2025.03.31

М.Нарантуяа-Нара: Дундаж давхаргыг дэмжихдээ бизнес эрхлэгч нарт татварын хөнгөлөлт эдлэх нөхцөлөөр хангаж чадсан уу?

УИХ-ын чуулганы /2025.03.31/-ний өдрийн хуралдаанаар Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайланг үргэлжлүүлэн хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт, асууж үг хэлэв.

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара:

Энэ дундаж давхаргыг ямар бодлогоор, хэрхэн яаж, ямар төсөл хөтөлбөрөөр, нийт хэдэн төгрөгийн зардлаар ямар түвшинд хүртэл нь дэмжсэн юм бэ? Дундаж давхаргыг дэмжихдээ бизнес эрхлэгч, хөдөлмөр эрхлэгч, жижиг дунд бизнес болон үйлдвэрлэл эрхлэгч энэ хүмүүсийг татварын хөнгөлөлт эдлэх ямар нэгэн таатай орчинтой ажиллах нөхцөлөөр хангаж чадсан уу? Үүн дээр хэрэгжилт нь 9%, хэрэгжээгүй 18% гэчихсэн байна. Үүнийг хэрхэн үнэлээд ингэж гаргасан бэ? Миний бодлоор дундаж давхаргыг дэмжих бодлого бол яг үнэндээ огт явагдаагүй юм шиг санагдаж байна. Тухайлбал, Жижиг дунд бизнес эрхлэгчид ажил хөдөлмөр эрхлэх боломж алга. 1, 2 хүнийг цалин орлоготой залгуулдаг ажил олгогч байх боломж алга байна. Энэ татварын дарамтад сөхөрсөн иргэд захаасаа улс орноо орхиод гадаад улсад хар ажил ч болох нь ээ хийгээд явъя гэдэг ийм нөхцөл байдалтай байгаа. Ийм нөхцөл байдалтай байхад МАН-ын зарим нэгэн гишүүд халамжийн бодлого яриад явж байгаа нь хэр үндэслэлтэй вэ? Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны сайдаас би анхдугаар чуулганаас авхуулаад цалинтай ээжийн хөтөлбөрийг дор хаяж цалингийн доод түвшинд хүртэл нэмэгдүүлэх боломжийн тухай удаа дараалан асуухад боломжгүй гэсэн хариултыг авсан. Тэгтэл танай намын гишүүн 500 мянга болгох боломжтой гээд яриад явж байна500 мянган төгрөг болгох боломжтой бол сайн л биз. Тэгэхдээ нэгхэн жилийн дотор 10 дахин нэмэгдүүлсэн зүйлээс болж бага орлоготой иргэд болон бусад цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж нь 10 дахин нэмэгдээгүй  хүмүүсийн амьдрал, орлого, эдийн засагт ямар нэгэн таагүй үр дагавар үүсэх ийм эрсдэл байгаа юу? Үүнийг манай Сангийн сайд хариулаад өгөөрэй. Нэг хэсгийнх нь орлого, тэтгэмж, халамж 10 дахин нэмэгдлээ гэхэд нөгөө талд тэтгэвэр нь нэмэгдээгүй ахмадууд, цалин хөлс нь нэмэгдээгүй багш, эмч бусад бага орлоготой өрх, бусад хөдөлмөр эрхлэгчид чинь10 дахин нэмэгдсэн үнийн өсөлтөөс болж үнийн инфляц, эдийн засгийн таагүй байдалд өртөх магадлал байгаа юу? Халамжаас хөдөлмөрлөв гэдэг бодлого яригдаад байгаа. Энэ бодлого яг хэзээнээс эхлэх юм бэ? Өмнөх парламентууд шиг сонгуулиас сонгуулийн хооронд гоё мөнгөн дүн яриад. Энэ бол боломжтой гээд иргэдийг хий дэмий төөрөгдүүлээд байгаа нь зөв үү? Хамгийн гол нь дундаж давхаргыг дэмжих ямар бодлого байгаад. Энэ хүмүүсийг ямар таатай нөхцөлөөр дэмжсэн юм бэ? Энд хэчнээн төгрөг зарцуулаад ямар үр дүнд хүрсэн бэ?

Түүний асуултад, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан, Сангийн сайд Б.Жавхлан нар хариуллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан