2018.01.04

Ц.Даваасүрэн: "Нууц” гэсэн тушаал гаргаж, энэ улс орныг самарсан

УИХ-ын чуулганаар Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцэж байна. Хуулийн төслийг өнгөрсөн 11 сарын 17 өдөр Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин нарын 10 гишүүн өргөн мэдүүлсэн юм. 

Энэ үеэр УИХ-ын гишүүд ТөвБанкны Ерөнхийлөгчийн эрх мэдэл, дур зоргоороо байдлыг хэрхэн хязгаарласан тухай асуудлыг хөндсөн юм. 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн 

Өнгөрсөн дөрвөн жил эдийн засаг хүндэрч, ард түмний амьдрал доройтсон гол шалтгаан бол валютыг ханш юмаа. 2012 онд сонгуулийн үед 1 долларын ханш 1430 төгрөг байсан 4 жилийн хугацаанд 2400 болж өссөн. Тэгэхээр импортоор авч байгаа барааны үнэ 70 хувиар өссөн гэсэн үг.

Иргэн 1 доллар тутамд 700 төгрөг илүү төлдөг болсон. Өнөөдрийн ядуурал бий болсон.

Үүнд Төв банкны бодлогын алдаа нөлөөлсөн. Гэтэл тэр үед удирдаж байсан хүн ямар ч хариуцлага үүрэхгүй л явж байна. “Нууц” гэсэн тушаал гаргаж, энэ улс орныг самарсан. Хэнд үйлчилсэн вэ? Гэдгийг л бид ярих ёстой. Монгол төгрөгийн ханшийг унагааж гаднынханд л үйлчилсэн. Би нэг жишээ хэлье. 2012 онд 10 сая доллар оруулж ирээд  /14 тэрбум төгрөг/ цалин, худалдан авалт хийдэг байсан компани  дараа нь энэ мөнгөө оруулж ирэхэд 24 тэрбум болж доллар нь өссөн. Гадны тэр компанид 10 тэрбум цэвэр ашиг болж байсан гэсэн үг.  Өөрөөр хэлбэл энэ хүн 10 сая биш 6 сая доллараар цалингаа тавих боломжийг гадны компанид олгож өгсөн. Тэгэхээр энэ бол гадны хөрөнгө оруулагчдад маш таатай боломж байсан.

Дараа нь энэ хүн /Золжаргал/ хийсэн зүйл иргэдэд маш хүндээр туссан. Энэ хугацаанд цалин, тэтгэвэр нэмэгдээгүй, амьдралын бүх өртгийг 70 хувиар өгссөн. Тэгэхээр энэ хуульд Төв банкны удирдлагын дураар гаргадаг шийдвэрийг хэр хязгаарлаж чадсан вэ? Мөн хариуцлагыг хэрхэн нэхэхээр туссан вэ?

Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир хариулав. 

Өмнөх дөрвөн жил гарсан замбараагүй байдлыг цэгцлэх, өнөөдрийн эдийн засгийн хямралыг цаашид гаргуулахгүй байх үүднээс төв болон арилжааны банкны хуулиудад нилээд өөрчлөлтийг хийж байна. Ялангуяа Төвбанк дээр ганцаараа, нууцлалын зэрэглэлд гэдэг нэрийн доор олон шийдвэр гаргадаг байсныг байхгүй болгосон. Өөрөөр хэлбэл Төвбанкны Ерөнхийлөгч хамтын шийдвэр гаргадаг болж байгаа. ТөвБанк дээр гурван зөвлөлтэй болж байгаа. Тэгэхээр Төв банкны Ерөнхийлөгчийн эрх мэдлийг буулгасан гэж ойлгож болно. Өмнө нь гарч байсан бүх зүйлийг хаах үүднээс энэ өөрчлөлтүүдийг оруулж өгсөн гэсэн үг