2018.01.04

Д.Эрдэнэбат: ААН-ийн өр зээл, арилжааны банкуудын хүүгийн асуудалд шийдэл олоорой

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Төвбанкны тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат асуулт асуусан юм. 

Д.ЭРДЭНЭБАТ: ИЙМ ХОЛ ЗӨРҮҮТЭЙ МӨНГӨНИЙ БОДЛОГЫГ УИХ БҮРЭН ЭРХИЙНХЭЭ ХУГАЦААНД ГАНЦХАН УДАА ХЭЛЭЛЦЭНЭ ГЭЖ БАЙХГҮЙ

2012 онд 1400 төгрөг байсан доллар 2016 оны үед 1900 төгрөг болсон. Өөрөөр хэлбэл эдийн засгийн маш хүндрэлэй 4 жилийн хугацаанд 500 төгрөгөөр хэлбэлзсэн. Харин 2016 оны сонгуулийн дараа шинэ Засгийн газар байгуулагдаад 1900 төгрөгтэй тэнцэж байсан ханш 6-хан сарын дотор 2400 доллар болж 500 төгрөгөөр давсан. Энэ тоог залруулга хийж хэлэхгүй бол өмнөх Засгийн газарт наах гэсэн улстөрийн оролдлого болих хэрэгтэй.

Монголбанк тухайн үед УИХ-аас гаргасан шийдвэрийн дагуу үндэсний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхдээ арилжааны банкуудаар дамжуулж хийснээс биш ААН-үүдтэй нэг ч гэрээ хийгээгүй.

Тиймээс энэ асуудлыг улстөржүүлдгээ боль.

Хэрвээ 3 тэрбум долларын нөөцтэй болсон юм бол ААН-ийн өр зээлийн асуудлыг шийдэх, хүүгийн асуудлыг зохицуулах вэ гэдэгт шийдэл олоорой.

Төв банкны тухай хуулийн төсөл дээр ажлын хэсэг их ажилласан. Гэхдээ хангалтгүй зүйл байгаа гэдгийг З.Нарантуяа гишүүн хэлж байна. Ялангуяа банкны хараат бус байдал нь хэд хэдэн зүйл дээр ойлгомжгүй харагдаж байна. Үүнийг ажлын хэсгийн даргад ч хэлсэн. Ажлын хэсэгт нэгдмэл санал байхгүй байна.

Гэхдээ байнгын хороогоор хэлэлцсэн гэдэг нэрийн дор өнөөдөр УИХ-д оруулж ирж байгаад би шүүмжлэлтэй хандаж байна. Хугацаанд хавчигдаж болохгүй.

Засгийн газраас хэр хараат байх вэ гэдэг асуудал дээр Монголбанкны ерөнхийлөгч зөвлөх эрхтэйгээр оролцох уу, хамтарч ажиллах уу гэдэг нь хуулийн заалтад тодорхойгүй байна.

Улстөрөөс хараат бус байдал гэдэг нь УИХ-аас Монголбанкинд хяналт тавих боломжгүй болох нөхцөл байдал үүсгэж болзошгүй байна. Үүн дээр ямар зохицуулалт хийж байгаа вэ гэдгийг харах хэрэгтэй.

Төрийн мөнгөний бодлогыг жил болгон хэлэлцдэг байсныг 3 жил тутамд хэлэлцдэг болгох нь буруу. Үүнийг 2 жил болгоё гэдэг З.Нарантуяа гишүүний саналыг эргэж хараарай. Ийм хол зөрүүтэй мөнгөний бодлогыг УИХ бүрэн эрхийнхээ хугацаанд ганцхан удаа хэлэлцэнэ гэж байхгүй.

Д.ДАМБА-ОЧИР: 3 ЖИЛ ГЭДГИЙГ 1 ЖИЛ ХЭВЭЭР НЬ ҮЛДЭЭСЭН

Банкны салбарын 2 хууль өргөн баригдаад, хэлэлцэх эсэхийг шийдсэнээс хойш 2 сар ажиллаа. Дэд ажлын хэсэг буюу Монголбанкынхан өдөр болгон шахуу ажиллаж байсан. Б.Жавхлан гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг, Б.Баттөмөр гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг 4-5 удаа хуралдсан. Том ажлын хэсэг 2 удаа хуралдсан. АН-ынхан 2 хуулинд аль алинд нь тав хоногийн завсарлага авсан. Байнгын хорооны хувьд хүлээцтэй хандаж 3 удаа хойшлуулсан. УИХ-ын гишүүдийн бүх саналыг аваад, ажлын хэсэгт өгч, тусгуулаад явсан. Ялангуяа Д.Эрдэнэбат, З.Нарантуяа гишүүн нарын саналыг бараг бүгдийг нь тусгаж авсан гэж ойлгож  байгаа.

Хэд хэдэн удаа хүлээцтэй хандаж, саналуудыг авч байж өчигдөр эхнийхээ хэлэлцүүлгүүдийг байнгын хорооны хэлэлцүүлгийг хийсэн. Хэлэлцүүлэг хийхдээ дэгийн тухай хуулийн дагуу хийсэн.

Д.Эрдэнэбат гишүүний асуултад хариулахад 3 жил гэж байсныг 1 жил хэвээр нь үлдээсэн. 6 сараар орж ирж тайлагнадаг байсныг улирал тутамд гээд хуучин байснаар нь үлдээсэн. Яг хуучныхаа хэлбэрээр явж байгаа.