С.Дэмбэрэл:
УИХ-ын гишүүдийн мэдлэг дутуугаас Төвбанкны гол өөрчлөлтүүд батлагдаагүй
УИХ-ын гишүүн асан, эдийн засагч С.Дэмбэрэлтэй Төв банкны тухай хуулийн шинэчлэлийн хүрээнд ярилцлаа.
-Төв банкны тухай хуулийг Монголбанкнаас оруулж ирэхдээ үнийн тогтвортой байдлыг хангах асуудлыг оруулж ирсэн боловч УИХ дээр дэмжигдээгүй. Шалтгааныг нь та юу гэж харж байна?
-1990 оноос хойш Шинэ Зеландаас эхлээд дэлхийн бусад улс орны Төв банкны хуулиудад өөрчлөлт орж эхэлсэн. Энэ бол дэлхийн хэмжээнд мөнгөний бодлогын эволюц хувьслын өөрчлөлтийн үр дүн юм. Хөгжилтэй орнууд, түргэн хөгжиж буй орнууд, түүний дараа хөгжиж байгаа орнууд инфляцыг онилох бодлогоо Төв банкны мөнгөний бодлогын гол үндсэн зорилт болгож тавьсан. Үүний илэрхийлэл нь Төв банкны хуулиндаа үнийн тогтвортой байдал гэдгийг тусгах хандлага юм.
Монголд ч мөн 2006 оноос эхлээд анх удаа инфляцыг онилох, тухайн жилдээ инфляцыг нэг оронтой тоонд хадгалах асуудлыг хөндөж эхэлсэн. Үүнээс улбаалан Төв банкны тухай хуульд байсан үндэсний мөнгөн тэмдэгтийн тогтвортой байдлыг хадгалах гэсэн зорилтыг илүү тодорхой болгож УИХ-д оруулсан. Харамсалтай нь үүнийг хуучин хэвээр нь үлдээлээ.
Төв банкны зүгээс энэ өөрчлөлтийг маш олон янзаар тайлбарлаж байсан ч УИХ-ын гишүүдийн өнөөгийн мэдлэг, мэргэжлийн түвшинд тааруулж энгийн үгээр ойлгуулж чадаагүй. Нөгөө талаас УИХ-ын гишүүдийн зүгээс болгоомжилсон нэг зүйл бол зөвхөн үнийг онилоод валютын ханшийг орхино гэсэн төөрөгдөл гарч ирсэн. Энэ нь үнийн тогтвортой байдал болон валютын ханш хоёрын хоорондын холбоосыг ойлгодоггүй, хоорондын харилцан хамаарлыг нь ойлгодоггүйн илрэл. Тиймээс харамсалтай нь үнийн тогтвортой байдал гэж хуулийн төсөлд тусгасан ч гэсэн үндэсний мөнгөн тэмдэгтийн тогтвортой байдлыг хадгалах гэсэн хуучин зорилт нь хэвээр үлдсэн.
Гэхдээ энэ бол том зүйл биш. Хэлбэрийг нь өөрчлөх гэсэн зүйл ч биш.
Үнийн тогтвортой байдлыг хадгалах гэсэн зорилт оруулснаар 2006 оноос хойш явсан инфляцыг илүү онилох туршлагатай болсон, инфляцын хэлбэлзэх хүрээг илүү тодорхой болгож, инфляцаа онилохдоо мөнгөний бодлогын арга хэрэгслүүдэд илүү нөлөөлөх зорилтууд агуулагдаж байсан.
Өмнөх үндэсний мөнгөн тэмдэгтийн тухай ойлголт нь гадаад болон дотоод тогтвортой байдал гэсэн хоёр хэлбэртэй байсан. Гадаад тогтвортой байдал гэдэг нь үндэсний мөнгөн тэмдэгт бусад улсын валюттай харьцах харьцааг нь тогтвортой байлгах буюу валютын ханш. Дотоод тогтвортой байдал гэдэг нь хэрэглээний үнийн индексээр хэмжигддэг инфляцыг тогтвортой байлгах ойлголт. 1990 оноос хойш явсан дэлхийн мөнгөний бодлогын өөрчлөлт нь өөрөө үүнийг агуулж байсан. Үнийн тогтвортой байдал гэдэг нь зөвхөн хэрэглээний үнийн индексээр хэмжигддэг инфляц төдийгүй түүнд нөлөөлдөг гадаад хүчин зүйл, тухайлбал валютын ханшийн шилжих үр нөлөө зэргийг тооцдог.
