Ноос ноолуур, арьс шир боловсруулах үйлдвэртэй танилцлаа
2018.02.08

Ноос ноолуур, арьс шир боловсруулах үйлдвэртэй танилцлаа

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Андрэа Дэ Фелипийн хамт Улаанбаатар хотод ноос ноолуур, арьс шир боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй мэргэжлийн холбоо, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаатай танилцав.

Монголын ноос ноолуурын холбоотой танилцах үеэр тус холбооны дэд тэргүүн Г.Ёндонсамбуу, Гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг нар италийн талтай хөгжүүлж буй хамтын ажиллагааны талаар танилцуулж, салбарт тулгарч буй сорилт, бэрхшээлийн талаар мэдээлэл хийв. 

Сайд Д.Цогтбаатар ноос, ноолуур боловсруулах салбарт дэлхийд тэргүүлэгч Итали Улстай хөгжүүлж буй хамтын ажиллагааг өргөжүүлэх, бараа бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд бүхий л талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. Мөн дэлхийд алдартай бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Италийн компаниудтай холбоо тогтоож, менежментийг нь нэвтрүүлснээр түүхий эдийг Италийн дэвшилтэт технологитой хослуулсан олон улс, Европын стандартад нийцэхүйц хамтарсан бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэн гадаад зах зээлд нийлүүлэх боломжийг ашиглахад туслалцаа үзүүлэхээ илэрхийлэв.

Түүнчлэн хэрэгжүүлэхээр бэлэн болсон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх тохиромжтой схемийг тодорхойлох, харилцан ашигтай нөхцлөөр зээл авахад зохих дэмжлэг үзүүлэхээ мэдээлэв. Сайд Д.Цогтбаатар дотоодын бараа бүтээгдэхүүнийг гадаад амжилттай экспортлох, ашигтай гадаад худалдаа хийхэд  төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа чухлыг онцлоод цаашид ойр дотно ажиллахаа мэдэгдэв.

Элчин сайд Дэ Фелип нэг удаа тоног төхөөрөмж худалдах, худалдан авах богино хугацааны хамтын ажиллагаанаас илүү тогтвортой, харилцан итгэлцэл дээр суурилсан урт хугацааны хамтын ажиллагааг бий болгох зорилтыг тавьж буйгаа мэдээлээд уулзалтаар яригдсан асуудлуудыг Италийн үйлдвэрлэгчдэд сайтар сурталчлан, холбоо тогтооход дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийлэв. Мөн Монголын ноос, ноолуурын холбоо, Италийн нэхмэлийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгчдийн холбоо хооронд амжилттай хөгжиж буй хамтын ажиллагааг үргэлжлүүлэн дэмжихээ онцлов.

Энэ өдрийн арга хэмжээний төгсгөлд Монгол Шевро ХХК, Хос Аз ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав. Монголоос Итали Улс руу экспортлож буй хагас боловсруулсан арьсны чанарыг сайжруулах, боловсруулалтын үе шатыг нэмэгдүүлж нэмүү өртөг шингээх, Италийн загвар, технологиор үйлдвэрлэж буй гутлын үйлдвэрлэлийг өргөтгөх, зах зээл бий болгоход дэмжин ажиллахаа Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Элчин сайд Дэ Фелип нар нотлов.