Я.Содбаатар: Хаврын чуулганаар Бэлчээрийн тухай хуулийг оруулах хэрэгтэй
УИХ-ын намрын чуулганыг өнөөдөр үдээс хойш хаана. Өнөөдрийн чуулганаар ирэх хаврын чуулганаар хэлэлцэх хууль тогтоомжийн төслүүдийн талаар хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Я.Содбаатар хаврын чуулганаар Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулга, Бэлчээрийн тухай хуулийг оруулах талаар санал хэллээ
УИХ-ын гишүүн Я.Содбаатар
Хаврын чуулганд чухал чухал хууль орж байна. Би хоёр хуулийн санал оруулж байна. Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулга их чухал. Цагийн хөлсийг гаргах, цахимжуулах гээд Хөдөлмөрийн хуулиар зохицуулах олон асуудал байгаа.
Бэлчээрийн тухай хуулиа гаргах шаардлага байна. Малын тоо өсөж, даац хэтэрч байгаа үед энэ хууль зайлшгүй хэрэгцээтэй, хаврын чуулганд орох хэрэгтэй байна. Малчидтай уулзаад явж байхад малын хөлийн татвар буюу бэлчээрийн хураамж авч, зохицуулалт хийж өгөөч гэсэн хүсэлт гарч байна.
Эндээс хуримтлагдсан мөнгийг сум баг нь бэлчээр хамгаалалт, малынхаа чанарт анхаарахад зарцуулдаг баймаар байна. Энэ хуулийг батлаад өгвөл цаашдаа мал аж ахуйн салбар зах зээлийн гормондоо нийцсэн байдлаар хөгжих боломж бүрдэнэ гэж харж байна.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан хариуллаа
Их хурлын тогтоолын төслийн 2-т хэлэлцүүлгийн шатанд байгаа МУ-ын Ерөнхийлөгч, Их хурлын гишүүд, Засгийн газраас Их хуралд өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл дотор нэр заагдаагүй бусад хууль, Их хурлын шийдвэрүүдийг хаврын чуулганаар хэлэлцүүлэх асуудлыг тухай бүрт нь шийдвэрлүүлж байхаар тогтоосугай гэж оруулсан.
2020 он хүртэл МУ-ын хуулийг боловсронгуй болгох үндсэн чиглэл Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотой хууль, Их хурлын бусад шийдвэрийн төслийг хууль санаачлагчаас өргөн мэдүүлбэл хаврын ээлжит хурлын хэлэлцэх асуудлын дараалалд оруулахыг УИХ-ын дарга М.Энхболдод зөвшөөрсүгэй гэж заасан.