М.Галбадрах:
Малын тоонд биш чанарт анхаарах цаг болсон
Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийг Засгийн газар 2016.12.28 өдөр УИХ-д өргөн мэдүүлж, УИХ-аар хэлэлцэн 2017.12.14 өдөр баталсан. Хууль ирэх 6 сарын 1-ээс хэрэгжиж эхлэх юм. Ингээд хуулийн талаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлэг, Үржлийн газрын дарга асан ХААУхааны магистр Мал зүйч, Эдийн засагч М.Галбадрахтай ярилцлаа.
-Малын генетик нөөцийн тухай хуулийг 2018 оны 06 дугаар сарын 1-нээс эхлэн дагаж мөрдөнө. Энэ хуулийг зорилго нь юу вэ?
-Энэ хуулиар мал болон ашиг шимийг ашигладаг тэжээвэр амьтан, түүний генийн сан, үржүүлгийн бүтээгдэхүүн, эдгээрт хамааралтай уламжлалт мэдлэгийг нэгтгэн “малын генетик нөөц” гэж томъёолсон Энэхүү нөөцийн төлөв байдлыг тодорхойлох, бүртгэх, хадгалах, хамгаалах, тогтвортой ашиглах, судлан хөгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах зорилготой.
-Ер нь генетик нөөц гэдэгт юуг багтааж ойлгох вэ? Тэр тусмаа малын генетик нөөц гэж юу хэлээд байгаа талаар та уншигчдад тайлбарлаж өгөөч?
- Генетикийн нөөцөд хүнс, хөдөө аж ахуйн, бичил биетэний, байгалийн ургамал, зэрлэг амьтны, уламжлалт мэдлэгийн генетик нөөцүүд хамаардаг. Харин хүнс, хөдөө аж ахуйн генетик нөөцөд таримал ургамлын генетик нөөц багтаж байгаа юм. Харин сая энэ хуулиар малын генетик нөөцийг салгаж хуульчилсан.
-Энэ хуулийг батлан гаргах зайлшгүй шаардлагыг та хэрхэн харж байна вэ?
-1992 онд НҮБ-ын ХХААБ-аас Биологийн олон янз байдлын конвенцийг баталсан.
Энэхүү конвенцэд манай улс 1993 онд нэгдэн орсон.
Мөн 2010 ондНҮБ-аас Нагоягийн протокол буюу Генетик нөөцөөс ашиг хүртэх асуудлыг баталсан. Үүнд манай улс 2012 онд соёрхон нэгдсэн. Бас 2007 онд НҮБ-ийн ХХААБ-ийн гишүүн орнууд “Малын генетик нөөцийн тухай тунхаг”-ийг баталсан. Үүгээр малын генетик нөөцийн талаар даян дэлхийд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталсан байдаг. Энэ төлөвлөгөөний хүрээнд Монгол улс малын генетик нөөцийн төлөв байдлын тайланг 3 жил тутам НҮБ-ын ХХААХороонд хүргүүлэх үүрэгтэй. Үүний дагуу ийм хуультай болох шаардлага тулгараад байсан.
-Өмнө нь хэрэгжиж байсан “Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай” хуулиас энэ хууль юугаараа ялгаатай вэ?
-1992 онд батлагдсан “Малын удмын сан, эрүүл мэндийн тухай хууль”-д мал эмнэлгийн болон малын үржлийн ажил үйлчилгээний ажлын зааг ялгаа нарийвчлан тусгагдаагүй байсан. Гэтэл зах зээлийн харилцаанд шилжиж мал хувийн өмчид шилжсэнээр үржлийн ажил үйлчилгээг хэрэгжүүлэх тогтолцоо алдагдсан л даа. Үүнээс үүдээд салбарын мэргэжлийн ажил үйлчилгээ үзүүлэх чадавхи хангалтгүй, монгол малын үүлдэрлэг байдал алдагдсан. Улмаар мал сүргийн тэсвэр хатуужил нь буурч давжааран, сүргийн бүтэц алдагдахад хүрсэн.
Товчоор хэлбэл, Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулиар зохицуулж байсан “малын удмын санг хамгаалах”-тай холбогдсон харилцааны хамрах хүрээг өргөтгөсөн.
Олон улс гэрээ, конвенцийн хүрээнд Монгол Улсын хүлээсэн үүрэг, дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага, үзэл баримтлалын өөрчлөлттэй уялдуулан генийн сангаас гадна мал болон мал аж ахуйтай холбоотой уламжлалт мэдлэгийг “малын генетик нөөц” гэж өргөтгөсөн гэсэн үг юм л даа. Үүгээрээ энэ хууль нь өмнөх хуулиас онцлог юм.
-Малын генетик нөөцийг сайжруулснаар Малчдын амьжиргаа болон нийгэм, эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ?
-Малын чанар сайжирснаар нэг малаас авах бүтээгдэхүүний гарц нэмэгдэнэ, малчдын ашиг орлого нэмэгдэж, амьдралын нөхцөл сайжирна.
Монгол улсын эдийн засгийн үндсэн салбар болсон мал аж ахуйг бид шүтэж амьдрах ёстой. Монгол улсын 3 сая гаруй иргэнийг хоолтой, хувцастай байлгах салбар бол мал аж ахуй. Тиймээс тооны хойноос хөөцөлдөх биш малаа чанаржуулах цаг болсон.
Нөхөн төлждөг, шавхагдашгүй нөөц баялаг болох мал, түүнийг маллаж ирсэн уламжлалт арга мэдлэгийг бид хамгаалах, хөгжүүлэх, ашиг шимийг нь хүртэх эрхтэй, үүрэгтэй.
