Ж.Ганбаатар: Долларын ханшийг 1800-1900 төгрөг болгож өгөөрэй
УИХ-ын чуулганаар Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцэж байна. Хуулийн төслийг өнгөрсөн 11 сарын 17 өдөр Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин нарын 10 гишүүн өргөн мэдүүлсэн юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүд Ж.Ганбаатар хуулийн төслийг хэр сайн чамбай төсөл болсон гэж үзэж байгааг Төвбанкын Ерөнхийлөгчийн байр суурийг асуусан юм.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар
Ажлын хэсэг сайн ажилласан гэж бодож байгаа. Энэ Банкны салбарын хуулиудын хоорондын уялдаа сайн хангагдсан гэж үзэж байна уу гэж Монголбанкны Ерөнхийлөгчөөс асуумаар байна уу? Ажлын хэсэг, байнгын хорооны дээр та бүхний бодож байснаас тэс өөр болсон гэж зүйл байгаа юу?
Түүх сөхөөд банкууд дампуурсан асуудлыг харахаар дандаа л төрийн мөнгөөр буюу татвар төлөгчдийн мөнгөөр асуудлыг шийдсэн байдаг.
Төвбанкны гол үүрэг бол арилжааны банкууд дээр "улаан гэрэл" асахаас өмнө "шар гэрэл" асангуут асуудлыг шийдэж байх ёстой. Энэ бол хамгийн чухал үүрэг. Үүнийг хуульд хэрхэн шийдсэн?
Төвбанк энэ хугацаанд сайн ажилласан гэдэгтэй санал нэг байна. Долларын ханшийг тогтоож чадсан. Ингэснээр бизнес эрхлэгчид ажлаа төлөвлөх боломж гарч байна, ирээдүйдээ итгэлтэй байна Үүнийг цаашид баталгаажуулаарай. Гэхдээ энэ үнийг бууруулж, яг зах зээлийн ханшид нь оруулж өгөөрэй. Энэ бол 1800-1900 төгрөг байгаа.
МонголБанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан хариуллаа: УИХ хуулийн төслийг сайтар хэлэлцэж байна гэж үзэж байгаа
Өргөн баригдаж байгаа энэ хуулиуд анх удаа Монголбанк дээр боловсруулагдсан. Үүнийг би удаа дараа хэлж байгаа. Гэхдээ энэ хуулийн төсөл өргөн баригдахын тулд Засгийн газар, УИХ-ын гишүүдийн шалгууруудыг давж орж ирсэн. УИХ-д орж ирээд нилээд сайн хэлэлцэгдэж байна. Төвбанкны тухай хууль, Банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлт дээр аль аль дээр нь бие даасан ажлын хэсэг байгуулагдаж, хэлэлцэгдэж байна. Хуулийн төслүүдийн уялдаа холбоо сайн болсон гэж үзэж байгаа.
Өнгөрсөн жилүүдэд арилжааны банкуудын дампуурлын хохирлыг төр үүрч байсан зүйл бий. Цаашид үүнийг гаргахгүйн нөхцөл энэ Банкны тухай хуулиар сайн тавигдсан гэж үзэж байна. Энэ хуулиар эрсдэл дээр тулгуурласан хяналт шалгалтын тогтолцоог бий болгож байгаа. Энэ нь таны хэлсэнчлэн “шар гэрэл” асахад л ажиллаж эхлэх ёстой.