны өдөр Саппоро хотноо болж өнгөрсөн юм.
Уг бизнес форумд Монголын талаас Хүнс, хөдөө, аж ахуйн яамны Санхүүгийн хэлтсийн дарга Б.Цогбадрах, Монгол, Хоккайдогийн эдийн засгийн харилцааг дэмжих нийгэмлэгийн Гүйцэттэх захирал Б.Галбадрах нар илтгэл тавьсан юм. Мөн Ерөнхийлөгчийн Тамгын газрын Бодлого, үйл ажиллагааны хэлтсийн дарга Д.Жаргалсайхан Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлтийг танилцуулсан.
Форумын эхний илтгэл Монголын хөдөө аж ахуйн салбарын багтаамж, нөөц бололцоо, бодлогын талаар байсан бол хоёр дахь илтгэл нь Монголын хувийн хэвшлийн компаниудын чадамж, засаглал болон хоёр талын харилцаанаас ямар үр дүн, өгөөж хүлээж байгаа талаар байлаа. Японы талаас 100 гаруй аж ахуйн нэгж, Монголын талаас 20 орчим компанийн төлөөлөл оролцсон юм.
Ирээдүйд хамтран ажиллах бололцоо юу байхыг харж, сонжиж буй япон түншүүдэд Монголын компаниуд ямар түвшинд ямар зарчмаар яаж хөгжиж байгаа нь тун чухал асуудал юм. Тэд бизнесийн зарчим, ёс зүй, тууштай байдал гээд хандлагуудад анхаардаг байна.
Хоёр талын эдийн засгийн харилцааг дэмжих нийгэмлэг нь гишүүнчлэлтэй байгууллага. Мөн Улаанбаатар хот болон Саппород байнгын оффис ажиллаж, тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг.
Тэгэхээр Хоккайдо мужид болох арга хэмжээг Такабэ Цүтоми гуайн тэргүүлдэг Хоккайдо Монголын эдийн засгийн солилцоог дэмжих нийгэмлэг, Монголд болох арга хэмжээг Монгол, Хоккайдогийн эдийн засгийн харилцааг дэмжих нийгэмлэг хариуцдаг гэсэн үг юм.
Sapporo Snow Festival, 2018
Монголын төлөөлөгчдийг бизнес форумын үеэр Хоккайдо, Монголын эдийн засгийн солилцоог дэмжих нийгэмлэгийн гишүүн байгууллагуудын үйп ажиллагаатай танилцуулах аяллыг мөн зохион байгуулсан юм.
Тэдгээрийн нэг болох инженер, технологийн Goshima компани Монголын төлөөлөгчдөд өөрийн үйл ажиллагаатай танилцуулсан.
Хөргөлтийн систем, тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг тус компанийн захирал ноён Гошима гуайн танилцуулснаар Саппоро хотын захиргааны хөрөнгө оруулалтаар тэд нэгэн шинэ технологийн судалгаан дээр ажиллаж байгаа аж.
Энэ нь нарны эрчим хүчээр цэнэглэгддэг хөргүүрийн болон халаалтын технологийг бий болгох судалгаа, туршилтын ажил юм байна. Үүндээ доод тал нь гурван жилийг зарцуулна гэв. Ямарваа халаалт, хөргүүрийн систөм нь эрчим хүчний эх үүсвэртэй холбогдож байж ажилладаг. Эрчим хүчний эх үүсвэр үйлдвэрлэлийг экологид ээлтэй, илүү хялбар байдлаар шийдэх нь тэдний зорилго.
Тухайлбал, дээврийн цасыг барилгын доод давхар руу оруулж тэр хэвээр нь хадгалах замаар гуравдугаар сараас долдугаар сар хүртэл үүгээр хөргөлтийн системийг шийдэх шинэ төхнологийг туршиж байгаа юм байна.
Тус компанидхоёр монгол залуу дадлагажигчаар а ажиллаж байгаагийн нэг нь Г.Анхбаяр. Түүнд Godhima компани Японд үйлдвэрлэснээс бусад үйлдвэрлэгчийн хөргүүр, хөргөгч, кондэйшн засварлахыг зааж, сургаж байгаа гэнэ.
Учир нь Монголд олон орны янз бүрийн үйлдвэрлэгчийн тоног төхөөрөмж ашигладаг гэв.
Тус компанийн оффисоос гараад бид Саппоро хотын томоохон хүнсний агуулах руу очсон юм. Тэнд Goshima компанийн хөргөлтийн системийг ашиглаж байлаа.
Тус агуулахын 320 ам.метр талбайг 0.5 градусаас +1.5 градусын тогтмол темпөратураар 24 цаг тасралтгүй хангах хөргөлтийн төхөөрөмжийг суурилуулжээ.
Хөргөлтийн систем цагт 1 квт эрчим хуч хэрэглэдэг нь хэмнэлттэй гэсэн үг юм.
Үүнтэй танилцах дашрамд Японы хүнсний агуулахын стандарт, менежментийг гайхаж байлаа. Бараагаа нэр төрлөөр нь ангилсан, шошголж кодолсон байдал нь тун ухаалаг. Ижил төрлийн бараа гэхэд хаана үйлдвэрлэснээс үл хамааран агуулахад орохдоо бүгд ижил хайрцаг, боодолд орж байгаа нь стандарт, эмх цэгцийг бий болгож байна.
Тус агуулахын хажууд байх жимс, хүнсний ногоог өглөө бүр яг үйлдвэрлэгч, тариалагчдьж гар дээрээс хүлээн авдаг 1000 тонны хүчин чадалтай бөөний зах мөн л эмх цэгц, стандартын нэг жишээ. Үйлдвэрлэгч бүрээс ирсэн жимс, ногоо төрөл, төрлөөрөө нэг ижил хайрцаглалтад орно.
Энэ стандартыг дараа нь бид махны үйлдвэр, гурилын үйлдвэр, хүнсний бөөний агуулах гээд бүх л газраас харж байлаа. Энэ талаар нэг удаагийн ажиглалтаар хэдхэн өгүүлбэрт багтаан тайлбарлах нь учир дутагдалтай ч япончууд судалгаа, судалгаанд суурилсан үйлдвэрлэл, стандартаараа онцгой юм гэсэн сэтгэгдэл хэнд ч үлдэнэ.
Сэтгүүлч З.Боргилмаа