Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи хэлэлцүүлгийг Архангай, Булган, Хөвсгөл аймагт зохион байгууллаа
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг 21 аймаг, бүсчилсэн сумд, нийслэлийн 9 дүүргийн иргэдэд танилцуулж, хэлэлцүүлэх ажил үргэлжилж байна. Энэ хүрээнд УИХ-ын Тамгын газраас томилсон төсөл хэлэлцүүлэгч ээлжит баг (2017.08.14-25) төслийн талаархи хэлэлцүүлгийг Архангай, Булган, Хөвсгөл аймгийн 9 суманд зохион байгууллаа.
Архангай аймгийн Эрдэнэбулган суманд болсон төслийн талаархи бүсчилсэн хэлэлцүүлэгт Ихтамир, Цэнхэр, Булган, Төвшрүүлэх, Чулуут, Эрдэнэбулган сумдын төлөөлөл оролцсон юм. Эрдэнэбулган суманд болсон хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг оролцсон. “2016-2020 оны Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр”-т эрх мэдлийн харилцан хяналттай, тогтвортой, хариуцлагатай төрийг бий болгохын төлөө Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн өнөөгийн хэрэгцээ, шаардлагыг харгалзан ард түмнээсээ асууж шийдвэрлэх заалт тусгагдсан бөгөөд үүнийг хэрэгжүүлэн ажиллаж буйг тэрбээр тэмдэглэн хэллээ. Төслийг дөрвөн үе шат дамжин боловсруулсан талаар УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг товч танилцуулсан.
Архангай аймгийн Өндөр-Улаан суманд болсон Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи бүсчилсэн хэлэлцүүлэгт Хангай, Тариат, Эрдэнэмандал, Цэцэрлэг, Цахир, Жаргалант, Өндөр-Улаан сумдын төлөөлөл 181 иргэн оролцсон юм. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Засгийн газар, Шүүх эрх мэдлийн талаар орж буй нэмэлт, өөрчлөлтийн талаар Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөх Б.Баасандорж иргэдэд дэлгэрэнгүй танилцууллаа.
Архангай аймгийн Өлзийт, Хайрхан, Өгийнуур, Хашаат, Хотонт, Батцэнгэл сумдын иргэдийн төлөөлөл оролцсон Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи бүсчилсэн хэлэлцүүлэг Батцэнгэл суманд болов. Төслийн хамрах хүрээ, ерөнхий бүтцийн талаар УИХ-ын Тамгын газрын мэргэжилтнүүд мэдээлэл өгч, төслийн заалт тус бүрээр тайлбар, нэмэлт, өөрчлөлт оруулах болсон үндэслэл, шаардлага, онол судалгаа болон уг нэмэлт, өөрчлөлтийн ач холбогдлыг дэлгэрэнгүй танилцуулаа.
Булган аймгийн Булган суманд зохион байгуулсан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи хэлэлцүүлэгт Булган, Орхон, Бугат, Сэлэнгэ, Хангал, Бүрэгхангай сум, Хялгант тосгоны төлөөлөл 268 иргэн оролцов. Тэдгээрийн дунд 1992 оны Үндсэн хуулийг батлалцсан АИХ-ын депутат асан П.Дамба, С.Лхагвасүрэн, С.Ёндонжамц нар оролцсон юм. Булган суманд болсон хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ оролцон “Төслийн хэлэлцүүлэгт оролцож буй нь Та бидний хувьд нэг талаасаа завшаантай ч нөгөөтэйгүүр өндөр хариуцлага юм. Монгол хүн бүр үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, өмчтэй байх, түүнийгээ захиран зарцуулах эрхийг Үндсэн хуульдаа бататган тусгасан байдаг. Гэхдээ нийгэм, цаг үеийн өөрчлөлтөөс үүдэн зарим зүйл заалтад өөрчлөлт оруулах шаардлага тулгарсан. Та бидэнд үгээ хэлж, төсөлд саналаа тусгуулах бодит бололцоо бүрдээд байгаа тул эрхээ эдлэн хэлэлцүүлэгт оролцоорой. Та бүгдийн төлөөлөл болж хууль тогтоох дээд байгууллагад ажиллаж байгаагийн хувиар би булганчуудын гаргасан санал бүрийг холбогдох шатанд хүргэхээр ажиллах болно” гэсэн.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи олон нийтийн ээлжит хэлэлцүүлэг Булган аймгийн Хутаг-Өндөр суманд болж, Сайхан, Тэшиг, Баян-Агт, Хутаг-Өндөр сумдын иргэд оролцсон юм. Хутаг-Өндөр сумын хэлэлцүүлэгт оролцсон иргэд парламентыг хоёр танхимтай болгох, сумын Засаг даргыг сонгодог болох, багийн Засаг дарга нарыг төрийн захиргааны албан хаагч болгох, Ерөнхий сайдын эрх мэдлийг өргөжүүлэх, боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагыг Үндсэн хуульд нэмж тусгах, Үндсэн хуулийн байгууллагын тоог нэмэх эсэхээ нягтлах, сонгуулийн хугацааг сунгаж 6 жил болгох, УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлж 81 болгох, хүний хувь заяаг шийддэг ажлын онцлогийг үндэслэн Улсын дээд шүүхийн шүүгчээр томилогдох нас 45, бусад шатны шүүхээр томилогдох насны доод хязгаарыг 37 болгох зэрэг саналыг гаргаж байв.