Валютын ханшийн шилжих үр нөлөө нь гадаад импортоор дамжаад импортын бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж, цаашлаад нийт эдийн засгийн үнийн дүнд нөлөөлөх, түүний дотор хэрэглээний импортоор дамжуулж нөлөөлөх үр нөлөө дамжаад тусчихсан байдаг. Тэр байтугай Монгол Улсын хэрэглээний үнийн индексийг хэмждэг сагсанд импортын 40-өөс илүү хувь нь импортын бүтээгдэхүүн байдаг.
Тэгэхээр үнийн тогтвортой байдлыг хангах гэсэн зорилт нь дотроо валютын үнийн тогтвортой байдал буюу ханшийн тогтвортой байдлыг хангах гэдэг зорилтыг агуулж байгаа гэдгийг бүрэн дүүрэн ойлгомжтой энгийн хэлээр тайлбарлаж чадаагүй учраас энэ хуулийн хамгийн гол шинэчлэх зорилт нь шинэчлэгдэж чадаагүй.
Үүнийг Төв банкны алдаа гэхээсээ илүү УИХ-ын алдаа гэж үзвэл зохино. Учир нь Төв банкны зүгээс маш олон янзаар мэдээлэл материал, тайлбарууд УИХ дээр хийж байсан ч гэсэн УИХ-ын гишүүд үүнийг онц анхаараагүй. Эдийн засгийн мэдлэг дутуу, хуучны алдаатай ойлголтын улмаас валютын ханшийг хаях гэж байна гэсэн эмоци давамгайлсан байдлаар шийдсэн. Энэ бол Төв банкны хуулинд хийх гэж байсан үндсэн зорилгоо орчин үеийн хэлбэрээр тодорхойлох гэсэн зорилт батлагдаж чадаагүй гол алдаа.
-Хуучин мөнгөний бодлогын зөвлөл гэж байсныг өргөтгөж хороо болгосон. Өмнөхөөсөө ямар ялгаатай вэ?
-Төв банкны мөнгөний бодлогыг урд өмнө нь хамтын шийдвэрээр гаргадаггүй байсан. Төв банкны мөнгөний бодлогын хороо, зөвлөл гэх асуудлыг сая УИХ-д баталсан.
Гэхдээ дахиад л алдаа гарсан.
Өөрөөр хэлбэл, мөнгөний бодлогын хороог батлахдаа эдийн засгийн байнгын хороо оруулах болсон. Энэ нь тодорхой биш. Мөнгөний бодлогыг бусад улс оронд баталдаг туршлагыг харахад гадны эксперт болон Төв банкныхан гаргаж, УИХ-аас аль болох хамаарал багатайгаар хөндлөнгийн байдлаар мөнгөний бодлогын бие даасан хараат бус байдлыг хангах механизм болгож оруулж ирдэг.
Гэтэл үүнийг томилох хараат бус бие даасан хүмүүсийн бүрэлдэхүүнд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хариуцдаг болчихоор УИХ-аас хараат болно гэсэн үг.
Өөрөөр хэлбэл энэ баталсан зүйлийнхээ утга учир буюу бие даасан хараат бус байдал гэсэн мөн чанарыг ойлгоогүй учраас үүнийг УИХ дээр наасан.
Уг нь бусдын саналыг авч сонссоны үндсэн дээр Төв банкны Ерөнхийлөгч нь оруулсан нь зөв байсан юм. Яагаад гэвэл Төв банкны Ерөнхийлөгч гэдэг бол бие даасан хараат бус институцыг удирдаж байгаа хүн.
Энэ чиглэлээр өөрийнхөө Төв банкны мөнгөний бодлогод санал оруулж, түүнийг нь УИХ батлах боломжтой байсаар байтал УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо буюу УИХ-тай уяад, мөнгөний бодлогынхоо хорооны бүрэлдэхүүнийг УИХ мэддэг болгосон нь буруу. Сонгуулийн 4 жилийн циклд нөлөөлөх үү үгүй юу гэх мэт эрсдэлүүдийг тооцоогүй.
-Тэгвэл энэ шинэчилсэн найруулгын сайн тал юу байв?
-Сайн хийгдээгүй ч гэсэн санхүүгийн тогтвортой байдал гэдэгт нилээд анхаарсан. Өөрөөр хэлбэл Төв банкны тухай хуулинд санхүүгийн тогтвортой байдлыг анхаарах талын зорилтуудыг хийж өгсөн. Эдгээр нь Сангийн яам, Төв банк, Санхүүгийн зохицуулах хороо гэсэн 3 институц анхаарна. Ингэснээр Монгол Улсад санхүүгийн тогтвортой байдал хэр зэрэг хангагдаж байгаагаас харилцан ярилцдаг механизмыг зүгшрүүлэх, илүү сайн болгох чиглэлээр зарим нэгэн заалт орж ирсэн.
