Ө.Энхтүвшин: Мал сүргийн ТООНД биш ЧАНАРТ анхаарах цаг болжээ
2018.02.07

Ө.Энхтүвшин: Мал сүргийн ТООНД биш ЧАНАРТ анхаарах цаг болжээ

"Ажил хийвэл ам тосодно”. Энэ үг малчдын хувьд ихээхэн хамаатай. Хэн малынхаа тоо толгойг өсгөж чадаж байна.

Тэр малчин дутагдах, гачигдах зүйлгүй, нэр, нүүртэй амьдарч байна. Өөрөөр хэлбэл, малчид аль болох малаа өсгөн борлуулж, ашиг олох сонирхолтой болсон. Дээр нь малынхаа тоо толгойг мянгаас дээш гаргавал төрөөс сайн, аварга малчин гэсэн алдар цолыг олгодог. Ингэснээр малчид малынхаа чанар, үүлдэр угсааг сайжруулахад бус тоо толгойд илүүтэй анхаарах өрөөсгөл хандлага газар авчээ.

Харин Шадар сайд Ө.Энхтүвшин орон нутагт ажиллах үеэрээ энэ талаар байр сууриа илэрхийлсэн нь зөв санаачилга байлаа.

Тэрбээр “Бид хөнжлийнхөө хэрээр хөлөө жийдэг шигээ ус, бэлчээрийнхээ даацад захирагдан малаа өсгөх шаардлагатай болж байгаа нь жилээс жилд улам тодорхой боллоо. Зөвлөлтийн эрдэмтэд Монголын газар нутаг, усны нөөцийг судлаад хонин толгойд шилжүүлснээр 60 сая мал бэлчиж идээшлэх даацтай гэж дүгнэж байсан бол одоо хонин толгойд шилжүүлснээр 104 сая малтай болжээ.

2001, 2009 оны зуд тухайн жилийнхээ малын тоо толгойг 10 саяар нь хорогдуулж байсан. Хүн өөрөө мал аж ахуйнхаа бодлогыг ухаалгаар тодорхойлж, зөв боловсруулж чадахгүй бол байгаль, тэр дундаа зуд зохицуулаад өгдөг. Улсын аварга малчны шалгуурыг өөрчилж, олон малтайг нь бус, харин мал сүргээ чанаржуулсан, нэг малаас авах үр шимийг өсгөсөн малчдыг л алдаршуулах цаг болжээ” гэсэн юм.

Түүний хэлснээр малынхаа чанар, үүлдэр угсааг сайжруулснаар нь төрөөс шагнадаг, урамшуулдаг болбол малчид нэгийг бодох биз ээ.