Бүсчилсэн хэлэлцүүлэгт оролцсон олон иргэн төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгааг хуулиар тогтоохыг дэмжиж байгаагаа илэрхийлж байсан. Хутаг-Өндөр суманд болсон хэлэлцүүлэгт 116 иргэн оролцож, саналын хуудсаар дамжуулан 108 иргэн төсөлтэй холбоотой саналаа ирүүлсэн.
Хөвсгөл аймгийн Тариалан суманд болсон Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи бүсчилсэн хэлэлцүүлэгт Тариалан, Эрдэнэбулган, Цагаан-Үүр, Рашаант, Их-Уул, Тосонцэнгэл сумын иргэдийн төлөөллөл оролцов. Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улс түүхэндээ дөрвөн Үндсэн хууль баталсан. Үндсэн хууль бүрт тухайн цаг үеийн шаардлагаас үүдэн хэсэгчлэн нэмэлт, өөрчлөлт оруулсаар иржээ. Тухайлбал, 1924 оны Үндсэн хуульд нэг удаа, 1940 оны Үндсэн хуульд 16 удаа, 1960 оны Үндсэн хуульд 16 удаа, 1992 оны Үндсэн хуульд нэг удаа тус тус өөрчлөлт оруулж ирсэн байна. Өдгөө хэрэгжиж буй Үндсэн хууль батлагдсан цагаас хойш 25 жилийн хугацаанд томоохон үүрэг гүйцэтгэж ирсэн ч нийгэм, цаг хугацааны шаардлагаар өөрчлөлт оруулах нь зүйтэй хэмээн үзэж төсөл боловсруулан, олон нийтээр хэлэлцүүлж байна” хэмээн хэллээ. Үргэлжлүүлэн тэрбээр Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн товч агуулгыг дурдаад дэлхий ертөнцийн хөгжлийн хурдацтай нийцүүлэн улс орон, сум орон нутгаа хөгжүүлэх зорилгоор иргэн бүр идэвхтэй оролцоно хэмээн найдаж байгаагаа илэрхийлсэн.
Тариалан суманд болсон зүүн бүсийн сумдын бүсчилсэн хэлэлцүүлэгт 1992 оны Үндсэн хуулийг батлалцсан АИХ-ын депутат асан Н.Цэрэнхүү оролцсон бөгөөд иргэд, хуралдаан зохион байгуулагчид хүндэтгэл үзүүлсэн юм.
“Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн гол агуулга нь УИХ, шүүх эрх мэдэл, Ерөнхийлөгч, Засгийн газрын эрх, үүргийг шинээр тодорхойлох, төрийн албаны шатлан дэвших мерит зарчимд тулгуурлан мэргэшсэн, чадварлаг байх боломжийг бий болгох, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг шинээр томьёолон баг, тосгон, хорооны Засаг даргыг дээд шатны Засаг дарга нь томилдог болох зэрэг үндсэн зургаан сэдэв, мөн төсөлд тусгагдсанаас бусад Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаархи саналаа хууль тогтоогчдод хүргүүлэх боломж олгож буйгаараа энэхүү олон нийтийн хэлэлцүүлэг онцлогтой” хэмээн Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд болсон хэлэлцүүлгийг нээсэн Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд онцолсон.