Түүнчлэн яг энэ үеэр иргэдийн гол мөрөөдөл байсан зээлийн хүүг бууруулах асуудлыг судлах Төв банкны ажлын хэсэг байгуулагдсан.
Төв банкныхан санаачилга гаргаад зээлийн хүүг бууруулах стратегийн хамгийн гол тоглогч болох санхүүгийн хэрэглэгч буюу банк санхүүгийн байгууллагаас аливаа үйлчилгээ авч байгаа иргэд, ААН, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах асуудлыг Төв банкны тухай хуулинд оруулсан нь хамгийн шинэлэг заалт болсон.
Төв банк санхүүгийн хэрэглэгч гэсэн нэр томьёолол хуулиндаа суулгасан. Ингэснээр бусад хуулиудад ч мөн өөрчлөлт оруулахад амар болж, Төв банкны зүгээс гэсэн мөнгөний бодлогоо хэрэгжүүлэхдээ зөвхөн уламжлалт бодлого биш хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах талаас харж оролцох эрхзүйн боломжийг гаргаж өгсөн нь миний харж байгаагаар энэ хуулийн хамгийн том ололт. Үүнийг харамсалтай нь тэр болгон ярихгүй байна.
-Яг ямар байдлаар зүйл заалт оруулж хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах вэ?
-Ерөнхий заалтууд орсон л доо. Санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг анхаарах, хамгаалах талаар Төв банкын үүрэг маягийн зүйл оруулж байгаа. Төв банкны зүгээс Сангийн яамтай нийлээд санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах эрхзүйн үндсийг зохицуулах төрөл бүрийн журам, тушаал, шийдвэр гаргаж болно. Ингэхдээ банк бус санхүүгийн байгууллага, ломбардуудыг ч мөн хамруулах боломжтой. Ломбард болон ББСБ-аас иргэд зээл авдаг. Тиймээс санхүүгийн секторыг бүхэлд нь хэрэглэгч талаас нь харах чухал заалт.
-Мөнгөний бодлогыг тодорхойлох хугацааг 3 жил гэж ярьж байгаад 1 жил хэвээр нь үлдээсэн. Энэ талаар?
-Одоогийн УИХ-аар жил болгон мөнгөний бодлогыг УИХ-д оруулж, УИХ-аас ажлын хэсэг гарган Монголбанкнаас оруулж ирсэн мөнгөний бодлогын үндсэн чиглэл гэсэн зүйл дээр УИХ-ын тогтоол гэдэг ганц хуудастай зүйл гаргадаг. Үүнээс болоод Төв банк УИХ-аас хараат байна гэсэн зүйл биш.
Мөнгөний бодлогыг 3 жилээр баталдаг олон улсын практик бий нь бий. Гэхдээ мөнгөний бодлого нь төлөвшсөн, хөрөнгийн зах зээл нь дээд зэргийн өндөр хөгжилтэй буюу санхүүгийн хэрэглэгчийн хувьд альтернатив санхүүжилтийн эх үүсвэр бэлэн байдаг болон бусад санхүүгийн үүсмэл хэрэгслүүдийн зах зээл маш сайн явагдсан улс орон мөнгөний бодлогыг 3 болон 2 жилээр баталдаг.
Манайд энэ бол яриад байгаа шигээ чухал асуудал биш. 1 жил баталснаар Төвбанкыг хараат байдалд оруулж байна гэсэн гэнэн ойлголт буруу. Хууль эрхзүйн үндэслэл байдаг боловч үүнд УИХ бэлэн биш. Тэгээд ч шаардлага байхгүй. Жишээлбэл Английн Төв банкны Ерөнхийлөгч жилдээ нэг удаа парламент дээрээ очоод тайлан биш зүгээр мэдээлэл л хийдэг. Тэр үед нь Английн парламентын гишүүд асуулт асууна, тодруулга хийнэ. Тэгээд л болно. Ийм хэлбэр лүү аажимдаа орно. Одоо бол Монгол Улсын Их Хуралд тайлангаа тавих ёстой. Магадгүй мөнгөний институцүүд нь харьцангуй сул хөгжилтэй, зах зээл нь бага улс оронд бол нэг хэсэгтээ 1 жилээрээ явж болно. Энэ бол нэг их чухал зүйл биш. Би өөрөө 2015 од нилээн олон орны Төв банкны хуулийг судалж байсан.
