2018.01.04

Б.Бат-Эрдэнэ: Монгол банк валютын ханшийг зориудаар унагаагаад байна уу?

Өнөөдөр /2018.01.04/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Төв банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Монгол банк хоёр их наяд гаруй төгрөгийн алдагдал хүлээгээд байгаа. Үүний задаргаанд тодорхой хариулт авъя. Мөн Монголбанк валютын ханш дээр ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ? гэсэн асуултыг Монгол банкны төлөөллөөс асуусан юм.

Монголбанк хараат бусаар үйл ажиллагаа явуулах ёстой. Мөнгөний бодлогоор дамжуулаад төгрөг болон инфляцийн тогтвортой байдлыг хадгалах ёстой. Үндсэн ийм чиг, үүрэгтэй гэж ойлгодог.  Харин Монгол банк, Засгийн газар, аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаа, арилжааны банкнуудтай хэт ойр ажилласнаас болоод, валютын Монгол төгрөгтэй харьцах ханш бүтэн нэг дахин унасан. Иргэдийн цалин, тэтгэврийн ханш унасан.

Монгол банк хоёр их наяд гаруй төгрөгийн алдагдал хүлээсэн гэж байгаа. Үүний задаргааг хэлж өгөөч. Бие, биендээ найр тавьж өгсөн, байр сууц, цалин хангамжаас эхлээд өчнөөн тэрбумаар нь мөнгө урссан ийм тооцоо байсан. Гэхдээ хоёр их наяд төгрөгийг ингэж үрээгүй байх аа.

Бид төр ард түмний нэр барьж авсан бондоо цааш нь аж ах ахуй нэгжүүдэд доллараар нь өгсөн үү? эсвэл Монгол төгрөг үү? Гадагшаа  зээлийг төлөхдөө доллораар төлж  байгаа, үүний зөрүүг Засгийн газар, ард түмэн нуруун дээрээ үүрч байна уу? үүнийг тодруулж өгөөч.

Валютын ханшийг тогтвортой байлгах нь Монгол банкны үүрэг байх ёстой. Үүнийг зориуд санаатайгаар унагаж байна. Энэ нь Засгийн газарт ашигтай, ард түмэнд  асар их дарамттай байдаг. Энэ аргаар асуудалд хандаад байгаа юм биш үү. Тодорхой хариулж өгөөч ээ.

Б.Бат-Эрдэнэ гишүүний асуултад Монгол банкны Дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хариуллаа.

Монгол банк 3,1 их наяд  төгрөгний алдагдалтай байгаа. Энэ алдагдал 2012 оноос хойш хуримтлагдаж явсаар өнөөдрийг хүрсэн. Алдагдал гарахад  ханшны эрсдэлийн алдагдал 30 хувийг эзлэж байна. Гаднаас орж ирж байгаа эх үүсвэрүүдийн хүүнд их алдагдал гардаг.

Хятадын ардын банктай хийсэн хэлэлцэлийн хүүнд 20 гаруй хувийн алдагдал гарч ирж байна. Мөн Монгол банк мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд Төв банкны үнэт цаас гаргадаг. Энэ үнэт цаасны хүүний зардал 30 орим хувьтай байна. Үлдсэн нь бусад гэдэгт бодит болон бодит бус зардал ордог.

Чингис бондоор орж ирсэн санхүүжилт Хөгжлийн банкаар дамжсан. Аж, ахуй нэгжүүдэд төгрөгөөр болон доллароор олгогдсон. Хөгжлийн банкнаас нарийн тооцоог гаргаад танд хүргүүлье.