Мөн тэрбээр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Л.Энх-Амгалан, Л.Мөнхбаатар нар иргэн бүрийг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэгт идэвхтэй оролцохыг уриалан хөвсгөлчүүддээ мэндчилгээ дэвшүүлснийг энэ үеэр уламжлав.
Хөвсгөл аймгийн Мөрөн суманд болсон Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи хэлэлцүүлэгт Арбулаг, Баянзүрх, Түнэл, Алаг-Эрдэнэ, Шинэ-Идэр, Төмөрбулаг, Жаргалант, Галт, Ренчинлхүмбэ, Цагааннуур, Улаан-Уул, Ханх, Чандмань-Өндөр сумд болон Хатгал тосгоны иргэдийн төлөөлөл оролцов. Мөрөн суманд болсон Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи олон нийтийн хэлэлцүүлэгт 1992 оны Үндсэн хуулийг батлалцсан АИХ-ын депутат асан Л.Дамдинсүрэн, Ц.Жамсран нар оролцсон бөгөөд хэлэлцүүлэгт оролцож буй нийт иргэд, аймгийн удирдлагууд болон УИХ-ын Тамгын газрын баг хамт олон талархал илэрхийлэн, хүндэтгэл үзүүлсэн.
Иргэд Үндсэн хуулийг бүхэлд нь өөрчлөөгүй, харин зарим зүйл заалтад нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хэлэлцүүлэг өрнөж байгааг дараа дараагийн шатны олон нийтийн хэлэлцүүлгийнхээ үеэр олон нийтэд онцгойлон хэлэх ёстой гэдгийг олонтаа хэлж байсан. АИХ-ын депутат асан Ц.Жамсран аливаа хууль бүхэн Монголын язгуур эрх ашгийг хамгаалсан, монгол агуулгатай байх нь нэн чухал гэдгийг дурдаад УИХ-ын хурлын шийдвэр гаргах ирц 3/4 байх, УИХ-ын гишүүн хуралдаандаа тогтмол сууж төлөөллийн эрх, үүргээ хэрэгжүүлэх эрх зүйн хөшүүргийг Үндсэн хууль болон бусад хуульдаа тусгах шаардлагатайг хэлж байлаа. Мөн 1992 онд Үндсэн хуулийг батлахдаа шүүх бие даасан байх зарчмыг баримталж байсан үүнийг өөрчилсөн, харин өдгөө анхны үзэл баримтлалд нь нийцүүлэхээр хэлэлцэж буйг дэмжиж байна гэдгээ хэлэв. Тэрбээр үндэсний хөгжлийн асуудал эрхэлсэн, төрийн бодлогыг нэгтгэн зангидаж, хэрэгжилтэд хяналт тавьдаг, хариуцлага тооцох эрх бүхий онцгой бүрэн эрхтэй төрийн захиргааны төв байгууллага байх, үүнийг Үндсэн хуульдаа үндсэн чиг үүргийн яам нэрээр тусгах саналыг хэлэв.
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид “тосгон” хэмээх нэр томьёог оруулах нь оновчтой эсэхийг нягтлах, нийт иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд анхаарах, Мөрөн сумыг хотын статустай болгох, өрийн тааз, улсын төсвийн алдагдлын хэмжээг Үндсэн хуульд тодорхой тусгах, Засгийн газрыг тогтвортой ажиллуулах зохицуулалтыг тусгах, төрийн сүлдтэй холбоотой зүйл, заалтыг өөрчлөх, төрийн албыг тогтовортой, мэргэшсэн, улс төрөөс ангид болгох зорилгоор Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан нь эргээд хүнд суртал дагуулах эрсдэлтэй эсэхийг нягтлах, УИХ-ын гишүүдийн хариуцлагатай холбоотой зохицуулалтыг хөндөх зэрэг олон саналыг иргэд хэлж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэгт хөвсгөлчүүд идэвхтэй оролцлоо.
Хөвсгөл аймгийн Мөрөн суманд болсон Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи олон нийтийн бүсчилсэн хэлэлцүүлэгт 15 сум, Хатгал тосгоны 272 иргэн оролцож, 246 иргэн саналын хуудсаар дамжуулан төслийн талаархи болон Үндсэн хуультай холбоотой бусад саналаа ирүүлэв.