-Валютын ханшийг тогтворжуулах талаар өөрчлөлт оруулсан зүйл бий болов уу?
-1990-ээд оны үед зарим улс орнууд ханшийг онилдог байсан. Үүний дараа мөнгөний нийлүүлэлтийг онилдог болсон. Дараа нь үнийн тогтвортой байдлыг онилсон. Өөрөөр хэлбэл эволюц буюу хувьсал хөгжлийн эрхээр 1990 оноос явсаар байгаад үнийн тогтвортой байдал руу орсон.
Дээр дурдсанчлан үнийн тогтвортой байдал гэдэг дотор валютын үнийн тогтвортой байдал орсон байдаг. Тэр нь валютын ханшийн шилжих үр нөлөөгөөр дамждаг. Тийм ч учраас сагсан дотроо импортын хэрэглээний бараа өндөр хувьтай байдаг болсон.
Угаасаа үнийн тогтвортой байдлыг хангана гэдэг нь ханшийн тогтвортой байдлыг ч хангана гэсэн үг.
Одоо валютын зохицуулалтын тухай хуулиар бол Монгол улсын валютын дэглэм гэж ойлголт бий. Тогтмол ханшийн дэглэмд төр нь валютын ханш 1500 байх ёстой гэх зэргээр тогтоодог. Дэлхий үүнээс аль хэдийн холдоод 20 жил болж байна. Одоо бол дэлхий дээр ихэнхи улс оронд хоёр ханшийн дэглэм байдаг. Нэг нь чөлөөтэй хөвөх ханш, нөгөө нь зохицуулалттай хөвөх ханш. Чөлөөтэй хөвөх ханш гэдэг нь их төлөв хөгжилтөй орнуудад Төв банкны валютын зах зээл дээр интервенц бараг хийдэггүй, ерөнхийдөө зах зээлийн эрэлт нийлүүлэлтээр ханш нь тогтож байдаг, зах зээл нь өндөр хөгжсөн улс орнуудад байдаг.
Монгол Улсад зохицуулалттай хөвөх ханш буюу шаардлагатай үед буюу валютын ханш хэт их хэлбэлзсэн үед ханшийн тогтвортой байдлыг хангахын тулд Төв банк нь интервенц хийдэг. Дэлхийн ихэнх улсууд ч ийм ханшийн дэглэмтэй.
-Банкны тухай хуулиар арилжааны банкуудад эрсдэлд суурилсан хянан шалгалт хийхээр болсон. Арилжааны банкуудад тавих хяналтыг хэт нэмэгдүүлж, үзэмжээр албадлагын арга хэмжээ авах боломжийг бүрдүүллээ гэсэн шүүмжлэл их ирж байна?
-Монгол Улс ганцаараа ингээд байгаа биш шүү дээ. 2008 оны санхүүгийн хямралаар нэг зүйл тодорхой болсон. Тэр нь дэлхий дээр санхүүгийн тогтвортой байдлыг хангахгүй бол дэлхийн эдийн засгийг үгүй хийх юм байна гэж үзсэн. Дэлхий дахины эдийн засгийн хямралаас сургамж аваад санхүүгийн тогтвортой байдлыг хангахын тулд санхүүгийн байгууллагуудын хяналт шалгалтыг олон улсын түвшинд хянахаар тогтож, хяналт шалгалтын стандартуудыг гаргаж ирсэн.
Монгол Улс бол үүнд бүрэн ороогүй ч гэсэн энэ зарчмуудыг үндэслэсэн банкны хяналт шалгалтыг хийдэг. Ингэхийн тулд тухайн банкуудад тодорхой зохистой байдлын босго үзүүлэлтүүдийг өгдөг, Тухайлбал, банкны үндсэн хөрөнгө, хөрөнгө болон ашгийн харьцаа зэрэг олон үзүүлэлтүүдээр хянадаг. Үүн дагуу Монголбанкны хяналт шалгалтын газраас банкууд дээр үе үе шалгалт хийнэ. Ингэхээс өөр арга байхгүй.
Учир нь банкууд хүний хадгаламж дээр ажилладаг эмзэг харилцаатай учраас санхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хэр зэрэг хангаж байна гэдэг талаас, банкуудын эрсдэл ямар байна, системийн хямралд оруулах нь уу үгүй юу, банкны байдал ямар байгаа вэ гэдгийг хянана.
Стресс-тест буюу сорилго явуулах аргуудыг ашигладаг олон улсын хяналт шалгалтын шинэ элементүүдийг 20 гаруй жил өөрчлөгдөөгүй банкныхаа хуулинд суулгасан. Угаасаа манай улсад Төв банк арилжааны банкуудын харилцаанд харьцангуй хөндлөнгөөс оролцох нь бага. Гэхдээ энэ нь хянаж болохгүй гэсэн үг биш. Хяналтын орчин үеийн арга хэлбэрүүдийг Монгол Улсын хуулинд суулгаж өгсөн л гэсэн үг.
-Засгийн газарт зээл олгох, бонд олгоход тодорхой хязгаарлалт тавьж өгсөн. Төсвийн орлогын 10 хувиас дээшгүй хэмжээтэй гэх зэрэг. Олон улсын туршлага ер нь ямар байдаг вэ?
-Төв банкны бие даасан хараат бус байдал гэдэг нь Засгийн газраас хараат бус байх ёстой. Төв банкны үндсэн зорилго болох үнийн тогтвортой байдлыг хангах зорилтод харшилсан хэтэрхий их бэлэн мөнгө тараах, төсвийнхөө зарлага талаа хэтэрхий нэмээд алдагдалтай ажиллаад эхлэхээр Монголбанкнаас зээл авч, бонд гаргадаг. Энэ бүхнийг Төв банк худалдаад авчихвал нөгөө бодит секторын зээлдэгчийг харж байдаг Төв банкны бодлого алдагдана.
Үүн дээр харин УИХ-ын гишүүд их нухацтай хандсан.
Гэхдээ харж байхад өнгөрсөн 4 жилийн хүрээнд л яриад байсан. Энэ дотор мортгэйж их буруу байсан гэж ярьдаг. Маш их мөнгө хэвлээд, одоо мортгэйж хөдлөхгүй байна шүү дээ. Гэх мэт ойлголтын зөрүү байсан. Ямар ч гэсэн Төв банкыг Засгийн газартай харьцах харьцааг маш нарийн зааглаж өгсөн. Дээр нь Төв банкны өмнөх хуулинд аливаа Төв банк эцсийн зээлдүүлэгчийн үүрэг гүйцэтгэдэг байсныг тодруулах гэсэн ч үүний талаар УИХ-ын гишүүдийн ойлголт болон Төв банкны зүгээс сайн тайлбарлаагүйн улмаас энэ заалт унах шиг болсон. Энэ заалт Засгийн газартай их хамаатай.
-Төв банкны Ерөнхийлөгчийн цалинг УИХ-аас итгэлцүүрийн журмаар тогтоохоор болсон. Энэ нь зөв алхам уу?
-УИХ-д ажлаа тайлагнадаг 8-9 байгууллага бий. Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний статистикийн хороо, Аудитын газар, Төв банк зэрэг байгууллагууд бий. Энэ байгууллагууд яагаад Засгийн газарт биш УИХ-д харьяалагддаг вэ гэхээр УИХ тэр байгууллагуудын харьцангуй бие даасан тогтвортой байдлыг хангаж өгөх ёстой учраас. Засгийн газраас хамааралгүй, аль болохоор бие даасан хараат бус байдалтай байлгахын тулд гэсэн үг юм.
Харьяалуулна гэдэг нь захиргааны хувьд биш. УИХ-д ажлаа тайлагнадаг гэсэн үг. Үүнийг хэтэрхий буруу ойлгоод сүүлдээ Төв банкны Ерөнхийлөгчийн цалинг итгэлцүүрээр тогтооно гэх мэт явсан нь буруу ойлголт. Бусад улс оронд Төв банкы гол гол хүмүүсийн цалинг бие даасан хяналтын зөвлөл нь санал болгож, мөнгөний бодлогын зөвлөлөөрөө үүнийг хэлэлцээд, Төв банкныхаа гүйцэтгэх захирлынхаа цалинг тогтоодог.
Компани дээр ч гэсэн гүйцэтгэх захирлынхаа цалинг ТУЗ тогтоодог шүү дээ. Үүнтэй л адил процесс болдог. Гэхдээ саналыг нь хөндлөнгийн хяналтын зөвлөл санал болгодог.
Төв банкны Ерөнхийлөгчийн өнөө болтол явж ирсэн буруу практик нь ажилтнуудаасаа бага цалин авдаг байсан. Шинээр оруулахдаа арилжааны банкуудын ижил түвшинд гээд барьцаж байгаа юм шигээр оруулаад ирэхээр УИХ дээр унана шүү дээ. Хагийн зөв арга нь хараат бус хяналтын зөвлөл нь санал болгоод мөнгөний бодлогын зөвлөл нь хэлэлцээд тогтоодог байх нь хамгийн зөв арга нь байсан.
-Ярилцлага өгсөнд баярлалаа.
-Баярлалаа