Ж.Энхбаяр: Өнгөрсөн дөрвөн жилд УИХ хяналтаасаа Монголбанкыг бүрэн алдсан
УИХ-ын чуулганаар Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцэж байна. Хуулийн төслийг өнгөрсөн 11 сарын 17 өдөр Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин нарын 10 гишүүн өргөн мэдүүлсэн юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын байр суурийг хүргэж байна.
Төвбанкны тухай энэ хууль өнгөрсөн хугацаанд Монголбанк, банкы салбарт үүссэн гажуудлыг засах гэж оруулж ирж байгаа гэж ойлгож байгаа.
2012-2016 ОНД Н.ЗОЛЖАРГАЛ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ҮЕД МОНГОЛ УЛС ҮНДСЭНДЭЭ ВАЛЮТЫН НӨӨЦӨӨ ШАВХАЖ ДУУССАН.
Монгол төрийн худалдан авах чадвар хоёр дахин унасан. Бодлогын бус олон арга хэмжээ авсан. Арилжааны банкуудаас гадна ААН-үүдэд "Дэмжих зээл"-үүдийг ихээр гаргасан. Би дутуу санаагүй бол 800 гаруй тэрбум төгрөгийг ААН-д УИХ, Засгийн газрын ямар нэгэн шийдвэргүйгээр Монголбанкны ерөнхийлөгч шийдвэр гаргаж өгсөн. Тодруулбал, Бодь, Шунхлай, Эм Си Эс гэсэн компаниудад 800 гаруй тэрбум төгрөг өгсөн.
Монгол банк бол УИХ-ын дэргэдэх байгууллага шүү дээ. Өнгөрсөн 4 жил УИХ Монголбанктайгаа харьцаж чадахгүй, харсаар байтал бодлогын бус арга хэмжээ явуулсан.
Үнэ тогтворжуулах нэрийн доор олон зээлүүдийг олгосон. Үр дүнд нь валютын нөөц дууссан. Монгол төрийн худалдан авах чадвар унасан буюу Монголбанк өөрийн үндсэн үүргээсээ хазайсан. Тэгэхээр энэ бүгдийг засахын тулд энэ хуулийн өөрчлөлт орж ирж байгаа .
Энэ хуульд орж ирж байгаа Мөнгөний бодлогын зөвлөл энэ өнгөрсөн хугацаанд гарсан зүйлсийг хязгаарлаж чадах уу?Төлбөрийн чадвартай банкинд зээл олгохыг бодлогын зөвлөл шийднэ гэж байгаа. Харин ААН-д олгож байгаа зээлийг хэн олгох вэ?Ер нь цаашид МонголБанк ААН-д зээл олгох уу? өмнө нь ААН-д олгосон зээл эргэн төлөгдсөн үү? УИХ, Засгийн газар мэдээгүй байхад Монголбанкны Ерөнхийлөг гарын үсэг зурж ААН-д мөнгө олгосон.
Энэ хугацаанд маш олон ААН дампуурсан харин Монголбанкны хайр хишгийг цөөхөн ААН-үүд авсан байдаг. Үүнийг манай ЭЗБХороо шалгах ёстой. Энэ Монголбанкны удирдлагыг хяналтандаа УИХ байлгах нь энэ хуулийн зорилго.
Өнгөрсөн дөрвөн жилд УИХ гараасаа Монголбанкыг бүрэн алдсан. Монголбанк Засгийн газрын түрийвчний үүрэг гүйцэтгэж, улс төрийн зорилгоор их хэмжээний мөнгөний нийлүүлтийг хийсэн. үр дагаварт нь ханш унасан, валютын нөөцөө монгол улс шавхсан. Аргаа бараад ОУВС-д Монгол улсынхаа эдийн засгийн жолоодлогыг өгсөн. өнөөдрийн эдийн засгийн хүндрэл үүнтэй холбоотойгоор бий болсон.