-Энэ хуулиар малчид болон төрийн байгууллагууд ямар үүрэгтэйгээр оролцож байгаа вэ?
-Бэлчээрийн маллагаатай орны хувьд малын чанар, үүлдэр, угсааг сайжруулах асуудлын гол нь хээлтүүлэгч малын бодлого байдаг. Хээлтүүлэгч малын чанар сүргийн хагас гэдэг. Тиймээс ялангуяа бог малын хээлтүүлэгч хуц, ухныг малчдын хотонд байлгахгүй, мэргэжлийн байгууллагын мэдэлд шилжүүлэхээр хуульчилсан.
Энэ хуулиар зөвхөн малчны асуудал яригдахгүй, салбарын бүх шатны төрийн байгууллага, мэргэжилтнүүд, сургалт эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, хувийн хэвшлийг багтаасан.
-Мал, амьтаны генетик нөөцийн талаар дэлхийн чиг хандлага ямар байна вэ?
-НҮБ-ын бүх гишүүн орнууд малын генетик нөөцийг хадгалах, хамгаалах, ашиглах, судлан хөгжүүлэх чиглэлээр бие даасан хуультай байдаг. Мөн малын гаралтай бүтээгдэхүүнээр дэлхийн хүн амын хүнсний хэрэгцээг хангах чиглэлд хамтран ажилладаг. Тийм болохоор манай улс энэхүү хуулийг батлан хэрэгжүүлэх болсноор олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх боломжтой болж байна.
Ер нь мал, амьтаны болон малаас гаралтай бүтээгдэхүүн болгоны гарвал тодорхой, эрүүл гэдгийг нотлож байж хэрэглэх хэрэгтэй.
Ингэж байж ард түмнээ эрүүл баталгаатай хүнсээр хангах, улмаар үндэсний үйлдвэрүүдээ чанартай түүхий эдээр хангах цаашлаад монгол малын эрүүл мах, махан бүтээгдэхүүнийг гадаадад өндөр үнээр гаргах нөхцөл боломжууд бүрдэх юм.
Нэг үгээр хэлбэл дэлхийн чиг хандлагад нийцүүлэн ажиллах эрх зүйн орчин бүрдэж байна.
-Малын генетик нөөцийн тухай хууль батлагдсан ач холбогдол юу вэ? Тулгамдаж байгаа асуудлууд бүрэн шийдэгдэнэ гэж та үзэж байна уу?
-Мэдээж хууль гарлаа гээд бүх асуудал бүрэн төгс шийдэхгүй. Тулгамдаж буй хүндрэл бэрхшээлийг шийдэх гарцыг бий болгож байна гэж үзэж болно.
Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед малын удмын санг сайжруулах тал дээр онцгой анхаарч байсан. Олон арван эрдэмтэн мэргэдийн олон жилийн уйгагүй хөдөлмөрийн үр дүнд ашиг шим өндөртэй 26 орчим бие даасан үүлдэр омгийн малыг бий болгосон байсан.
Зах зээлийн харилцаанд орж мал хувь хүний өмч болсон сүүлийн 20 гаруй жилийн дотор төлөвлөгөөтэй улсын төсөвөөр хийгдэж байсан үржлийн ажлууд
зогсонги байдалд орж үржлийн бодлого алдагдаж олон арван үүлдэр, омгийн малын чанар муудаж ашиг шим багасаж тооны хойноос хөөцөлдөх зэргээр урвуу үр дүнгүүд их гарлаа.
Энэ бодлогын алдааг засаж залруулах, малчдыг хариуцлагажуулах, малын чанарыг сайжруулах, бүтээгдэхүүний гарваль үүслийг тодорхой болгох, төр хувийн хэвшлийн харилцааг тодорхой болгох зэрэг эрх зүйн орчинг нь зах зээлийн нийгэмтэй уялдуулан хуульчилсан нь ихээхэн ач холбогдолтой юм.
-Зах зээлийн харилцаанд шилжсэнээс хойш монгол малын үүлдэрлэг байдал алдагдсан гэж та дээр дурдсан. Энэ талаар дэлгэрэнгүй яриач? Ер нь монгол улсын малын генетикийн онцлог юу байдаг вэ?
-Манай улс бэлчээрийн нүүдлийн мал аж ахуйтай орон гэдгээрээ бусад улсын малаас онцгой ялгаатай. Бэлчээрээсээ 360 орчим витаминт өвс тэжээлийг иддэг малын мах нь онцгой амттай боловч -45;+45 эрс тэс уур амьсгалд байдгаараа тэсвэр сайтай, давжаа биетэй юм. Тиймээс махны болон сүү үйлдвэрлэх төрөлжсөн үүлдрийн өндөр ашиг шимтэй мал биш.
Мал хувь хүний өмч учраас мэргэжлийн байгууллагын оролцоо багасаж мал ангилах анги чанараар ялгах, мал ээмэгжүүлэлт, бүртгэлжүүлэлт, гарал үүслийн бүртгэлжүүлэлтийн ажлууд орхигдож малчид хотноосоо дур зоргоороо хээлтүүлэгч бойжуулан үржилд ашигладаг болсон зэрэг нь малын чанар муудаж сүргийн бүтэц алдагдаж тоо толгойн хойноос хэт хөөцөлдөж малын чанар эрс муудах шалтгаан болсон юм.
Хуулиар оруулсан гол зохицуулалтууд: